Яана даа, хөөрхий
Ам.долларын ханш 2000 төгрөгийн босгонд туллаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тэр хэрээр өндийгөөд ирэв. Хэдийгээр хямралтай ч монголчууд бид чардайж байж уламжлалт Цагаан сарын баярын ард гарав. Цаг улам хүндэрч байхад УИХ-ын чуулганаар тодорхой асуудал шийдэлгүй хаачихав. Уг нь анх Ч.Сайханбилэг “шийдлийн” гэх сүржин нэртэй Засгийн газар байгуулсан ч өнгөрөгч хугацаанд нэг ч асуудал шийдсэнгүй, хүндрэлт байдал улам лавсан зузаарсаар.
Ганц шийдсэн асуудал нь Гацууртын орд газрыг ашиглах тухай хуулийг батласан. Энэ нь аанай л гадныханд орд газраа зүгээр шахам ашиглуулах гэрээ хэмээн эсэргүүцэж байна, зарим гишүүд. Үнэн хэрэгтээ 200 сая ам.долларын ашигийг бид арван жилд хүртэх л юм билээ. Нөгөө талаас түүхийн үнэт олдвор хадгалагдаж байдаг Ноён уулаа аврах хөдөлгөөн байгуулаад нэг хэсэг хүмүүс өлсгөлөн зарлаад баярын өдрүүдэд ч шинэлсэнгүй. Гэтэл төрөөс энэхүү өлсгөлөнг хүчээр буулгав. Гишүүд маань ч айсуй сонгуулийн ажилдаа улайраад алга боллоо.
Цагаан сарын баяраар урьд өмнө төрж байгаагүй олон сайн малчинтай болов. Энэ нь аргагүй сонгууль дөхсөнийг гэрчилж байгаа хэрэг. Өнгөрсөн жил хорь гаруйхан Улсын сайн малчин Монголын хэмжээнд төрж байсан бол өнөөдөр энэ тоо даруй гурав нугарч дал гаруй сайн малчинтай болоодхов. Үүнийхээ шагналыг гардуулах гэсэн түшээдийн цуваа хөдөө орон нутгийг ёстой нэг дарж байна.
Юун хямрал. Одоо бид яах вэ. Ингээд л урсгалаараа яваад байх хэрэг үү. Хүлээлт үүсгэсэн Засгийн газар маань өнгөрөгч хугацаанд нэг ч асуудал шийдэж чадаагүй. УИХ ч тэр. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тухай асуудал, Ноён уулаа ухах тухай гэсэн хоёр зүйлээр амьсгалсаар өнөөдөртэй золголоо. Буудахад ч багдмаар Засгийн газар бол яах аргагүй энэ “шийдэгчид” мөн.
“Зүгээр суухаар зүлгэж суу” гэгчээр Ч.Сайханбилэг сайд маань шатахуун бага зарцуулдаг машин унахыг үүрэгдсэн юм байх. Ингэлээ гээд хямралаас гарчихгүй л дээ. Хямралаас яаж гарах вэ гэхээр танана, цомхотгоно, хэмнэнэ гэсэн гуравхан зүйл л ярина. Өөр зүйл бодож сэтгэж чадахгүй ийм л толгойнууд аж.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэ байдал улам л хүндрэх төлөвтэй. Ерөнхий сайд маань арлын орон руу бадар барьж яваад ирсэн даруй УИХ-ын дарга маань ч бас ирсэн замаар нь сурсан дуугаа дуулаад гарч өгөв. Аанай л бадар барьж яваа нь энэ. Өчнөөн боломж байсан ч бид гуйсаар л амьдарч ирсэн. Одоо ч бүр эрээ цээрээ алдан гуйж байх шиг. Яана даа, бид.
unen.mn
URL: