Ерөнхийлөгч эх оронч Ц. Мөнхбаяр, татвараа нуусан Жастин Капла нарын хэнийг нь өршөөх бол

886666“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр урт нэртэй хуулийг эсэргүүцэж Уул уурхайн яам, “Централ тауэр”-т тэсрэх бодис тавьж, буу, сум, гранат зэрэг галт зэвсэг хэрэглэн олон нийтэд айдас төрүүлэхээр заналхийлсэн  хэргээр Монгол Улсын дээд шүүхээс долоон жилийн ял сонссон. Тухайн үед шүүх хурал дээр  түүний өмгөөлөгч Л.Данзанноров Үндсэн хуульд заасны дагуу Ц.Мөнхбаяр өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасныг хэлээд тэсэрч дэлбэрэх бодисыг байлдааны бэлэн байдалд оруулаагүй байсан, хэн нэгний амь нас, эд хөрөнгөд халдаагүй, байгаль орчноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлэхдээ нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагад шаард­лага тавьсан уч­раас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг тавьсан ч гэм буруутайд тооцож ял оноосон.

Харин  Монголд уул уурхайн олборлолт явуулдаг “Саусгоби сэндс” компанийн захирлаар ажиллаж байсан Жастин Капла болон санхүү, нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобал Дэвид,  Ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион Кажуком нарыг онц их хэмжээний буюу 35 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэмээн  Монголын шүүхээс таван жил арван сар хорих ялаар шийтгэсэн.

Гэтэл сүүлийн үед хэвлэлээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” компанийн удирдлагаар ажиллаж байсан Жастин Капла нарын гурван хүнд уучлал үзүүлэхээр болсон тухай мэдээлэл гараад байгаа. Гадны гэмт хэрэгтнүүдэд уучлал үзүүлэх нь буруу биш гэдгийг ч Ерөнхийлөгч өөрөө хэвлэлд ярьсан байна. Удахгүй уучлал үзүүлэх талаар  Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр “Жастин Капла нар өөрсдийн гараар бичсэн уучлалт хүссэн бичгээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Хуулийн дагуу тодорхой хугацааны дараа уучлал үзүүлэх эрх нь нээгддэг. Монгол улсын иргэн биш хүнд уучлал үзүүлдэггүй гэсэн буруу ойлголттой байж болохгүй. Татвараас зайлсхийснээс гадна олон төрлийн гэмт хэрэг давхар үйлдсэн хүмүүст бол уучлал үзүүлэх боломж байдаггүй. Харин анх ийм хэрэгт холбогдсон тэгш эрхтэй хүн бүр уучлал хүсэх эрхтэй. Тэр нь гадаад, дотоодын иргэн гэдэг нь хамаагүй. Ерөнхийлөгч асуудлыг нь судалж үзээд уучлал үзүүлэх боломжтой байдаг. Мөн энэ гурван иргэний хэрэгтэй холбогдуулан Филиппин улсын Ерөнхийлөгч манай улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн. Тус захидалдаа манай улсын хоёр иргэнийг уучилж өгөөч гэсэн. Урьд нь манай Ерөнхийлөгч өөрийнхөө иргэнийг цаазын ялаас чөлөөлж өгөх хүсэлтийг Хятад улсын даргад тавьж байсан. Энэ хүсэлт нь амжилттай хэрэгжсэн байгаа. Энэ мэт төрийн тэргүүнүүд иргэнийхээ эрхийг хамгаалж бие, биедээ хүсэлт тавьдаг жишиг дэлхий нийтэд байдаг” хэмээн ярьсан.

Тэгвэл эх орон газар нутгийнхаа төлөө наранд амьдрах эрхээ хасуулсан Ц.Мөнхбаярын охин болон, Иргэний нийгмийн байгууллагууд Ерөнхийлөгчид хаягласан олон захиадал, шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан тэмцэл зохион байгуулсаар ирсэн. Харин одоо Ерөнхийлөгч маань эх оронч Ц.Мөнхбаяр, татвар нууж улсад онц их хэмжээний хохирол учруулсан Жастин Капла нарын хэнийг нь өршөөхийг харах л үлдлээ.

 

 

С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Нэр: Nobsh Огноо: 26 February 2015

Ene huzuugui gar heden tugrug absan bol, ymar tohiroo hiisen bol gehees durgui hureed bh ym.

Сэтгэгдэл бичих