Говьсүмбэрт хуулийн завхрал болж байна
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН 1, 2, 3, 6 ДУГААР ХЭСГҮҮДЭД НӨХӨН СОНГУУЛЬ ЯВУУЛАХЫГ ДААЛГАСАН УДШ-ИЙН 2013 ОНЫ 12 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН 228 ДУГААР ШИЙДВЭРИЙГ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНУУД ҮЛ БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ТУХАЙ
2015.02.25. Улаанбаатар хот
2012 оны Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан ба тэдний оронд сонгогдсон гэх Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын бүрэн эрхийг мөн Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор хүчингүйд тооцон, сонгуулийн дөрвөн хэсэг дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасныг бид мэднэ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “… нөхөн сонгууль явуулах бол тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж… зохион байгуулна” гэж хуульчилсны дагуу нөхөн сонгууль явагдаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байх учиртай.
Аймгийн иргэд, сонгогчдын зүгээс хууль зөрчигдөж байгаа тухай, иргэдийн 65,7 хувь нь аймгийн ИТХ-д төлөөлөгүй байгаа тухай, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн сонгуулийг яаралтай товлон зарлаж аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох талаар аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид, аймгийн ШШГ алба, Сонгуулийн Ерөнхий хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин,Монгол улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Сайд С.Баярцогт нарт удаа дараа хандаж байсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй, энэ хэрээр иргэдийн сонгох, сонгогдох эрх зөрчигдөж байгаад харамсаж байна.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь энэ талаар бүрэн эрхийнхээ дагуу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Сонгуулийн ерөнхий хорооны даргад энэ асуудлаар асуулга хүргүүлж байсан боловч үр дүнд хүрсэнгүй.
Аймгийн ИТХ-ын дарга, хуралдаан даргалагч Д.Баянжаргал хууль, шүүхийн шийдвэр, Засгийн газрын албан тоот, ШШГ албаны шаардлага, иргэдийн шаардлагыг үл тоож эрээ цээргүйгээр авирлаж байгаагийн тод илрэл нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон дээрхи нэр бүхий хүмүүсийг өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаануудад хууль зөрчин, ирц бүрдүүлэн оролцуулсаар байгаа явдал юм.
Үүний хамгийн сүүлийн тод жишээ нь 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд УДШ-ийн тогтоолоор бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон Бя.Анхбаярыг, мөн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын ээлжит 14 дүгээр хуралдаанд мөн л бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон буюу өөрөөр хэлбэл төлөөлөгч биш Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Д.Алдармаа нарыг ирц бүрдүүлэн ороцууллаа.
Хууль бус хүмүүсийн оролцсон ИТХ-ын хуралдаан, хуралдаанаас гарсан бүх шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдох болсон нь аймаг, орон нутгийн ажил, амьдралд ихээхэн бэрхшээл үүсгэх болсон байна. Тодруулбал:
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхтөр, Г.Батсуурь нарын гаргасан бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон этгээдүүдийн хууль зөрчин, ирц бүрдүүлж оролцсон хуралдаан, уг хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 228 дугаар тогтоолыг үндэслэж “ 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдааны үргэлжлэл, уг хуралдаанаас гарсан “Аймгийн 2014 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоолыг хүчингүйд тооцсон.
Цаашдаа ч давж заалдах болон хяналтын шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолыг үндэслэж шийдвэр гаргах нь зүйн хэрэг тул нэгэнт бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон өөрөөр хэлбэл төлөөлөгч биш этгээдүүд ирц бүрдүүлж оролцсон аймгийн ИТХ-ын дараа, дараагийн хуралдаан, түүнээс гарах шийдвэрүүд хүчингүй болж байна.
Хамгийн ноцтой нь тус аймгийн нийт сонгогчдын 65.7 хувь нь буюу дээрхи 4 тойргийн сонгогчид аймгийн ИТХ-д төлөөлөлгүй эрх нь ноцтойгоор зөрчигдөж 2 жил шахам болж байгаа нь онцгой анхаарал хандуулах асуудал мөн гэж үзэж байна.
Хууль, шүүхийн шийдвэрийг биелүүүлэх үүрэгтэй Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал, Тэргүүлэгчид, шүүхэд хариуцагчаар төлөөлөн оролцсон аймгйин Засаг дарга бөгөөд АН-ын дарга Л.Одсэр, аймгийн хууль зүйн хэлтсийн дарга П.Наранхүү нар нь удаа дараа УДШ-ийн шийдвэр ойлгомжгүй байгаа тул хэрэгжүүлэх боломжгүй гэж тайлбарладаг ба харин 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан УДШ-ын хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдаан, хуралдаанд оролцсон шүүх бүрэлдэхүүний гайхлыг төрүүлж, тэдний энэ инээдэмтэй тайлбарыг эрх зүйн онол, хууль, шүүхийн практикийн үүднээс тайлбарлан үгүйсгэж УДШ-ийн 228 дугаар шийдвэрийг дахин бататгасан шийдвэр гаргасан байна.
Одоо УДШ-ийн шийдвэрийг биелүүлж гүйцэтгэх үүрэгтэй Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль, шүүхийн шийдвэрийн биелэлтийг УИХ-ын өмнө хариуцах үүрэгтэй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай хариуцлага тооцохоос өөр аргагүй болж байна.
Говьсүмбэр аймгийн иргэд, сонгогчид УДШ-ийн буюу шүүхийн эцсийн шийдвэрийг үл биелүүлж байгаад дургүйцэж Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдөр аргагүйн эрхэнд аймгийн Нутгийн удирдлагын ордны өмнө анх удаагаа тайван цуглаан хийж хурлын дарга Д.Баянжаргалд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж биелүүлэх агуулгатай шаардлага гардуулсан байна.
Иргэд хуульд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ийнхүү цуглаан зохион байгуулах мэдэгдлээ Сүмбэр сумын Засаг дарга З.Баярсайханд хүргүүлж хуулийн шаардлага хангасан байтал цуглаанд оролцсон иргэдийг мөрдөн мөшгөж, Цагдаагийн байгууллагыг турхиран дарамталж байцаалт, мэдүүлэг авахаар айлган сүрдүүлж байгаа нь ардчилсан Үндсэн хууль, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйт төртэй нийгэмд байж боломгүй үйлдэл гэж үзэж байна.
Мөн аймгийн Засаг дарга Л.Одсэр нь цуглаанд оролцсон аймгийн УБТЗ-ын “Ахмадын холбоо” ТББ-ын дарга өндөр настан Б.Ичинхорлоо гуайн хүү болох аймгийн Газрын албаны дарга руу тэр дор нь утсаар ярин дарамталж ээжийн чинь үйлдэл таалагдахгүй байна, иймд чиний албан тушаалтай чинь ярина гэх зэргээр эрээ цээргүй авирласныг холбогдох байгууллага шалгах ёстой.
Сангийн яамнаас нөхөн сонгуульд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийг нэгэнт шийдсэн ба одоо нөхөн сонгуулийг товлон зарлахад ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүйг энд онцлон дурдаж байна.
Одоо ганцхан УДШ-ийн эцсийн шийдвэрийн биелүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх л үлдлээ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дараах үүргийг хүлээлгэсэн байдаг.
1.Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дах хэсгийн 1-д “ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”;
2. Гучин наймдугаар зүйлийн 2 дах хэсгийн 5-д “… нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх”;
3. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “…нутгийн захиргааны байгууллагаас хуулийн биелэлтийг зохион байгуулж хангах арга замыг тодорхойлон уул ажлыг нэгтгэн удирдана.”;
4. Мөн хуулийн 7.2-д ”Үндсэн хууль, бусад хуулийг биелүүлэх зорилгоор тогтоол, захирамж гаргаж биелэлтийг хангана”;
5. Мөн хуулийн 7.3-д “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэр хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт тавина” зэрэг хангалттай эрх түүнд бий.
Мөн Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлийн 258.1-д “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэсэн хуулийн заалт байдгийг сануулах нь зүйтэй.
Аймгийн иргэд, ТББ-ын зүгээс хууль зөрчсөн энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчид 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хандаж дэмжлэг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн боловч одоогоор хариу өгөөгүй байгаа ба өгөх байх гэж найдаж байна.
Иймээс нөхөн сонгуулийг товлон зарлаж хуулиар хүлээсэн үүргээ ИТХ-ын Тэргүүлэгчид биелүүлэх хүртэл Говьсүмбэр аймагт улс төрийн тэмцэл өрнүүлэх, улмаар хууль, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хариуцах үүрэгтэй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дах хэсгийн 1-д “ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;”; гэснийг зөрчсөн гэж үзэж дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаас аргагүй байдалд хүрлээ.
Иргэдийн зүгээс шүүхийн шийдвэр ингэж үл биелэгдэх аваас Монгол Улсад шат шатны шүүх, шүүгчид байх ер нв шаардлага байна уу гэж шүүмжлэн ярилцаж байгааг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
deeree suudlaa olohgyi bol dooroo gyidlee olohgyi gedeg ene yy?ter 1 uurtai shombognoson nohriig hymyyjyylmeer umaa AN