ТОМ ХҮСЭЛ
Бид тун саяхан гурван сая дахь Эх орончоо хүлээж авлаа. Хэвлэл мэдээлэл, телевиз радио, цахим хуудас одоог хүртэл “Эх оронч” Х.Монголжинг онцолсоор байна. Эх оронч Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, бизнесменүүд гээд болж өгвөл бүхий л хүн бяцхан Эх орончийн эцэг эхэд “юм” өгч, хариуд нь түүнтэй хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээгээр олон хүнд харуулахыг эрмэлздэг болжээ. Ийм эх орончдын дунд, тийм эх оронч Ерөнхийлөгчөөс нэр хүртсэн хүүхэд бидний замаар замнах нь гарцаагүй.
Үнэндээ эх орончид гэдэг төрийн ордны том өрөөнүүдээр хэлхэлдэж байдаг ч юм биш. Утаат нийслэлийн өрх гэр, жагсаал цуглаан, бослого тэмцэл гээд бүгд л энэ цагийн эх орончдын хийж буй үйлдэл билээ. Хэдий тийм ч биднээс арай илүү эх орондоо санаа тавьж, өдөр шөнөгүй тархиа гашилгаж байдгаар нь УИХ-ын дугуй танхимыг тойруулан тавьсан том модон сандал дээр тайван сууж чаддаггүй 76-г алдаршуулах нь зүйн хэрэг. Үгүй бол би өөрөө Эх орончдынхоо өөдөөс эх оронч бус сэтгэл гаргасан болно. Тиймээс энэ цагийн манлай Эх орончдоо эх оронч сэтгэлээр хайрлах гэсэн хүсэл минь таван Байнгын хороонд өөрийн эрхгүй хамаатуулж орхилоо.
Дуучдын Байнгын хороо
УИХ-ын бүх гишүүн энэ байнгын хороонд харъяалагдах боломжтой. Бүгд энэ чиглэлийг түлхүү барьж ажилладаг хэдий ч гишүүдийн тоо хязгаартай тул 10 гаруйхан гишүүн сонгогдон ажиллаж байна. Гэвч үлдсэн хэд нь энэ Байнгын хорооны ажил, тооцоо судалгаанд нэмэр болохгүй гэсэн үг биш л дээ. Тэдэнд мэргэшсэн төрөл, жанр гэж юу ч байхгүй. Маш товчхондоо юуг ч хамаагүй дуулж чадна. Тариалнчдын бослого, “Ноён уул”, тэтгэврийн нэмэгдэл гэх мэт олон зүйл дээр ард түмнийг “хоор”-нд зогсоохыг хүснэ. Энэ хүчтэй Байнгын хороог Чингэлтэй дүүргээс сонгогдсон эрхэм гишүүн Г.Уянга даргална. Тэрбээр Байнгын хорооны ажлаа тайлагнаж, Валентинаар ая дуугаа өргөсөн. Одоо харин эрэгтэйчүүдийн ээлж гэнэ лээ. Албан бус эх сурвалжийн мэдээгээр Г.Эрдэнэбат гавъяатын дуулсан дууг өөрсийн арга барилдаа нийцүүлэн “Орчлонгийн сайхан сонгогч хүүхнүүд” нэртэй болгон шинэчилжээ. Мэдээж бүстэй гишүүд шинэ уран бүтээлээ “Мартын 8”-нд найрлаар дуулах байх. Үүнээс гадна бүсгүй гишүүд ч нэгнээ дэмжиж энэ Байнгын хороонд биеэ зориулна. “Морин хуур” наадамд оролцож байсан туршлагаа арай өөр хэлбэрт шилжүүлсэн Лүндээ гишүүн зөвлөхөөр ажилладаг. Түүний хувьд бас л юу ч байсан дуулна. Мөн С.Ганбаатар тэргүүтэй “Бие даагчдийн зөвлөл” энэ Байнгын хорооны гол шийдвэрт ихээхэн нөлөө үзүүлнэ. Магадгүй тэд багадаа “Учиртай гурван толгой” дуурьт дурлаж, дагаж дуулдаг байсан байх. Одоо харин тэд арай томоор сэтгэж эх орныхоо төлөө “Оюутолгой”, “Тавантолгой”-н талаар өдөр, шөнөгүй дуулсаар байна. Мэдээж, энэ Байнгын хорооны бүх гишүүн Эх оронч…
Бүжигчдийн Байнгын хороо
Бас л төрөл, нэршил байхгүйгээр бүжиглэж чаддаг эрхмүүдээс бүрдсэн эл Байнгын хорооны дарга нь Л.Эрдэнэчимэг. Түүний хувьд юуг ч бүжгээр илэрхийлж, бас далдалж дөнгөнө. Өөрийн алхаа зам мөр огт байхгүй гэсэн үг. Яг түүнтэй адил явдал суудал, хийсэн үгүй нь мэдэгдэхгүй гишүүн бас УИХ-ын дугуй танхимд олон. Үндсэндээ тэд энэ Байнгын хороог бүрдүүлж буй. Тухайлбал, арвин их туршлагатай бүжигчин Д.Арвин, С.Бямбацогт, Д.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, Д.Ганбат, Ж.Батсуурь нарыг нэрлэж болж байна. Үүнээс гадна тус Байнгын хорооны гишүүдээс “Танхим”-ын С.Дэмбэрэл абугайн ур чадвар, уйгагүй дасгал сургуулалт хийсний хүчинд огцом өссөн болохыг саашаах нь зүйтэй. Байнгын хороон дарга уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан гоцлол бүжиг хийсэн бол энэ удаад С.Дэмбэрэл, Н.Номтойбаяртай хамтарч ажлаа тайлагнана. Өмнө нь улсын баяр наадмыг угтаад Б.Бат-Эрдэнэ гишүүн “Гангнам стайл” гэдэг бүжгийг бас л өөрчилж, “Намайг сонго” нэртэй болгон бүжиглэж үзүүлсэн. Тиймээс энэ удаад хоёр гишүүн “Торгуудын агсал” нэртэй биелэгээн нэрийг “Татварын өршөөл” болгон өөрчилж бүжиглэнэ. Харин хөгжмийн найруулгыг нь орчин үеийн хэлбэрт Д.Эрдэнэбат сайд оруулж өгөх ажээ. Увсын хоёр бас энэ Байнгын хорооны сайн бүжигчин гэдгийг орхиж болохгүй. Хэзээний ч билээ сонгуулиар аймгийнхаа хүнсний захад 20 мянгатын дэвсгэрт ханцуйндаа хийснээ таг мартан биелэж яваад “од” болсоныг одоо хүртэл сонгогчид нь дурсдаг билээ.
Хуваагчдын Байнгын хороо
Энэ бол ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын мэдэлд байдаг Байнгын хороо л доо. Ер нь тэд хэдэн ч хувилбараар юу ч хувааж чадна. Данс, тооцоо, төсөл хөтөлбөр, албан тушаал, хууль гээд хуваахгүй зүйл харамсалтай нь цөөхөн. Гэхдээ л бүгд Эх оронч. Н.Алтанхуяг бол энэ Байнгын хорооны урдаа барьдаг мэдлэгтэй гишүүдийн нэг. Албан тушаал, төрийн мөнгийг гэр бүлдээ хуваах чиглэлээр дагнан ажилладаг. Мөн Х.Баттулга, УИХ-ын дарга З.Энхболд нар олон жил энэ Байнгын хороонд харъяалагдаж буйг хүмүүс мэднэ. Тэд Засгийн газрыг ч хуваана, намаа ч хуваана, франкцаа ч хуваана. Ер нь хувааж чадахгүй зүйл бараг л байхгүй.
Завшигчдын Байнгын хороо
Л.Цог гишүүний даргалдаг байнгын хороонд бас л “Бие даагчид” хүндтэй байр эзэлнэ. Хэвлэлүүдийг шүүрдэж үзвэл тэдэнд МИАТ, “Монголроссцеветмет” нэгдэл зэргээс эхлээд завшсан зүйл цөөнгүй гэдэг. Ер нь маш товчхондоо буруу дуулахгүй бол “Үгүй” гэж хэлдэггүй гишүүд маш их. Тийм ч учраас энэ Байнгын хороо хамгаас хүчирхэг. Н.Энхбаярын хуульч байсан залууг хүртэл хууль зүйн байнгын хороог “завших” хүсэлтэй байсныг нь нөхөд анзаарч элсүүлсэн гэдэг. Бас л бүгд Эх оронч. Яг аль нь үнэн, аль нь худал болох нь ялгагдахаа байсан энэ Эх орончид дунд Д.Батцогт, Ц.Цолмон нар бас багтана.
Цаг нөгцөөгчдийн Байнгын хороо
Байнгын хороод дундаас хамгийн их ирцтэй атлаа ажлаа тайлагнадаггүй Эх орончидтой эл Байнгын хороог Д.Дэмбэрэл гишүүн даргалдаг. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх дараагийн үеэрээ Б.Чойжилсүрэн, О.Содбилэг нарыг сонгоод зааж, зөвлөж байгаа гэнэ лээ. Үүн дээр Энхбаярыг тахин шүтэгч франкцийн олон гишүүн нэгдэнэ. Мөн С.Одонтуяа, Р.Бурмаа гэх мэт бүсгүй гишүүнтэй. Д.Сумъяабазарт Байнгын хорооныхоо харуул хамгаалалтын албыг хариуцуулсан гэж байгаа.
Чуулганы нэгдсэн хуралдаан
Аяа, Эх орон гэдэг үг чи шидэт тарни юмсан уу? гэж өөрийн эрхгүй бодоход хүргэнэ. Бүх Эх оронч гишүүн нийлэхээрээ Эх орон гэдэг хоёрхон үгнээс ямар их эрч хүч, ид шид гардагийг жинхэнэ утгаар нь харуулна. Хууль бус дансанд мөнгөө нуусан этгээд баригдчихаараа “Эх орон… Эх орон” гэж хэдэнтээ давтахаар хариуцлага тооцох эзэнгүй болж үлдэнэ. Тийм л учраас эх оронч байхыг бүгд хичээнэ. Шөнө ч зүүдэлнэ, бас өдөржин бодно. Төрийн мөнгийг төрлийнхөө данс руу “алдаж асгачихаад” мөн л хайртай эх орноо хэдэнтэй дуудахаар хэрэг үүссэн ч хэрэгсэхгүй болчихно. Эх орончдын хулгайг яривал өөрөө эх оронч сэтгэлгүй болж хувирна. Усаа ширгээж, уулаа худалдсан Эх оронч хүртэл өнөөх алдарт үгээ улиглан давтахаар илчлээд өгөх зүрхтэн энэ танхимаас үл гарна. “Эх орон… Эх орон”. Таныг хайрладаг Эх оронч иргэн асар их атлаа, хууль зөрчсөн гадаадын иргэнд “хүндэтгэл” үзүүлдэг атлаа яагаад бүх эх орончид адилхан байдаг юм бэ.
Эх сурвалж: https://www.facebook.com/ganbaa.dashdavaa/posts/737727299673920
URL: