Нөөцийн махгүй хаваржих нь

mahМонголчууд бид өнгөрсөн оны сүүлчээр 51.9 сая толгой мал тоолуулсан. Нийслэлээс малчин болохоор 4000 гаруй иргэн хөдөө орон нутгийг зорьсон гэсэн сайхан мэдээгээр хаврын тэргүүн сараа угтлаа. Хэдийгээр мал сүргийн тоо өсч байгаа ч махны үнэ тэнгэрт хадсан хэвээр. Махны үнийг тогтворжуулах, хэт хөөсрүүлэхгүйн тулд нөөцийн мах бэлтгэдэг болоод удаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд цагаан сарын өмнө нөөцийн махны худалдаа эхэлдэг байсан. Гэвч энэ жил нам гүм, ажин түжин байна. Энэ нь мах бэлтгэсэн компаниудын мөнгийг өгч чадаагүйтэй холбоотой гэнэ. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар төсвийн таналтад нөөцийн махны мөнгө өртжээ. Тиймээс л мах бэлтгэсэн компаниуд тас гэдэргээ саваад хэвтчихсэн нь энэ аж.

МАХНЫ ҮНЭ ХААНА ХҮРЧ ГАЗАРДАХ БОЛ?

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жил махны үнэ төдийлөн өсөөгүй. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хүчит шонхор” худалдааны төвд үхрийн ястай мах 6500-6800, цул нь 7000-8000 төгрөг, адууных ястай нь 5000, цул нь 5200-5300 төгрөг, харин хонины ястай мах 5500, цул нь 6200 төгрөг, ямааных 5300-5500, тэмээний мах 5000 төгрөгийн үнэтэй байв. Энэ үнэ буурсаар байсан нь хямралд дарлуулсан хүмүүст таатай байлаа. Харин бага багаар буурч байсан махны ханш энэ сарын эхнээс эргээд чангарч эхлэв. Тодруулбал, өнгөрсөн даваа гаригт /2014.02.23/ хонины мах ястай нь 4800-5000, цул нь 6300-6500 төгрөг, үхрийнх ястай нь 6700-7000,  цул нь 7500-8000 төгрөг байв. Энэхүү үнэ цагаан сарын үеэр 500-1000 төгрөгийн өсөлттэй байсан аж. Өөрөөр хэлбэл, эрэлт хэрэгцээгээ мэдэрч зах зээлийн хуулиар үнийг өсгөж бууруулахыг махны наймаачид мартаагүй байна. Ийнхүү баярын үеэр өсч өдгөө бага зэрэг буурч байгаа ч хаврын тарчиг цагаар хэд хүрч газардахыг хэн ч таашгүй. Хэрэв нөөцийн мах худалдаанд гарахгүй бол энэ үнэ эрчээ аван хурдалсаар байхыг махны худалдаачид хэлж байсан юм. Харин нөөцийн мах бэлтгэсэн компаниуд улсаас мөнгө өгөхгүй бол өөрийн зардлыг тооцсон үнээр махаа борлуулна гэдгээ хэлж байсан. Тоо толгой нь өсч байгаа ч тэнгэрт хадсан үнээр мах авсаар дасал болон өнгөрөх вий.

ДЭЛХИЙН МАХНЫ ҮНЭ БУУРСААР БАЙНА

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага буюу FAO-гийн индекс гэж бий. Энэ индексийг дэлхийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлийг харьцуулан сар тутам гаргадаг билээ. FAO-гийн индекс энэ оны нэгдүгээр сард 2014 оны арванхоёрдугаар сартай харьцуулахад 3.6 пунктээр буюу 1.9 хувиар буурсан ажээ. Ер нь энэ индекс өнгөрсөн оны аравдугаар сард тогтвортой байсныг эс тооцвол 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн буурсаар иржээ. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ хямдарч байна гэсэн үг.

Сүүлийн нэг сарын дотор элсэн чихэр, сүүн бүтээгдэхүүний үнэд дорвитой өөрчлөлт гараагүй бол бусад хүнсний үнэ, ялангуяа улаан буудай, ургамлын тосны үнэ нэлээд буурсан байна. FAO-гийн махны индекс ч 3.2 пункт буюу 1.6 хувиар буурчээ. Үүнийг юуны түрүүнд ам.долларын ханш унах болсонтой холбон тайлбарлаж байгаа бөгөөд үүнээс үүдэн Европын гахайны, Австрали, Аргентины үхрийн, Шинэ Зеландын хонины мах зугуухан хямдрах болжээ.

Хэдийгээр Азид, үүний дотор Хятадад махны эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж, АНУ болон Австралид болсон ган малын тоо толгойг нэлээд хорогдуулсан ч дэлхийн махны үнэ ойрын үед өсөхгүй, харин ч аажмаар буурах хандлагатайг шинжээчид хэлж байна.

 

Д.Оюунчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих