Харалган, дүлий төртэй болоо юу, бид
Эх орон даяар Цагаан сар өргөн дэлгэр болж, бүх нийтээр шинэлж, хуучин оны муу муухайгаа гээж бүхнийг шинээр эхэлж байхад нэг хэсэг хүн өлсөж, өвөл хаврын хахир хүйтэн, хавсарга шуурганд нүдүүлэн хэдэн өдөр шөнийг үдэв.
Тэд эх орон, газар шорооныхоо төлөө ар гэр, амь насаа үл огоорон төрд үгээ хүргэн, нааштай хариу авахаар Төрийн ордны дэргэд хэд хонов. Монголоо, газар шороогоо гэх сэтгэл зүрхтэй түмэн олон тэднийг дэмжиж, халуун сэтгэлээр хандан гарын үсгээ үлдээн хандив тусламж өгч, 140 гаруй бөө хангай дэлхийдээ хандан онгод сахиусаа дуудан, төрийн ордноо тойрон гороолов. Тэдний дуу хоолой ордны зөөлөн сэнтийд тухлагчдын чихэнд хүрсэн эсэх нь бүрхэг хэвээр үлдлээ. Хэрвээ төрийн том өвөө Жамсрангийн Самбуу, аядуу зөөлөн бодлоготон Жамбын Батмөнхийн хэн нэг нь амьд сэрүүн байсан бол өлсөгчдийн дэргэдүүр дуугүй өнгөрөх нь бүү хэл аль хэдийнэ хүрч очоод үгийг нь сонсч, ажил хариуцсан хүмүүстээ үүрэг даалгавар өгч, улс эх орон, ард түмнийхээ эрх ашигт нийцсэн зөв шийдвэр гаргуулах л байсан. Гэтэл өнөөгийн төрийн томчууд том том жийп хөлөглөн тэдний дэргэдүүр дуут дохиогоо хангинуулан буруу харан өнгөрч буйг бодохуйяа бид чинь харалган, дүлий төртэй болсон юм шигээр төсөөлөгдөнө. Төрийн удирдлагууд унхиатай, овсгоотойсон бол хуулиа шөнө дөлөөр хэлэлцэж батлахаас урьтаж өлсөгчидтэй уулзаж, санал бодлыг нь сонсоод тулгамдсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж болмоорсон. Харин ч тэдэнтэй уулзаж үг хэлээ ололцохоос түвэгшээн хүчний байгууллагаараа сүрдүүлэн тараахыг урьтал болгож мугуйдаллаа. Ийн мугуйдалж өлсөгчдийг хүчээр тараасан ч цахим орчинд нэгдсэн хүмүүс өдөр бүр төв талбайд суухад хүрлээ. Өвсөнд тавьсан түймэр мэтээр үйл явц үргэлжилбэл хариуцлага хүлээх хүн олдох эсэхэд ч эргэлзэхэд хүрч байна.
эх сурвалж:Үнэн.мн
URL: