Эдийн засгийн хүндрэл юунаас болов
НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн эдийн засгийн байдлыг таамаглахдаа: 2015 онд дэлхийн эдийн засаг 3.2 хувиар өсөх төлөвтэй гэжээ. Харин Information Handling Services(IHS)-ийн тэргүүн эдийн засагч Нариман Бехравеш 2015 онд дэлхийн эдийн засаг өнгөрсөн жилийн 2.7 хувиас 3 хувь болж өснө гэв. АНУ-ын эдийн засаг ирэх онд дотоодын эрэлт, тэр дундаа өдөр тутмын хэрэглээний бараа үйлчилгээнд тулгуурлах болно.Америкийн ДНБ-ний 70 хувийг бүрдүүлэгч өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний өсөлтийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжиж, түлшний үнэ буурах эерэг хандлага ажиглагдаж байна.IHS-ийн таамаглалаар тус улсын эдийн засаг ирэх онд 2.5-3 хувь өснө.
Хятадын эдийн засаг 2015 онд 7.1 хувийн өсөлттэй байна гэж НVБ-ын шинжээчид үзлээ. Монголын эдийн засаг хүндрэлд орсон гэдэг нь бүгдийн мэдэж байгаа зүйл. Хүндрэлийн шалтгаануудыг мэргэжилтнүүд гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан, экспортын гол бараануудын үнэ унасан, эрэлт багассантай холбож байгаа билээ.
Суурь шалтгаан нь бол түүхий эдийн экспортод тулгуурласан эдийн засгийн өрөөсгөл загварыг шүтэж ирсэн, түүхий эдийн үнийн өсөлттэй үед мөнхөд тийм байх юм шиг аашилж, хуримтлал үүсгэлгүй,халамж, тэтгэлэгт хамаг мөнгөө цацсан явдал юм. Дээрх шалтгаануудыг 2013 оноос оношилж, тогтоосны ачаар өөрчлөх чиглэлд тодорхой ажлууд хийж, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох үйлдвэрлэлийн төслүүдэд Хөгжлийн банкаар дамжуулан зээл олгосон, одоо элдэв хэрэгтэй, хэрэггүй халамж, тэтгэлгийг хумих тал дээр анхаарч байна.
Монгол банкны шахаасаар төсвийг эрүүлжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газар ажиллаж төсөвт тодотгол хийлээ.Энэ мэт эерэг өөрчлөлтүүд эхэлж байгаа нь эрсдлийг бууруулахад нэмэр болох нь дамжиггүй. 2015 онд монголын эдийн засаг ямар байх төлөвийг бид гадаад орчинтой нягт холбож төсөөлөх учиртай. Манай орлогын эх үүсвэр болох нүүрс, зэс, төмрийн үнэ сайнгүй байх төлөвтэй.
Тонн төмрийн хүдэр 65 ам.доллараас илүүгүй үнэтэй болно гэж City Group таамагласан. Тэдний таамаглалаар 2015 онд төмрийн хүдрийн үнэ 80 ам.доллараас 65 ам.доллар хүртэл буурч, 2016 оноос жоохон өсөж 78 ам.доллар болох гэнэ. Энэ байдлаар бол 2016 оноос зэсийн ханш доош явна гэсэн таамаглалыг шинжээчид ахин гаргаж эхэлж байна. Зарим судлаачид Япон зэрэг улсуудаас хүү багатай, хугацаа урттай зээл, санхүүжилт татах боломжуудыг сайтар ашиглах замаар Хөгжлийн банк болон арилжааны хөрөнгө төвлөрүүлэх, үүгээрээ богино хугацаанд ашгаа өгөх төслүүдийг шалгаруулж санхүүжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Мөн Цалин нэмэх, тэтгэвэр тэтгэмж тараах шаардлага, уриалга бүхий элдэв популист улс төрийг багасгах, энэ талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх, дэмжлэгийг авах ажлуудыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж байгаа юм. Энэ хэдхэн зүйлийг хийж, хэрэгжүүлж чадвал хүндрэлийг зогсоож чадна гэж үзэх хүмүүс олон байна.
Г.Мягмарсүх
new.mn
URL: