Томчуудын толгойгоор ”туг тахих”-аа мартчихсан уу
Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Туул голоо нэг эргэв. Тэгсэн чинь сал урсгаж байсан Туул гол саваа шидэхэд босоод ирж байгаа нь үнэн байна гэнэ.
Арьс ширний үйлдвэрүүдийн химийн хортой ус Туулыг өмхий самхай ханхалсан ногоон шалбааг болгож байгаа нь бас хэтрүүлэг байсангүй. Тэгээд мөнөөх хууль тогтоогчид маань сая л нэг түргэн авав. Уг нь энэ тухай урьд нь хэвлэл мэдээллийнхэн хэлэхээрээ нэг болж, бичихээрээ нэг бичсэн билээ.
Тэдний хэлсэн үнэн, бидний хэлсэн худлаа байдаг юм уу, хаашаа юм. Монгол хүний мянга сонсохоор нэг удаа үз гэдгийн жишгээр эрхэм гишүүд хоёр нүдээрээ харж баймаажин сая итгэсэн нь энэ. Юутай ч хэвлэлийнхэн худлаа хэлээгүй байж.
Асуудал эрх баригчдын дунд тун сүртэй, итгэл үнэмшилтэйгээр тавигдаж, ямартай ч төрийн ордонд харанга дэлдсэнд нь олон нийт талархалтай хандсан. Бүр томчуудын толгойгоор “туг тахиж” баймаажин Туулыг аварч үлдэх боломжтой хэмээн гишүүн Н.Ганбаямба цухалдсан нь учир шалтгаантай байв. Их Хурлынхан Туул голоор аялж, амьдралтай танилцаж ард түмнийхээ дунд орсон чинь ямар дүр зураг харагдсан гээч.
Гачууртаас нааш Сонгинын тохой хүртэл Туул гол машинаар дүүрчихсэн байсан гэнэ. Андуухан харвал аварга загасны нуруу сэрвээ цухуйж байгаа юм шиг л харагдсан юм байх. Тэгсэн Улаанбаатарчууд үнэгүй юм, ус нь элбэг гээд Туул голоо машин угаах газар болгочихоод байсан нь тэр аж.
Зарим газар байшин барилга барина гээд бургасыг нь шатаагаад хаячихсан, монгол хүнд олддоггүй газрыг гадныхан хэдэн арван га-гаар нь аваад хашаа хатгачихсан, гольфийн талбай байгуулахаар голын эргийн мод чулууг нь огтлоод хаячихсан, Их хурлын гишүүдийг хүртэл хаалга хатавчаараа шагайлгахгүй хөөж туув.
Бас хаа сайгүй Туулын сайр хайргыг машин машинаар ачиж байна гэнэ. Тоолоод үзсэн голын сайрыг ашигладаг 312 аж ахуйн нэгж байгааг тэд тогтоожээ. Гэтэл тэдгээрээс 147 нь огт зөвшөөрөлгүй байжээ. Энэ бол зөвхөн хотын ойр орчимд үйл ажиллагаа явуулж байгаа нь.
Арай хэтэрч байгаа биз. Голын хайрга чулуу бол усаа тогтоон баригч бас цэвэршүүлэгч байгалийн чухал хүчин зүйлийн нэг юм байна. Өәр нэг анзаарагдсан аюултай юм гэвэл арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүд химийн хортой угаадсаар Туул голыг сэлбэж байжээ.
Одоо нийслэлд арьс ширний 34, өлөн боловсруулах 21, ноос ноолуур угаах 24 үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Эдгээр үйлдвэр байгаль экологид маш хортой 30 гаруй төрлийн химийн бодис бүхий бохир усыг Туулд юүлж байна.
Улаанбаатарчууд агаарын болон хөрсний бохирдолд нэрвэгдээд удаж буй. Одоо үүн дээр ус нэмэгдэж байгаа юм байна. Учир нь Туул гол бол нийслэлчүүдийн цэвэр усны ганц гол эх үүсвэр. Гэтэл голын усны бохирдол стандартад зөвшөөрсөн хэмжээнээс 6,4-59,7 дахин их байгаа ажээ. Ийн амьдрахуйн гурван чандмань эрдэнэ болсон агаар, ус, хөрсний бохирдолд орчихоод байна.
Н.Ганбаямба гишүүн Туул голыг бохирдуулж, хууль бус үйл ажиллагаа явуулж буй газруудыг далдуур дэмждэг улс төрчдөд хандан “Тэднийг хаацайлаад байгаа томчуудаар “туг тахиж” байж л Туул голыг аврахаас өөр замгүй” гэж хэлсэн нь асуудлын шалтгааны уг үндсийг л таслах гэсэн хэрэг.
Туул голын сав газарт хайрга олборлож байгаа аж ахуйн нэгж иргэдтэй Г.Мөнхбаяр ганцаараа тэмцээд дийлэхгүй. Тэдний ард улс төрчид, томоохон албан тушаалтнууд байдаг нь тодорхой. Тиймээс ч асуудал Их Хурал дээр яригдахдаа тултал ноцтой байдалд хүрсэн байж таарна.
Харин сүр дуулиантай эхэлсэн Туулын асуудал мартагдаж хаврын чуулган хаалтаа хийсэн нь харамсал төрүүлээд байгаа юм. Улаанбаатарчуудыг тарвага болгох гээгүй л юм бол энэ асуудлыг хойш тавилгүй хэлэлцэх учиртай байсан юм, эрхэм гишүүд.
Эсвэл томчуудын толгойгоор “туг тахих” сургаар мартагнуулах гэж байна уу. Авсан өгсөн нь чангаагаад асуудлаас дөлж давхиад байна гэсэн иргэдийн хар сэрийг энд хавчуулахаас өөр аргагүй. Одоо арван cap хүртэл хүлээнэ.
Намрын чуулган эхэллээ ч Сонгуулийн хууль, манай танайгаараа талцсаар намар өвлийг өнгөрөөж мэднэ. Асуудлыг хойшлуулж болох ч амьдралд хойш тавьж болохгүй юм гэж бас бий. Хатан Туулын хувь заяа бол үүний нэг. 2010 оны зургадугаар сард Туул голын бохирдлыг арилгахаар ханцуй шамлан орж байгаа тухай сүр дуулиантай мэдээлэл цацагдаж байсан нь мартагдаагүй байна.
Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар “Байгаль хамгаалал-нийгмийн хариуцлага” аяныг зохиож Туул голыг бохирдуулж байгаа эх үүсвэрүүдийг тогтоож зохих шийдэлд хүрэх, тэр ч байтугай арьс ширний болон хайрганы үйлдвэрүүдийг суурыимал бүсээс гаргах хүртэл арга хэмжээ авна гэж байсан.
Тухайн үедээ сайхан л сонсогдож байв. Даанч цуурай болон замхарчээ. Одоо толгойгоор нь “туг тахих” асуудал бас үүн лүгээ замхарч мэднэ. Ядахнаа толгойгоороо “туг тахиулах” тэр томчууд хэн бэ гэдгийг ил цагаан болгох ёстой. Амаараа ярьсаар явтал Туул голоороо туг тахиж баймаажин сая нэг сэрэх байх. Тэр цагт цусаараа уйлаад ч амь тасарсан гол эргэж сэрэх болов уу даа…..
Хатан Туул. Монголчуудын хувь заяатай зуун зуун дамжин холбогдож ирсэн энэ голоо “хатан” хэмээн ахайлдаг нь ихээхэн учир жанцантай хэмээх юм билээ. Монголын гол мөрний ээж нь Хатан Туул, Онон хатан ижий гэсэн итгэл үнэмшил ч бий. Тиймээс Туул гэдэг нэрийг зөвхөн охин хүүхэддээ өгдөг гэлцдэг.
1990-ээд оны эхээр зах зээл, нийгэм нээлттэй болж байх үеэр танил маань Өвөр Монголоор аялаад ирэхдээ нэгэн захиас дайж ирснийг би мэдэх юм. Хөлөнбуйр аймгийн нэгэн өндәр настан буурай “Би настай хүн очиж чадахгүй байх. Хатан Туулын уснаас нэг амсаад нүд аньмаар байна.
Дахиад ирэхдээ Туулын уснаас авчирч өгөөрэй” хэмээн аминчлан захисныг танил маань биелүүлсэн юм даг. Монгол туургатны сэтгэхүйд Туул гол ийм л эрхэм бишрэл хүндэтгэлтэй оршдогийн нотолгоо энэ болой.
П. Булган
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: