Баянзүрхийн сонгогчид эрхэм гишүүдээ ингэж дүгнэлээ

346440ff3c7bd8big

Ж.БАТЗАНДАН ХААЯА ИРЖ УУЛЗДАГ ЮМ

БЗД-ийн XVII хорооны иргэн Э.Төгөлдөр:

-Баянзүрх дүүргийн дэд бүтэц маш муу байна. Хашаанууд нь газарт ороод баахан барилга барьчихлаа. Гишүүд нь мэддэг л юм бол энэ мэт асуудлыг зохицуулах хэрэгтэй. Гишүүн болонгуутаа мартчихаж байна. Ж.Батзандан л овоо яриад, иргэдтэй уулзаад гайгүй ирээд байдаг. Эд нар сонгогдохдоо  баахан амлалт өгөөд гардаг. Хийсэн томоохон бүтээн байгуулалт гээд нэрлэчих зүйл алга. Манай хороонд саяхан гэр цэцэрлэг барьсан чинь багш, хүүхдийн хоолны санхүүжилт байхгүй гээд зогссон. Иймэрхүү иргэдэд хэ­рэгтэй зүйлсийг дэмжээд өгмөөр байгаа юм.

 

ГИШҮҮДИЙН НЭРИЙГ Л СОНССОН. ХИЙСЭН АЖЛЫГ НЬ МЭДЭХГҮЙ

БЗД-ийн V хорооны иргэн Т.Цогтбаяр:

-Би хөдөөгүүр явж байгаад саяхан хотод  орж ирсэн учраас сүүлийн үед иргэдтэй уулзсан эсэх, хийсэн ажлыг нь сайн мэдсэнгүй. Гэхдээ энэ дүүрэгт амьдардаг учраас ерөнхийдөө сонгогдсон гишүүдээ мэднэ.  Миний бодлоор Ж.Батзандан, Д.Арвин хоёрын нэрийг сонсож байснаас биш хийсэн ажлыг нь сайн мэдэхгүй юм байна. Д.Ганхуягийг бол бүр мэдэхгүй. Хүмүүсийн хэлж байгаагаар бол олигтой хийсэн юм дуулдахгүй байна лээ. Ж.Батзандан сайхан ярихаас биш хийсэн зүйл ховор. Иргэд ам муутай байдаг шүү дээ.

 

ТӨРӨХ ЭМНЭЛЭГ БАРЬЖ БАЙГАА НЬ ИХ ЗҮГЭЭР САНАГДСАН

БЗД-ийн X хорооны иргэн О.Цэвээнжав:

-Хийсэн зүйлийг нь санахгүй байна. Үнэхээр л юм хийсэн бол бидэнд мэдрэгдэх ёстой. Тэгэхээр хийгээгүй гэж дүгнэхээс өөр аргагүй. Уг нь сургууль, цэцэрлэг бариад өгчихвөл сонгогчдынхоо өмнө нүүр бардам байхсан. Харин тэр төрөх эмнэлэг барьж байгаа нь их зүгээр санагдсан.

 

 

 

ГИШҮҮД ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ БАРИНА ГЭЖ ХЭЛЖ ГАРСАН. ГЭВЧ СУРАГ АЛГА

БЗД-ийн XXIV хорооны иргэн Б.Энхжаргал:

-УИХ-д сонгогдоод бидэнд нөлөөлөх ажил хийсэнгүй ээ. Эхний ээлжинд цэцэрлэг сургууль маш их хэрэгтэй байна. Уг нь өөрсдөө тэгж л хэлж гарсан. Гэвч нүдэнд харагдаж гарт баригдахаар хийсэн зүйл алга. Тиймээс ард иргэд хэнийг сонгохоо их бодмоор байгаа юм. Ялангуяа залууст ажлын байр олдохгүй байгаа учраас их дээд сургуульд дэмий сурч байна. Би Ж.Батзандангийн сон­гуулийн сурталчилгаанд явж байсан. Ж.Батзандан яахав, хуулийн дагуу ажиллана гэж л ярьж байсан. Одоо ч тэгж ярьдаг юм билээ. Ямартаа ч хувираагүй байгаа юм байна гэсэн ойлголттой байна. Гэхдээ залуу хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгсөн үйл ажиллагаа алга.

 

ИРГЭДИЙНХЭЭ САНАЛ ГОМДОЛ, ӨРГӨДЛИЙН ТӨЛӨӨ ТУУШТАЙ ЯВДАГ ХҮН АЛГА

БЗД-ийн XXIII хорооны иргэн Ч.Санжаадорж:

-Дүүргээс гарсан УИХ-ын гишүүдийг ерөнхийд нь мэднэ. Заримдаа хорооны иргэдтэй уулзлаа гэж сонсогддог л юм. Иргэдийн амьдралд мэдэгдэхүйц ажил хийхгүй байгаа ч дүүрэг хавиар дорвитой ажил хийдэг байлгүй. Уг нь иргэдтэйгээ уулзаж сэтгэгдлийг нь сонсмоор л байгаа юм. Иргэдийнхээ санал гомдол, өргөдлийн төлөө тууштай явдаг хүн алга. Дээр үед их хурал, аймаг, дүүргийн депутатууд иргэдийн хэлсэн ярьсныг биелүүлэх гэж махран зүтгэдэг л байсан юм. Одоо ч тэр цаг үе өнгөрсөн юм шиг байна.

 

ТЭД СОНГОГДСОН Л НЬ ҮНЭН

БЗД-ийн XXIII хорооны иргэн  Г.Отгон:

-Би дүүргээс сонгогдсон гишүүдийн хийсэн ажлыг мэдэхгүй байна. Ёстой сонгогдсон л нь үнэн. Тэр тусмаа миний амьдралд мэдэгдэх юм юу ч алга. Иргэдийн амьдрал өмнөх жилүүдийг бодоход үнэхээр муудаж байна. Зарим нь байрныхаа лизингээ ч төлж чадахгүй, улам л амьдрал доройтож байна. Дандаа л эдийн засаг хямарлаа гээд болохгүй, бүтэхгүй зүйл л ярих юм байна шүү дээ.

 

 

Д.АРВИН ГИШҮҮНИЙГ ШОУДЛАА ГЭЦГЭЭЖ БАЙНА

БЗД-ийн  XXII хорооны иргэн  Б.Дэлгэржаргал:

-Өглөө ажилдаа яваад орой ирдэг болохоор хурал цуглаан, уулзалт гэх зэрэгт  тэр бүр очиж чаддаггүй. Хороо, хэсгийн ахлагч нар иргэдэд тийм ийм зүйл болно гэсэн зар ерөөсөө тараадаггүй болохоор мэдээлэл их муутай байдаг. Харин ажилгүй хүмүүс хороо хавиар эргэлдээд мэдээлэл аваад байдаг юм шиг байгаа юм. Д.Арвин гишүүнийг төрөх эмнэлэг дээр цэвэрлэгээ хийсэн гэсэн эрээн алчууртай зургийг интернэтээс харсан. Хүн болгон л шоу хийж байна гэж ярьж байна. Төрөх эмнэлэг, цэцэрлэг барих шаардлагатай. Ер нь гишүүд ажил хийж, ард иргэдийнхээ амьдралыг  сайжруулах биш өөрсдөө баян амьдрах гэж гардаг юм биш үү. Манай дүүргийн гишүүдээс сонгогчдоо боддог, эргэж хардаг хүн ганц  ч алга.

 

ГИШҮҮДИЙГ ИРГЭДТЭЙ УУЛЗААД ЯВЖ БАЙНА ГЭЖ ДУУЛААГҮЙ

БЗД-ийн  XVII хорооны иргэн Г.Сосорбарам:

-Айхтар хийгээд байгаа юм нүдэнд харагдахгүй байна. Гэхдээ цаагуураа юм хийж байгаа байх л даа. Ядаж хөгшүүдийн тэтгэврийг амьдралд хүрэлцэж байгаа эсэхийг бодоод үзэх хэрэгтэй. Сард 200 мянган төгрөгөөс бага орлоготой хүмүүс олон байна. Би Д.Арвин, Ж.Батзандан, Д.Ганхуяг гурвыг иргэдтэй уулзаад, санал бодлыг нь сонсоод явж байна гэж дуулаагүй юм байна. Дорвитой хийж байгаа ч юм алга.

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН ГЭДЭГ ДАРХАН ЭРХТЭЙ УЛС БАЙНА

БЗД-ийн X хорооны иргэн С.Цанлиг:

-УИХ-ын гишүүд тойргийнхоо сонгогчидтой уулздаг биз дээ. Харин бидэнтэй нэг ч удаа уулзаагүй. Гэтэл тэдний бүрэн эрхийн хугацаанд дуусах гэж байна. Тодорхой хийж байгаа юм алга. Хурал уулзалт хийхгүй байгаа юм чинь юм хийхгүй байгаа нь ойлгомжтой. Ард түмний хүсэлтийг аваад тодорхой ажил хийж байгаа зүйл алга. УИХ-ын гишүүн гэдэг дархан эрхтэй улс байна. Сэтгэл их дундуур байна. Ганц нэг зам барьсан тухай л ярьдаг юм билээ. Түүнээс амьдралд мэдэгдэхүйц ажил алга. Ард түмний амьдрал улам хүнд болж байна. Хөгшчүүд аргагүйн эрхэнд хэдэн сараар тэтгэврээ аваад бөөн өрөнд орчихсон. УИХ завсарлачихлаа. Одоогийн гишүүд айл өрхөөр явж уулзана гэж ер алга. Юм л бол цахим гэх юм. Газар өгч байгаа ажил их хүнд сурталтай байна. Д.Арвин бол урвачихсан хүн шүү дээ. Ж.Батзандан арай гайгүй юм шиг байгаа юм.

 

Ж.БАТЗАНДАН, Д.АРВИН ХОЁРЫН НЭРИЙГ МЭДНЭ 

БЗД-ийн Х хорооны иргэн  Т.Шүүдэрцэцэг:

-Би Баянзүрх дүүрэгт 20 гаруй жил амьдарч байна. Миний хувьд Ж.Батзандан,  Д.Арвин хоёрын нэрийг мэдэхээс хийсэн зүйлийг нарийн сайн мэдэхгүй байна. Бидний үеийнхэн бол мэддэггүй байх. Залууст ажлын байр хэрэгтэй байдаг. Миний хувьд ажил хийдэг болохоор сайн мэдэхгүй байна. Хааяа цахим ертөнцөөр л дүүрэгт ирж ажилласан, тийм зүйл хийсэн байна гэсэн мэдээлэл авдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: bestessaywritingservice.online Огноо: 5 September 2018

Lyndsey Les petites mesures ne reviennent pas aux grandes.

Сэтгэгдэл бичих