Тавантолгой тойрсон “шуум”-ууд
Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээр өчигдрөөс эхэллээ. Тэд өнгөрсөн сарын 5-нд хэлэлцээрийн ширээнд сууж, Цагаан сараас өмнө тохиолцсон байр сууриа УИХ-д өргөн мэдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан боловч амжаагүй юм. Ийнхүү ханцуй шамлан дайрч буй шалтгаанаа манайхан “Нэг хавар алдвал бүтэн жил алдана” гэсэн утгаар тайлбарлаж буй. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай 26 удаа хуралдаж, 350 гаруй зүйл дээр тогтож, ярилцсан гэнэ. Ажлын хэсгийн дэд ахлагч С.Жавхланбаатарын хэлж буйгаар эдгээрийн 80 гаруй хувь нь манай улсын талд нааштайгаар шийдсэн гэх. Харин Тавантолгой төслийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ сарын эхээр “Би ажлын хэсгийг ахалж байгаагийнхувьд Монгол Улсын Засгийн газар руу шийдвэрээ барьж орно. Мөн УИХ-д хийж байгаа ажлаа бүрэн танилцуулах ёстой. Бидэнтэй хөрөнгө оруулах гээд сууж байгаа Японы болон Хятадын компаниуд ч өөрсдийн газраа зөвшөөрөл авах хэрэг гарна. Энэ бүгдийг хөөцөлдчихөөд болж өгвөл Цагаан сарын өмнө ажлаа эхлүүлэх санаатай байгаа. Хэлэлцээ бол хэвийн, сайн яваа…” гэж байв. Маш товчхондоо ажлын хэсгийн байр суурь энэ. Хэлэлцээрийн үр дүнг “Хангалттай сайн” гэсэн үнэлгээ өгч буй. Мэдээж хариуцан хийж буй ажлаа муугаар үнэлдэг хүн гэж ч хаана байх билээ. Түүнчлэн“Таван толгой” бол аварга том төсөл гэдгийг манайхан ч, гадныхан ч толгой дохион хүлээн зөвшөөрдөг. Тиймээс 2010 оноос эхлэн таван жил тойрч хэрэлдсэн энэ ажлыг эхлүүлэх нь дэлхийн хөрөнгө оруулагчид хийгээд бизнес ертөнцөд эерэг мессеж болох нь тун ойлгомжтой байгаа. Үүнээс гадна энэ шийдвэрийн араас дараа дараагийн төслүүд амжилттай хэрэгжих бололцоо ч бий. Хамгийн наад зах нь цахилгаан станц, нүүрс шингэрүүлэх зэрэг төслөөс гадна цахилгаан эрчим хүч экспортолж болох ирээдүй байгааг ч эдийн засагчид дуу нэгтэйгээр хэлдэг. Гэвч хамгийн гол нь бид шийдэж чадвал… Мэдээж энэ шийдвэр нь орчин үеийн улс төрчдийн сонгодог зүйрлэлээр“Саалийн үнээ”-гээ түрээслүүлж байгаа айлдаа ашигтай байвал шүү дээ. Тиймээс олон нийтийн болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр “урсч” буй эргэлзээ хийгээд хардлагад хэсэгхэн хугацаанд анхаарал хандуулж үзье. Угаас том төсөл олон оролцогчтой, олон үл мэдэх шалтгаантай, нам бүлэглэл болоод хувь хүний хувийн “тоглолт” ихтэй байдаг“уламжлал” дээр нэгдэж чаддаггүй, нэгнээ үгүйсгэдэг базаахгүй монгол зан хаа нэгтээгээс босч ирсээр байна. Уг нь, том төслөө амжилттай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд шийдвэр гаргагчдын төвшинд нэгдмэл ойлголттой байх учиртай. Учиртай ч юу байх вэ, ажил урагшлахад улам л дөт болно. Гэтэл энэ удаад мөн л“Оюутолгой” тойрч олон жил хэрэлдсэн шиг олон нийт, улс төрчид, нам бүлэглэлүүд унаган араншингаа харуулаад байна. Тухайлбал, нэгэн цагт олон нийтийн телевизийн студид ангийн найз С.Баярцогтоо“урьж” явсан эрхэм гишүүн С.Ганбаатар энэ удаад ч Тавантолгойн төслийг үгүйсгэх шалтгаан буйгаа нуугаагүй. Тэрбээр энэ талаар“…ард нийтийн нэрийн өмнөөс томоохон төслийн хувь заяагаар тоглох бус үр дүн, хяналт бүхий бүтцийг хэлэлцээрийн явцад бий болгох хэрэгтэй” гэж хэлсэн байх юм. Тэгвэл эдийн засагч Х.Батсуурь “Оюутолгойд тохиолдсон шиг зардал хэт өндөрсөх байдал давтагдах вий. Ямар гэрээ, яаж хийх юм, Монгол хэрхэн ашигтай ажиллах юм гэдэг нь маш тодорхойгүй байна. Жишээ нь менежмент хийж байгаа компаниуд татвараа төлнө гэсэн. Гэтэл роялтын 40 хувийг төлнө ч гэх шиг зүйл яриад байна. Засгийн газраас тавьсан найман шаардлагад роялтыг бүрнээр нь төлнө гээд заачихсан. Гэтэл М.Энхсайхан 40 хувийг нь төлнө гэж ярьсан. Тэгэхээр энэ шаардлагууд хэр биелэх болоо гэсэн эргэлзээ гарч ирнэ. Гэрээ хийхдээ эдгээр асуудлыг тусгах байх гэж бодож байна” гэсэн болгоомжлолтой буйгаа дуулгасан нь ч бас бий. Тэгээд ч өөрсдийн хэлдэг“Популизм”-аа арав гаруй жил хийсэн хүмүүсийг ганцхан улирлын дотор нэгтгэнэ гэдэг санаанд багтамгүй л дээ. Ийм л учраас Таван толгойн том эргэлзээ бол яахын аргагүй шийдвэр гаргах “тавцан”-д нэгдмэл ойлголтод хүрч чадах уу, үгүй юу гэдэгт хариулт олох явдал юм.
Сонгон шалгаруулалт ба сонин гаргалгаа
Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт дөрвөн жил үргэлжилж, өнгөрсөн оны сүүл сард“манлайлагч”-ийн нэрсийг зарласан. Гэвч одоог хүртэл ялагч/ Монголын Энержи Ресурс, Хятадын Шэнхуа, Японы Сумимото компанийн консерциум/ талын тавьсан саналууд нууц хэвээр байгаа. Зөвхөн энэ байдлыг эхлээд М.Энхсайхан сайдад олон хүн эргэлзэж байна. Учир нь тэрбээр “Тавантолгой төслийн үйл явцыг нээлттэй байлгана” хэмээсэн билээ. Үүнээс гадна “Энержи Ресурс”-ын санхүүгийн байдал хүндэрсэн талаарх таагүй мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудсуудаар амны зугаа болж байна. Тодруулбал, өнгөрсөн оны эхний хагас жилд ирэх оны эхний хагас жилд багтаан төлөх учиртай өрийн хэмжээ 133.8 сая ам.доллар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг зээлдэгчдэд төлөх урт хугацааны өр 264.5 сая ам.доллар, мөн 2012 онд босгосон бондынхоо төлбөрт 594.8 сая ам.долларыг 2017 онд төлөх учиртай болохыг “Үндэстний тойм” сэтгүүл цахим хуудсаас иш татан онцолжээ. Тиймээс өрөө төлөх гэсэн “гэгээн” хүсэлдээ хөтлөгдсөн тухай таамгийг ч бас дэвшүүлжээ. Үүнээс гадна уг төсөл амжилттай хэрэгжихгүй байх вий гэсэн айдас олон бий. Хамгийн энгийн жишээ татахад консорциумыг гурван оролцогчтой гэж зарласан. Гэвч М.Энхсайхан сайдын мэдээлж ММС51 хувь, Шинхуа 49 хувь “эзлэх” ажээ. Үүний цаана нэг оролцогчийн хувь хэмжээ байхгүй гэсэн үг. Тэгэхээр ердөө л хоёр оролцогч байж болох гаргалгааг ч зарим шинжээч хийсэн байх юм.
Мэдээлэл ба мэхлэлтийн сэжүүр
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Тавантолгойн нүүрсний ордын тусгай зевшөөрөл 100 хувь төрийн мэдэлд бий. Тавантолгойн ордын эл боломжийг ашиглаад их хэмжээний урьдчилгааг гурван төрлийн төлбөрөөс босгох боломжтой” гэсэн үгийг хэвлэлээр дайсан байв. Түүнчлэн гавьяат эдийн засагч, сайд М.Энхсайхан “Эрдэнэс Тавантолгой компани төрийн нэрийн өмнөөс лицензийг барьж байгаагийн хувьд оператороор ажиллаж байгаа консорциум бидэнд төлбөр төлнө. Тэр төлбөр нь одоогоор яригдаж байгаагаар бол ашигт малтмалын роялти төлбөрийн 40 хувь гэж байгаа. Энэ хэмжээгээр төлбөр төлөхөд бэлэн байна гэдгийг консорциумын зүгээс мэдэгдэж байгаа” хэмээн бас л ам алдаж орхижээ. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуулгын үеэр эрхэм сайд “Консорциумын зүгээс 500 сая ам.доллар төлнө гэх санал ирүүлээгүй” гэсэн байх юм. Үнэндээ аль нь үнэн болохыг М.Энхсайхан сайд л өөрөө мэдэх хэрэг байх. Учир нь бидэнд энэ талаар мэдэх ямар ч боломж өгөөгүй. Зүгээр л, “Нээлттэй” гэсэн нэрний ард нуугдсан хаалттай хачин хувилбаруудын нэг нь болохыг ч хэвлэлүүд онцлоод байна. Зарим нэг нь ч зориуд зохион байгуулалттай цацсаар байгаа.
unen.mn
URL: