Улаанбаатар хот “Утааны байцаагч”-тай болно

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн хотын тоонд ордог. 2008 оны судалгаагаар нийслэл хотын гэр хороололд нийтдээ 154 мянган өрхийн 600 гаруй мянган иргэн амьдардаг агаад нэг өрх өвөлд 5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг тооцоо гарчээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 90 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, гэр хороололд оршин суудаг иргэдийн үйл ажиллагаа буюу зориулалтын бус зууханд дулаан гаргахаар шатааж буй боловсруулаагүй нүүрсээс үүдэлтэй аж.

Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулах эрчим хүчний хэмнэлттэй, утаа бага гаргах зуухыг Мянганы сорилын сангаас айлуудад тодорхой татаастайгаар олгож эхлээд байгаа билээ. Энэхүү ажлыг хяналттай, зохион байгуулалттай хийх талаар хотын захиргаа, МСС-тай хамтран ажиллахаар Санамж бичиг үзэглэсэн байна.

МСС-гаас олгож буй зуухуудыг эхний ээлжинд нийслэлийн утааны голомт болсон 48 хороонд олгох агаад хуучин зуухаа шинэ зуухаар солих ажил айл бүрт хүрч байгаа эсэх, авсан зуухаа цааш нь дамлаж байгаа эсэхийг хянадаг хариуцдаг байцаагч ажиллуулах юм. Санамж бичигт үзэглэсний дагуу эдгээр байцаагчдад цэвэр агаар төслөөс урамшуулал олгох ажээ. Дашрамд дурдахад, эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд жилийн найман сард нь халаалт шаарддаг билээ.

Д.Туяа


URL:

Сэтгэгдэл бичих