13 тэрбум төгрөгөөр тансаг зэрэглэлийн жип худалдан авчээ
Сүүлийн гурван жилд гэхэд л Монголын байгууллагууд 13 тэрбум төгрөгийн тансаг зэрэглэлийн том жип худалдан авсан судалгаа гарчээ. Төрийн дээд, дунд шатныхан голдуу шатахууны хэрэглээ ихтэй, үнэ өндөртэй тансаг зэрэглэлийн жип машин унах болсон нь төсөвт багагүй хүндрэл учруулж байгаа. Төрийн өмчийн хорооноос гаргасан судалгааны дагуу төрийн өмчит 757 байгууллагад 5058 автомашин данслагддаг бөгөөд, тэдгээрийн 812 нь тансаг зэрэглэл том оврын жип, 159 нь дунд оврынх гэнэ. Төрийн өмчийн хорооноос гаргасан судалгаагаар төрийн албанд ашиглаж байгаа нэг авто машинд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа аж. 2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд таван тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна.
Сар шинийн өмнөхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж үүрэг өгсөн байна. Тодруулбал, яам, агентлаг болон төрийн өмчит компанийнхны унадаг шатахуун их ихддэг машины хэрэглээг багасгах, Засгийн газрын тогтоолын дагуу хот дотор 100 километрт 16 литрээс дээшгүй иддэг машин унах шийдвэрийг хэрэгжүүлэх дээр анхаарч ажиллахыг Төрийн өмчийн хорооныхонд даалгажээ.
www.times.mn
URL: