Эзэнгүйрэл
Төрийн ордноор саяхан орлоо. Хааяа хаалга манасан формтой залуус л харагдах, өөр хэн ч байхгүй юм шиг нам гүмхэн, давхруудын урт хонгил хов хоосон, УИХ-ын хэдэн гишүүдийн хаалга татлаа. Таг цоожтой. Арга ч үгүй юмаа даа. Сонин хэвлэлийн биднээс өөр. Энэ үед ажлаа амжуулах гэж явдаг “хачин” хүмүүс эрс цөөн.
Хэд хоногийн өмнө наадамсах үеэс л төрийн байгууллагууд эзгүйрч эхэлсэн. Харин ажлаа хийж байгаа хүн харъя гэвэл Улсын бүртгэлийн газар, үл хөдлөх хөрөнгийн газар гээд гарын таван хуруунд багтах цөөн байгууллагаар ороход эзэнтэй юм шиг санаа төрөх юм.
Эрхэм гишүүд юу хийж байна вэ гэвэл УИХ завсарласан ч байнгын хороод хуралдаж байгаа. Ажил хэвийн гэж хэлэх. Гэтэл хуралдаж байгаа байнгын хороо гэж алга. Нэг хулхи төлөвлөгөө л байх юм билээ. Өдөр бүр байнгын хороод хуралтайгаар төлөвлөжээ. Гэтэл тэр төлөвлөгөөнд хурал бүхний ард “тухайн үед цагийг зарлана”, “өдөр цагийг жич зарлана” гэх зэрэг тайлбар зүүжээ. Энэ нь хуралдана хуралдахгүй байж магад гэсэнтэй адил аж. Тэгэхлээр уг төлөвлөгөө “хулхи” юмны нэг аж.
Хааяа нэг хурал болох өрөө тасалгаа нээгдэхээр, дарга нь эзгүй, бүрэлдэхүүнгүй гээд л аргалчихна.
Ер нь цаана нь бөөн баяр наадам болж байхад хуралдаж суудаг “тэнэг” гишүүн байхгүй бололтой. Тэдний хувьд ямар үе вэ гэвэл дээлний сайхнаа шилж өмсөөд наадам хэсч хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж явах. Юун төрийн алба ажил. Хааяа нэг тааралдсантай нь мэнд мэдэх төдий болохоос албан асуулт тавиад нэмэргүй аж. Харин дурыг нь дагуулаад морь, бөх ярих юм бол нүд нь сэргээд ирэх янзтай.
Урьд нь УИХ-аар батлагдсан хууль амьдралаас хөндий байна. Хэрэгжүүлэхгүй байна гээд л байдаг. Гэтэл чуулган завсарлахаас өмнө гишүүд хууль батлах үүргээ ёстой л гурилдсан даа. УИХ олон чухал асуудлыг тавьж хоносоон. Уг нь аль хэдийнэ батлаад мөрдөж байх учиртай л байм.
Юуны өмнө сонгуулийн хууль батлах ажил бүр хугацаа алдчихав. Уг хуулийг хэлэлцэх үедээ намын бүлгээрээ талцаж чуулган гацаагаад авсан. Сүүлд хоёр талаасаа ажлын хэсэг байгууллаа л гэсэн. Тохиролцсон, тохиролцоогүй гээд л Нарантуул захын наймаачид шиг юм яриад байсан. Тэгээд ч бүтээгүй. Засварлаж таарсан. Энэ сонгуулийн хуультай холбоотойгоор төсвийн тодотгол гэж нэг чухал ажил бас хойш тавигдсан. Тэгснээр төсвөөс санхүүжих нийт ажлын 70-аад хууль хөрөнгөгүйн улмаас зогссон байдалтай байгаа. Ингэж байхад улс орон яаж хөгжхөв дээ.
Тавантолгойн гэрээг даруй батална. Дараа нь сая ам.доллар орж ирж “Эх орны хишиг тараана” гээд л байсан. Тэгвэл уг гэрээ юу ч болоогүй хэвээр. Гол шийдвэрлэх үүрэгтэй сайд дарга нар наадамсаад л явж байна. Гэрээ хэдийд батлагдах эсэх нь тодорхойгүй байгаа. Уг гэрээг бэлэн болгох Засгийн газрын ажлын хэсэг 33 удаа хуралдсан гэдэг. Ажил нь амжаагүй хурлаа тоолоод л өдий хүрэв.
Ядаж гэрээний төслөө ч гишүүдэд тараагаагүйгээр бодоход 33 удаа хуралдсаны хэрэг ч байгаа юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Ер нь төрийн ажил ийн цалгардаж улс орны эдийн засаг хүчгүйдэж байгаа нь УИХ-ынхан, Засгийн газрын зарим сайд дарга нартай л холбоотой юм. Яагаад гэхээр сонгуулийн хуулийг олигтойхон шинэчилчихье гэхээр өөрсдийнх нь сандал суудлыг хөндөх гээд байдаг.
Тавантолгойн гэрээг түргэвчилчихтэй зэрэг бас тэндээс хувь хишиг хүртдэг эрхмүүдийн эрх ашиг будаа болгох гээд. Ийм болохоор л төрд байгаа олигархи гэгддэг бүлгийнхэн шийдвэрлэх ёстой асуудалд “тээг” тавиад байгаа юм. Одоо тэднийг эзгүй байна л гэж байна. Суудал дээрээ байхдаа ч бас эзэнгүй л байсан юм шигээр төсөөлөгдөх. Тэгэхлээр УИХ маань эзэнтэй ч байсан эзэнгүй юм шиг харагдах болжээ.
Д.Бичээчхүү
URL: