Халамж эдийн засгийг хумих нь

Монгол банкны тэргүүн дэд  ерөн­хийлөгч Б.Жавх­лан тэргүүтэй хэд хэ­дэн захирал оролцсон хэвлэлийн бага хурал өнгөрсөн баасан гаригт болж, сүүлийн нэг сарын хугацаанд банк санхүүгийн салбарт гарсан өөрчлөлт болоод ирэх оны төсөв, мөнгөний бодлого тойрсон асуудлаар мэдээлэл хий­сэн юм. Мэргэжилтнүүдийн тайл­барлаж байгаагаар  УИХ-ын гишүүд төсвийн төслийг одоогийн хэлэлцэж буй хувилбараар баталвал 2011 онд инфляци 12-20 хувьд хүрч өсөх тооцоо гарчээ. Хэдийгээр өнгөрсөн сард төрийн албан хаагч­дын цалинг 30 хувь нэмсэн ч инф­ляцид төдийлөн өөрчлөлт ороогүй бөгөөд аравдугаар сарын байдлаар инфляци жилийн 11,3 хувь байгаа аж. Харин шинэ он гармагц  ху­вийн хэвшлийнхэн  төрийг даган цалингаа нэмэх магадлалтайн дээр  УИХ баахан халамжийн мөнгө хавт­гайруулан иргэн бүрт тараахаар төсвийн төсөлд  тусгасан нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх магадлалтайг төв банкны удирдлагууд нуусангүй. УИХ-аар хэлэлцэж буй төсвийн төслөөс харахад төсвийн зарлага 703 тэрбум төгрөгөөр, нийт алдагдал 476 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа ажээ. Хэдийгээр манай Засгийн газар хямралыг даван туулах хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн ч ирэх оны төс­вийг хэт тэлсэн нь хямралын өмнөх нөхцөл байдлыг давтах магадлалтайг Олон улсын валютын сангаас сануулж, Сангийн яаманд хаяг­ласан  захидал ирүүлсэн гэх. Гэсэн хэдий ч энэ удаад халамжаас тат­галзсан эерэг шийдвэр УИХ-аас гарахгүй нь тодорхой болжээ.

Уг нь валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш оны эхнээс 11 хувиар чангарсан  энэ цаг  үед эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүг бууруулах шаардлага байгаа ч Монголбанк ирэх жилийн төсвийн тэлэлт, халамжийн бодлого нь инфляци хөөрөгдөх магадлалтайг тооцон бодлогын хүүг 11 хувиас буул­гахгүй гэсэн шийдвэрийг за­хир­луудын зөвлөлөөрөө гаргасан байна. Арилжааны банкин дахь компаниудын харилцах дансны хад­галамж оны эхнээс 73, бан­куудын гадаад валютын нөөц 60 хувиар тус тус өссөн, жижиг дунд үйлдвэрлэл, иргэдийн зээл өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн зэргийг Монголбанкны захирлууд тодотгон мэдээлсэн юм.

Төгрөгийн ханш 11 хувиар чангарчээ

Сүүлийн үед дэлхийн нийтийн анхаарлыг татаад буй нэг асуудал нь АНУ-аас хийх гэж буй мөнгөний нийлүүлэлт юм. Тус улсын Засгийн газраас зах зээл дээр 600 тэрбум ам.долларыг нийлүүлэхээр шийдвэрлэсэн нь эдийн засагчдын төдийгүй эгэл иргэдийг алмайруулахад хүрээд байна. Ийн АНУ зах зээлд их хэмжээний мөнгө нийлүүлэх нь манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг Монголбанкны Валют, эдийн засгийн газрын хэлтсийн захирал С.Болдоос тодрууллаа.

-АНУ-ын Засгийн газраас  ам.дол­ларын ханшийг сул байлгах, түүн дээр тулгуурлан бизнесийг дэм­жих үүднээс мөнгөний ний­лүүлэлтийг хийхээр шийдсэн байх. Ингэснээр АНУ-ын төсвийн болоод гадаад худалдааны алдагдал нь буурч байгаа. Мөн ажлын байр их хэмжээгээр нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэл нь өсөх найдлагатай юм. Гэтэл энэхүү бодлого нь дэлхийн бусад орнууд, тэр дундаа Азийн бар орнууд болон Европын орнуудад валютын ханш нь чангарах үзэгдэл гарах магадлалтай. Манайд ч мөн төгрөг чангарсаар байгаа ба цаашид ч чангарах магадлалтай.

-Хүмүүс гадаад валют хямдарч л бай­вал сайн гэж ойлгодог. Гэтэл төг­рөг чангарахаар эдийн засагт сө­рөг үзэгдэл дагуулдаг?

-Манай улсын эдийн засагт их хэм­жээний валют орж ирсээр бай­гаа. Оны эхний 11  сард нэг тэрбум ам.доллартай тэн­цэх хэмжээний валютын цэвэр урс­гал орж ирсний дээр гадаадын хөрөн­гө оруулалт 9,4 тэрбум ам.дол­ларт хүрсэн гэсэн мэдээ байна. Гэтэл манай улсын эдийн зас­гийн урсгал тэнцэл буюу гадаад худалдаа алдагдалтай хэвээр байна. Үйлчилгээний секторын алдагдал 116 хувьд хүрчихээд байна. Ийм тохиолдолд төгрөгийн ханш чан­гарах нь сайн хэрэг биш. Төгрөг чан­га­рахаар үйлдвэрлэгч нарт өрсөлдөх чадваргүй болдог аюултай.

-Оны эхнээс төгрөг хэчнээн хувиар чангараад байгаа вэ?

-Энэ онд манай үндэсний мөн­гөн тэмдэгтийн ханш 11 хувиар чангарсан. Нийт тэнцлийн ашиг 204 ху­виар өссөн байгаа. Энэ бүхнийг ийм хугацаанд барьж байхын тулд Мон­голбанкнаас интервенци хийсэн.

-Мөнгөний нийлүүлэлтийн хэм­­жээ энэ онд 30 хувиар өссөн гэх юм. Ийм мөнгө нийлүүлэх нь сөрөг нөлөөтэй биш үү?

-Мөнгөний нийлүүлэлт энэ онд их өндөр хувьтай байгаа нь үнэн. Гэвч Монголбанк нийлүүлсэн мөн­гөнийхөө 60-80 хувийг инфляцийн дарамт үүсгэхгүйгээр эргүүлэн татаж авсан.

Төрийн банкийг хувьчлах уу?

Төрийн банкийг удахгүй хувьчлах нь гэсэн мэдээлэл нэг хэсэг түгж байснаа сүүлийн хэдэн өдөр Төрийн банк дампуурлын байдалд орсон гэсэн шуугиан дэгдээд байна. Энэ шуугиан үнэний ортой эсэхийг  Монголбанкнаас тодруулсан юм. Тус банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан, хяналт шалгалтын газрын захирал Б.Лхагвасүрэн нар хариулахдаа:

-Төрийн банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өнөөдрийн байдлаар Төрийн банк  болоод бу­сад арилжааны банкуудын алинд нь ч дампуурах, үйл ажиллагаа нь доголдох үзэгдэл гараагүй гэдгийг баттай хэлье. Тус банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадвар хэвийн байна, өөрийн хөрөнгө хангалттай байгаагийн дээр зээлийн эргэн төлөлт ч сайн байгаа. Төрийн банк­ны нийт актив 180 тэрбум төгрөг, зээлийн хэмжээ 48 тэрбум, чөлөөт эргэлтийн мөнгө 100 орчим тэрбум төгрөгт хүрээд байна. Зоос банкнаас шилжүүлсэн 70 тэрбум төгрөгийн зээл ч эхнээсээ хэвийн төлөгдөж байгаа. Харин уг банкийг хувьчлах эсэх нь Засгийн газрын шийдэх асуудал. Бидний зүгээс бол аль болох богино хугацаанд хувьчлах хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлсээр байгаа. Төрийн банкийг төрийн мэдэлд удаах хэрэггүй гэдгийг хэлэх байна гэлээ.

Д.Цээнэ


URL:

Сэтгэгдэл бичих