Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр гэрээ байгуулав

gereeАж үйлдвэрийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Тиймээс хөтөлбөрөө эхлүүлэх гэрээгээ үзэглэн өчигдөр гарын үсэг зурах үйл ажиллагаа Аж үйлдвэрийн яаман дээр боллоо. Гэхдээ энэ нь хоёр дахь шатны хөтөлбөр бөгөөд эхнийх нь 2012 оноос эхэлж амжилттай хэрэгжиж дуусчээ. Хөтөлбөрийг ХБНГУ-ын Канцлер хатагтай Ангела Мэркэлийн 2011 онд Монгол Улсад айлчлах үеэр байгуулсан Монгол-Германы Ашигт малтмал, технологийн салбарын хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан гэж салбарынхан дүгнэж байна. Тэгээд ч үндсэн зорилго нь үндэсний болон орон нутгийн түнш байгууллагуудын чадавхийг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгох юм. Тиймээс сайн засаглал, нийгмийн хариуцлага, жижиг дунд үйлдвэрийн хөгжил, Япон улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулах багийг чадавхижуулах зэрэг үйл ажиллагаа явуулжээ.

Мөн төрийн хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашгийн тооцоо, дүн шинжилгээ хийхэд хүний нөөцийг бэлтгэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Монгол Улсын төмөрлөгийн салбарын судалгаа хийсэн байна. Боловсон хүчин бэлтгэх, Германд мэргэжил дээшлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж эхний шатанд таван сая еврогийн хөрөнгө зарцуулсан байна.

Харин одоо эхлэх хөтөлбөрийн хүрээнд Монголд шинээр байгуулж байгаа үйлдвэрт ажиллах мэргэжлийн баг бүрдүүлж чадавхижуулахад анхаарал хандуулах аж. “Өөрсдөө гүйцэтгэхэд бэрхшээлтэй, алдаа гаргах магадлалтай төслүүдийг гүйцэтгэнэ. Тиймээс одоо эхлэх хөтөлбөр үндсэн гурван хэсгээс бүрдэнэ” гэж Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү танилцууллаа. Тухайлбал, уул уурхайн чиглэлээр боловсон хүчнийг дадлагажуулах, Сэлэнгэ, Баянхонгор, Увс аймгийн тогтвортой хөгжлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд чадавхижуулах тал дээр ажиллана. Мөн сонгож авсан аймгуудынхаа жижиг, дунд үйлдвэрүүдийг дэмжих замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд гаргахад туслах гадаадын, тэр тусмаа ХБНГУ-ын хөрөнгө оруулагчийг татах зэрэг зорилго тавьсан. Түүнчлэн шинээр боловсруулах ТЭЗҮ-д хяналт шинжилгээ хийж олон улсын стандартад нийцүүлэн гадаадын банк санхүүгийн байгууллагаас зээл авах чадамж нэмэгдүүлэх ажил хийхийн сацуу уул уурхайн салбарт гүний усны нөөцөд хяналт тавих мэргэжлийн бүлэг байгуулж чадавхижуулах зэрэгт хөтөлбөрийн зорилго чиглэх ажээ.

 

М.АЛТАНЦЭЦЭГ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих