Хэлмэгдэгсдийн хөшөө яг Тяньанминий талбай шиг…
Монголын төр харанхуй шөнөөр сүрийг үзүүлж эх орон газар нутгийнхаа төлөө тэмцэж буй залууст төмөр нүүрээ харууллаа. Харанхуй шөнөөр цэрэг дайны зориулалттай техник авч ирж ард түмнээ айдас хүйдэст автуулж, хүч хэрэглэн өлсгөлөн зарлаж байсан ”Босоо хөх Монгол” ТББ болон иргэдийг хүчээр тараалаа. Тусгай хүчний хэдэн зуун цагдаагийн өмнө энгийн иргэд хүчин мөхөсдөж ”Элбэгдоржоо хэлсэн амандаа хүрээч” гэж гуйж орилсноос өөрийг хийж чадсангүй. Биднийг сар шинийн баяраа тэмдэглэж байхад хүйтэн цементэн дээр даарч, өлсөж 300 гаруй цаг хэвтсэн тэднийг төрийн тэргүүн, эрх мэдэлтнүүд нэг нүдээрээ ч хялайж хараагүй. Харин өчигдрөөс гэр барьж хуурай өлсгөлөн үргэлжлүүлэхээр болсон тэднийг “дээрээс” албадан буулгалаа. Өнөөдөр уул усаа ухуулахгүй, хөндүүлэхгүй гэж өлсгөлөн зарлаж байсан газар юу ч болоогүй юм шиг эл хуль… Хятад оюутнууд Тяньанминий талбай дээр ардчиллыг шаардан жагсаж цуглахад эрх баригчид нь нэг шөнө цэрэг, танк оруулж “цэвэрлээд” маргааш өглөө нь Тяньанминий талбайд юу ч болоогүй, юу ч байгаагүй мэт “цэмцийж” байсан гэдэг. Манай төр засаг, хүчний байгууллагууд ч ялгаагүй тэднийг “цэвэрлэжээ”. Өлсгөлөн зарласан залуусыг Чингэлтэй дүүргийн эмнэлэгт аваачсан сурагтай байна. Босоо хөх Монгол бүлгэмийн https://www.facebook.com/profile.php?id=100007572735640&fref=ts цахим хуудсанд мэдээлснээр “2 Сарын 24-ий 00:50 цагийн үед Ноён уулаа хамгаалж Хэлмэгдэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлаж байсан долоон иргэн, тэднийг хамгаалж байсан 70 гаруй иргэнийг цагдаа, тусгайгийнхны хүчээр дээрээс нь Сүлжээ унагагч ашиглан мэдээллийг гадагш цацахаас сэргийлж хаалттайгаар бүгдийг буулгаад ачаад явчихлаа. Тэднийг Чингэлтэй дүүргийн эмнэлэг дээр аваачсан байна” гэжээ.
Эх сурвалж: www.polit.mn
URL: