Я.Батсуурийг баривчилсан нь араасаа гинжин хэлхээ дагуулав
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Орон сууцжуулах 8 хувийн зээл, 888 төсөл, аймгуудыг нийслэлтэй холбосон авто зам, Нүүрс хөтөлбөр, Бумбардай хүүхдийн цуврал ном, Гудамж төсөл зэрэг өмнөх Засгийн газрын бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж улсад хохирол учруулсан байж болзошгүй хэмээн шалгаж эхлээд байгаа аж.
Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг ажлынх нь өрөөнөөс АТГ-ынхан гавлаад авч явсан талаар эх сурвалжууд нотолж байгаа юм. Түүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнгийн “Говь Повер”-ын асуудалтай холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.
Мөн бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, төрийн бус байгууллагын албан тушаалтан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Тэгвэл Я.Батсуурийг маргааш суллах эсэх нь тодорхой болох гэнэ. Учир нь түүнийг 72 цагийн хугацаанд саатуулах зөвшөөрлийг АТГ-ынхан авчээ.
Түүнийг үргэлжлүүлэн саатуулах шаардлагатай гэж үзвэл мөрдөн байцаагч нь саналаа шүүхэд ирүүлэх юм байна. Улмаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг хүртэл АТГ-аас эрүү үүсгэн шалгаж эхэлсэн нь энэ бүхэн хоорондоо гинжин хэлхээтэй гэдэг хардлага улс төрийн хүрээнийхэнд байгаа юм. Н.Алтанхуяг сар шинийн өмнөхөн нам дамжсан бүлэглэлүүдтэй хатуу тэмцэхээ илэрхийлсэн байдаг. Энэ нь түүний эсрэг АТГ-ыг хөдөлгөх болов уу гэж хардлага илэрхийлэх хүмүүс цахим ертөнцөд цөөнгүй байна.
Г.Мягмарсүх
new
URL: