Дмитрий Песков:Оросын эрх ашгийг хүндэтгэ

peskovУкрайны хямралтай холбоотойгоор ОХУ, АНУ-ын харилцаа Хүйтэн дайнаас хойшхи хамгийн таагүй төвшинд хүрээд буй энэ үед ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хэвлэлийн төлөөлөгч буюу баруун гарын туслах гэгддэг Дмитрий Песков “СNN” телевизэд ярилцлага өгчээ. Тэрээр энэ үеэрээ “Бүгдээрээ шударга л байцгаая. Сүүлийн үед хоёр орныг холбосон “гүүр”-ийг санаандгүй, асар их хэмжээний хүчтэй урсгал дайрч аюул учруулж байна. Европын зүрхэнд, Украинд ашиг сонирхлын асар том зөрчил мөргөлдөөн бий болж байгааг бид бүгдээрээ харж байна. Оросын хувьд Киевт жилийн өмнө болсон хууль бус булаан эзлэлт, зэвсэглэсэн төрийн эргэлтийн өмнө маш ойлгомжтой, шударга, хатуу байр суурьтай зогсч ирлээ. Бидний зүгээс цорын ганц зүйл л хүсч байгаа. Оросын үндэсний эрх ашгийг хүндэтгэ. Бидний бүрэн эрхэт байдалд хүндэтгэлтэй ханд. Ингэсэн цагт хоёр орны харилцаанд шинэ сэргэн мандалтын үе эхлэх болно” гэсэн байна. Сүүлийн жилүүдэд сайжирч байсан хоёр орны харилцаа Украины хямрал эхэлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд бараг л бүхэлдээ нуран унаад байгаа билээ.

Герман, Францын санаачилгаар Минскт хийсэн хоёр дахь удаагийн энхийн хэлэлцээ амжилттай өндөрлөж, дахин гал зогсоох тохиролцоонд хүрснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа зүүн Украинд харамсалтай нь буудалцаан үргэлжилсээр байгаа юм. Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мэдээлснээр, талууд эцэст нь хүнд зэвсэг, техникүүдээ хөдөлгөж эхэлж байгаа ч бүрмөсөн буцаан татаж байгаа, эс бөгөөс байрнаас нь хөдөлгөж байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж. Песковын хувьд хэлэлцээрийн хэрэгжилт тааруухан байгааг хүлээн зөвшөөрсөн ч салан тусгаарлагч, зэвсэгт босогчид ч хүнд зэвсэг, техникээ татаж эхэлсэн гэсэн мэдээллийг өгчээ.

Тэрээр мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага халуун цэгээс хүнд зэвсэг, техникүүдийг эргүүлэн татах процессын ажиглагчаар ажиллахаас татгалзсан гэсэн мэдээллийг хүлээж авсан байна. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч “CNN” телевизэд ярихдаа, тэдний зүгээс процесст хяналт тавих оролдлого хийж байгаа ч Украины эрх баригчид болон салан тусгаарлагчдын аль аль нь цэрэг, зэвсгийнхээ талаар мэдээллийг өгөхөөс татгалзаж байгаа гэжээ. Барууныхан ОХУ-ыг зүүн Украин дахь мөргөлдөөнд оролцож байгаа хэмээн буруутгаж байгаа талаар түүний байр суурийг асуухад Песков “Орос бол аль нэг улсын салан тусгаарлагчдад хаашаа явж, юу хийхийг нь зөвшөөрдөг, эсвэл хориглодог улс биш. Гэхдээ тэднийг үймээн самуун дэгдээх зорилго өвөртөлсөн гэвэл итгэхгүй. Тэд ердөө л аюулд орсон, өөрийн газар шороон дээрээ байгаа ард түмнийхээ эсрэг харгис, түрэмгий ажиллагаа явуулж буй эрх баригчдадаа хариу үйлдэл үзүүлж байгаа хүмүүс” гэсэн байна.

Түүнчлэн Оросын бие даасан, хараат бус гэгддэг “Новая Газета” сонинд “Украины Засгийн газар унахаас хэдэн долоо хоногийн өмнө Крым болон зүүн өмнөд Украины томоохон хэсгийг Орост нэгтгэх даалгаврыг Кремль авсан” гэсэн мэдээллийг цацсаны дараа Песковыг тус сонины удирдлагууд руу “дайрсан” хэмээн “New York Times” мэдээлж байсан билээ. Энэ талаар асуултад тэрээр “Худлаа. Энэ худлаа. Яагаад гэвэл би тийм сонин мэдэхгүй. Эрхлэгч нь ямар хүн байдгийг ч мэдэхгүй. Хэрэв тийм сонин байдаг, тийм нийтлэл гарсан бол Кремльтэй лав ямар ч байдлаар холбогдоогүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд заримдаа хэн ч төсөөлөхөөргүй ташаа мэдээлэл нийтэлдэг шүү дээ. Бидний бодлоор тэр болгонд хариу өгөөд, чухалчилж авч үзээд байх шаардлага байхгүй” гэж хариулжээ.

 
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих