Боловсруулах үйлдвэр барихаар 17 компани санал ирүүлсэн ч Засгийн газар хариу өгсөнгүй

Нефтийн үйлдвэртэй болох мөрөөдөл үү, эсвэл…-

Сонгууль угтан байнга үүсдэг асуудлын нэг бол шатахууны хомсдол! Импортлогчид дөрвөн жилийн зайтай, нэг үгээр хэлбэл сонгуулиас сонгуулийн хооронд дөрвөн жилийн циклиэр зохиомол хомсдол үүсгэж, шатахууныхаа үнийг нэмж ирсэн. Манай улс төрчид ч Оросын талтай хамтран энэ тоглоомд ташуур өгч “Роснефтийн захидал” гэгч танил сценариар хөзөр тоглож сурсан.

Харин энэ жилийн шатахууны хомсдол нэг зүйлийг хүмүүсийн тархинд бат суулгаж өглөө. Тэр нь үндэсний хэмжээний нефтийн үйлдвэртэй болох одоогоор цаасан дээр байгаа мөрөөдөл ч ирээдүйд ажил хэрэг болгоосой гэсэн Монголчуудын хүсэл. Харамсалтай нь хойд хөршөөс нефть оруулж ирдэг дөрвөн том компанийн эрх ашиг давамгайлж, нөгөөтэйгүүр Засгийн газар хүнд суртал гарган ажил хэрэг болгох эсэх нь бүрхэг байна.

Уг нь шатахууны хомсдол нүүрлэхээс өмнө Засгийн газар энэ ажлыг шийдэх боломж байсан уу гэвэл байсан. 2008-2012 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт газрын тосны үйлдвэр барихаар тусгасан ч бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болоход ганцхан жил үлдээд байхад цааснаас өөр юмгүй сууж байгаа юм. УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Н.Ганбямба, Д.Арвин, П.Алтангэрэл нар энэ асуудлаар тогтоолын төсөл санаачлан Засгийн газарт өргөн барьсан ч нэмэр болсонгүй.

Гишүүд тогтоолдоо газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай гадаад, дотоодын компаниудаас ирүүлсэн төслүүдтэй Засгийн газар танилцаад ирэх сарын 10 гэхэд шалгаруулж зөвшөөрөл олгосон байхыг сануулсан. Мөн компаниудын нэрийг тодорхой болгосны дараа буюу 2012 оны наймдугаар сарын 10 гэхэд боловсруулах үйлдвэр байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн байх ёстой гэсэн заалтыг хавсаргажээ.

Боловсруулах үйлдвэр барих талаар Засгийн газарт гадаад, дотоодын 17 компани саналаа ирүүлсэн сураг бий. Түүн дотор дотоодын 4-5 компани өөрсдөө эрсдлээ даан хөрөнгө босгож нефть боловсруулах үйлдвэр баръя гэсэн санал ирүүлжээ. Гэтэл Засгийн газар ямар ч хариу өгөөгүй байна. Тэгэхээр нефтийн үйлдвэртэй болох мөрөөдөл үү гэсэн эргэлзээ төрж байна. Боловсруулах үйлдвэр барих талаар Засгийн газар болон салбарын яам санаачилга гаргахгүй бол хөрөнгө оруулагч, компаниуд санал хэчнээн оруулсан ч асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой юм.


URL:

Сэтгэгдэл бичих