Ноён уулыг аврахын төлөө өлсгөлөн зарлагчдад хүч хэрэглэх хэрэг байв уу
Гацууртын ордыг эзэмшигч “Сентерра гоулд” компанийнхныг уг ордыг ухуулж, ашиглуулахын эсрэг жагсагчид тэмцэж байгаа. Тэдний тэмцэл 10 гаруй хоног үргэлжилж байна. Өлсгөлөнгөөс болж 61 настай эмэгтэйн бие муудаж, даралт нь ихэсч, эмнэлэгт хүргэгдсэн. Харин өлсгөлөн зарлаж буй үлдсэн тэмцэгчид мөн л бие нь тааруу байгаа. Эмнэлэгт хэвтэх шаардлага гэж байгаа ч, тэмцэгчид өөрсдөө явахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн. Тэд төр засгийн удирдлагууд ямар нэг хариу өгөхийг хүлээж байгаа. Хэрэв хариугаа өгөхгүй бол өнөөдрөөс хуурай өлсгөлөн зарлахаар байсан. Ингэхдээ гэр барих зөвшөөрөл хүссэн ч, өгөөгүй учир гэрээ барьсан байна. Цагдаагийн байгууллагын зүгээс ч өлсгөлөн зарлагчдыг тарах шаардлагыг өгч байсан ч, эс биелүүлсэн болохоор өчигдөр шөнө хүчээр тараан авч явжээ.
Сүүлийн өдрүүдэд Гацууртын ордыг ухуулахгүй гэх тэмцэгчидтэй холбоотой мэдээлэл нэлээд цацагдаж байгаа. Тухайлбал, эдгээр тэмцэгчдийг өдөрт мөнгө авч, жагсаал хийж, өлсдөг гэх болсон. Магадгүй үүнийг тэмцэгчдийн эсрэг явуулж буй арга хэмжээ ч гэж харж болохоор байна. Иргэний хөдөлгөөнийхөнд дургүй байгаа хэсэг бол мэдээж Гацууртын ордыг ухаж, ашиглахыг хүсэж байгаа ашиг сонирхолтой “Сентерра гоулд”-ынхон болон тэдэнд тусалж буй улстөрчид бий.
“Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аварцгаая” хөдөлгөөний төлөөлөл хэвлэлийнхэн мэдээлэл хийж, мэдэгдэл гаргасан. Тэд мэдэгдэлдээ “Бид монголчуудын төдийгүй дэлхийн соёлын өв болсон түүх дурсгалын үнэт олдворуудаа хамгаалах, эх орныхоо бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэх, уул ус, гол мөрнөө харийнхны гарт сүйтгүүлэхгүйн тулд бүтэн сарын хугацаанд тэмцсээр байна. Энэ тэмцэл үргэлжилсэн ч эрх баригчид бидний саналыг сонсохгүй өөрсдийн дураар шийдэж Ноён уулыг ухуулах үйл ажиллагааг хийлгэж гэж байгаа учраас өлсгөлөн зарлаж байна” гэв.
Өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдэж, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүдэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Харамсалтай нь үүний хариу болгож бичиг ирээгүй. Харин зарим гишүүн, иргэд, олны танил хүмүүс тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурсаар байгаа. Амь насаараа дэнчин тавьж тэмцэж байгаа тэдний тэмцэл хуурай өлсгөлөн зарлахад хүргэлээ. Цаашид төр засгийн удирдлагуудаас хариу ирэхгүй бол тэмцлийн хэлбэрээ хэрхэхийг одоогоор хэлэх боломжгүй. Хэдийгээр өлсгөлөн зарлагсдыг хүчээр тараасан ч, тэмцлийн хэлбэрээ өөрчилж, эсэргүүцэхийг үгүйсгэхгүй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Гацууртын ордыг ашиглах асуудлаар байр сууриа нутгийн иргэдэд илэрхийлж байсан удаатай. Тэрбээр иргэдтэй уулзах үеэрээ хэлэхдээ “Ноён уул руу халдаад, Гацуурт руу орох гээд байгаа. УИХ-ын зүгээс онцгой хяналт тавина. Үүнийг ашиглуулахын бол улс руу мөнгө нь ороод аймаг, орон нутаг руу мөнгө нь орохгүй шүү. Би дээрээс чинь дэмжээд өгье. Та нар дэмжихгүй бол ухуулахгүй” гэж хэлсэн дуу бичлэг нь үлджээ. Гэвч УИХ-аар Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж, “Урт нэртэй” хуулийн үйлчлэлээс гаргасан. Энэ бол ордыг эзэмшигч “Сентерра гоулд”-ын ашиг сонирхол, шуналтай гарцаагүй холбоотой. Энэ ч утгаараа Гацууртын ордод төр хувь эзэмшихгүй, нөөц ашигласны төлбөр авч байх эрх зүйн орчныг бий болгож баталчихсан. Гацууртын ордтой ойролцоо орших Ноён уулын доор байх баялаг, үнэт олдворыг улсын хамгаалалтад авах ёстойг ч нэр бүхий гишүүд санаачилсан. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Арвин, Л.Болд, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Оюунгэрэл нар Ноён уулыг улсын хамгаалалтад авах төслийг Засгийн газарт хүргүүлээд байгаа. Тэд “Улс гүрнүүд төр улсынхаа түүхтэй холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлүүд, хөшөө дурсгалд маш болгоомжтой ханддаг. Өнөөдөр өвөг дээдсийн бунхан, түүн дээр босгосон хөшөө дурсгал бидний үеийг хүртэл хадгалагдаад ирсэн. Хаад ноёд, алтан ургийн язгууртнуудтай холбоотой хөшөө дурсгалууд ихэвчлэн байгаа. Бид байгаа юмаа хамгаалах ёстой. Ноён уулыг хамгаалахын төлөө хатуу зогсоно” гэж мэдэгдсэн. Эдгээрээс зарим гишүүн нь Гацууртын ордыг ашиглах ёстой гэдгийг дэмжиж, кноп дарж, үг хэлсэн нь бий. Тэмцэгчдийг дэмжиж байсан улстөрчдийн байр суурь өөрчлөгдөж, “Сентерра гоулд”-аар Гацууртын ордыг ухуулах хэрэгтэй гэх болсонд юу нөлөөлөв гэж хардахад хүргэж байгаа юм. Эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж байгаа өлсгөлөн зарлаж байгаа хүмүүсийг муу хэлж, тэднийг мөнгө авч жагсдаг гэлцэж буй нь ч хэн нэгний явуулга, дуугүй болгох гэсэн санаархал ч байж мэдэх аж.
Ц.Гэрэл
URL: