Тавантолгойн төсөл шалгуур давах уу?

Дэлхийд нөөцөөрөө гайхуулж байгаа Тавантолгойн нүүрсний орд ашиглалтад ортлоо удах бололтой. Засгийн газар уг ордоос иргэн бүртээ 536 ширхэг хувьцаа эзэмшүүлэхээр болж, УИХ-аар тогтоол батлуулан “алаагүйн баавгайн арьс хувааж” байх зуур ордын ашиглалт, хөрөнгө оруулалтын ажил өмнөхтэйгээ адил “нам суусан” хэвээрээ л байна.

Өнгөрөгч сарын 27-нд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан Тавантолгойн ордыг ашиглах тендерт шалгарагсдын материал, ажлын хэсгээс боловсруулсан төслийг Засгийн газар ҮАБЗ-д танилцуулахаар хүргүүлээд байгаа. Хаврын чуулган хаахтай зэрэгцэж хүргүүлсэн дээрх төслийг ҮАБЗ-өөр авч хэлэлцэн санал зөвлөмжөө Засгийн газарт өгсний дараа Засгийн газар эцсийн байдлаар дахин боловсруулж УИХ-аар оруулах ёстой. Одоогийн байдлаар тендерт БНХАУ, ОХУ, АНУ-ын консерциумууд шалгараад байгаа гэдгээс илүү тодорхой мэдээллийг Засгийн газар нийтэд дэлгээгүй.

Харин нэг зүйл тодорхой байгаа нь Таван­толгойн ордыг ашиглах компаниудын хувь оролцоог Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувь  байхаар тогтоосон.

Хятадын тал манай нүүрсний хамгийн том худалдан авагчийн хувьд борлуулалтын давуу эрх эдэлж, мөн дэд бүтцэд хөрөнгө оруулах, урьдчилгаа төлбөр өгөх, операторын үйл ажиллагаа явуулах бүх шалгуурыг хангаж байгаа гэдэг утгаараа давуу эрхтэй байгаа бол Оросын компани зөвхөн дэд бүтцэд буюу төмөр замд хөрөнгө оруулах үүрэг хүлээж, урьдчилгаа төлбөр төлөхөөс татгалзсан мэдээ бий. Харин тэдэнтэй хамтарч оролцохоор саналаа ирүүлсэн БНСУ, Японы талыг Засгийн газар одоохондоо анхаарлын гадуур үлдээгээд байгаа.

Гэвч ҮАБЗ дээр хүлээгдэж байгаа Таван­толгойн төсөл ажил болтлоо багагүй хугацаа авах бо­лол­­той. Уг асуудлыг УИХ-ын ээлжит хуралдаанаар шийдвэрлэж магадгүй гэсэн хүлээлт байсан ч Засгийн газар танилцуулгаа ҮАБЗ-д шилжүүлснээс хойш гурав хоногийн дараа Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан төслийн талаар “Зөөлөн хэлбэл бүрдэл дутуу, хатуухан хэлбэл хариуцлагагүй материал  ирүүл­сэн байна. Тиймээс нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч, судалж үзсэний дараа санал, дүгнэлт хэлэх, байр сууриа илэрхийлэх боломжтой” гэсэн билээ. Үүнээс хойш дахиад хагас сар өнгөрөөд байхад ҮАБЗ уг төслийг хэлэлцээгүй л байна. Аюулгүйн зөвлөл гурван гишүүнтэй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд. Энэ гурав гурвуулаа байж Аюулгүйн зөвлөл хуралдах учиртай. Гэвч төсөл хэлэлцэгдэхгүй байгаа шалтгаан Аюулгүйн зөвлөлд биш, төсөл боловсруулж, танилцуулгаа хүргүүлсэн Засгийн газарт байгаа гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Юуны түрүүнд Засгийн газ­раас томилсон ажлын хэсгийн боловсруулсан төсөл, Тавантолгойн ашиглалтын гэрээ ҮАБЗ-өөс өг­сөн зөвлөмж, УИХ-ын 37 дугаар тогтоолыг биелүүлээгүй байна гэх мэдээллийг эх сурвалжууд дэлгэж эхэллээ. Төслийг боловсруулах, хөрөнгө оруулагчидтай гэ­рээ хэлцэл хийхдээ зөвхөн мэргэжлийн хүмүү­сийг оролцуулах, өмнө Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр алдсан алдаагаа дахиж давтахгүй байх гэсэн зөвлөмжийг Аюулгүйн зөвлөлөөс удаа дараа өгсөн аж. Гэвч уг зөвлөмжийг хэрэгсэлгүй, сайд дарга нарын хүрээнд хийсэн гэрээ хэлцэл, боловсруулсан төсөл нь эдийн засгийн ямар ч тооцоо судалгаагүй, хөрөнгө оруулагчидтай хийсэн гэрээ байхгүй, техник эдийн засгийн үндэслэл ч үгүй орж ирсэн аж. Тиймээс энэ асуудлыг энэ хэвээр нь ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх боломж­гүй, хэлэлцлээ гэхэд буцаа­хаас өөр аргагүй болно гэсэн дүгнэлтийг Аюулгүйн зөвлөлийн ажлын алба, шинжээчид хийсэн байна.

Ирэх лхагва гаригт Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар орон нутаг дахь томилолтоо дуусгаж, ажилдаа орно. Ажлын албаныхан ч тэднийг ирэхээс өмнө Засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нэмэлт мэдээлэл, материалыг гаргуулж авахаар ажиллаж байгаа гэнэ. Өмнө нь Тавантолгойн төслийг ҮАБЗ-д анх хүлээн авсны дараа тэд ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нэмэлт мэдээлэл авах гэсэн боловч ЗГХЭГ-ын дарга нь өөрөө тодорхой мэдээлэл өгч чадаагүй тул эл уулзалт амжилт муутай өндөрлөжээ.

Мөн Хятад, Оростой хамтарсан консерциум байгуулаад байсан Япон, Солонгосын тал яагаад шалгаруулалтаас хасагдсан, тэд Хятад, Оростой ямар гэрээтэй байсан талаар ч тодруулах шаардлага байгаа бололтой. Учир нь тендерийн эцсийн шалгаруулалт зарлагдсаны дараа Япон, Солонгосын тал “Монголын Засгийн газар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа” хэмээн гомдоллосон бөгөөд дээрх хоёр улстай уул уурхайн салбарт хамтран ажиллах талаар манай талаас төрийн төвшинд өгсөн амлалт, яриа хэлэлцээрүүд ч цөөнгүй байсан билээ.

Тиймээс хэрэв Тавантолгойн төслийг чуул­ганы завсарлагааны хуга­цаанд урагш ахиулья гэвэл Засгийн газар өмнө боловсруулсан төслөө дахин хянаж үзэхээс өөр аргагүйд хүрч байгаа бололтой. Харин ирэх сарын 1-нээс бараг бүрэн бүрэлдэхүүнээрээ ээлжийн амралтаа төлөвлө­чи­хөөд байгаа Засгийн газар эл асуудалд ач холбогдол өгч анхаарал тавих эсэхийг тааж хэлэх аргагүй юм. Хэрвээ ҮАБЗ-ийн гурван гишүүнийг ирэхээс урьтаж ажлын алба нь мэдээллээ цуглуулж чадвал Тавантолгойн төсөл Аюул­гүйн зөвлөлөөр хэлэлцэгдэж, цааш явах “виз”-ээ авна гэсэн үг.

Б.СЭМҮҮН


URL:

Сэтгэгдэл бичих