“Аль-Кайда”-гийн хамсаатнууд өрнөдийг дахин заналхийлэв
Лалын алан хядагчид Америкийн томоохон худалдааны төвүүдэд халдлага үйлдэнэ хэмээн заналхийлсны дараа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тэргүүн Жех Жонсон ард иргэддээ хандан сонор сэрэмжтэй байхыг уриаллаа. “Аль-Кайда”-тай хамтран ажилладаг “Аль-Шабаб” бүлэглэлийн сүрдүүлгийг Амеркийн нууц албаныхан ихэд нухацтай хүлээн авч байгаа аж. “Аль-Шабаб”-ын дайчдын видео мэдэгдэлд Америк, Канад, Их Британи дахь худалдааны төвүүдэд халдлага үйлдэхийг жихад дайчдад уриалсан юм.
“Аль-Шабаб” бүлгийнхэн 2013 онд Кенийн Найроби хот дахь Westgate худалдааны төвийг довтолж 67 хүний аминд хүрч байсан билээ. Ж.Жонсон CNN-д ярилцлага өгөхдөө, дээрх сүрдүүлэг, заналхийлэл нь терроризмийн шинэ үе шатны нэг хэсэг хэмээн онцолжээ. Учир нь ганцаар, бие дааж хөдөлдөг терроризмийг шүтэгчид төрж, өссөн улс орондоо аллага үйлдэх магадлал нэмэгдсээр байгаа юм. “Террорист байгууллагууд халдлага, довтолгоонд уриалах бүрт бид анхаарал, сэрэмжээ дээшлүүлэх хэрэгтэй” хэмээн Үндэсний аюулгүй байдлын тэргүүн хэлж байна.
Видео заналхийлэл дээр нүүрээ нуусан эр британи аялгаар “Аль-Шабаб”-ын дагагчдыг Америкийн худалдааны төвүүд болон еврейн өмч хөрөнгийн эсрэг халдлага үйлдэхийг уриалжээ. Бүр Миннесота дахь Mall of America (АНУ-ын хоёр дахь том худалдааны төв), Канадын Алберта хот дахь West Edmonton Mall худалдааны төвийг тусгайлан нэрлэсэн байна. Мөн Лондоны Оксфорд гудамжны худалдааны бүс болон Westfield худалдааны төвд халдлага үйлдэхийг уриалжээ. Америк, Канад, Британийн цагдаа, тагнуул, тусгай албад алан хядагчдын видео мэдэгдэлд дурдагдсан худалдааны төвүүдийг хүч нэмэгдүүлэн хамгаалахаар болсон тухай мэдээлэл ирж байна. “Аль-Шабаб” видео мэдэгдэлдээ дээрх төвүүдийн зураг, дүрсийг хавсаргасан байв. Британийн тусгай нууц алба мэдэгдлийг уншсан британи аялгатай эрэгтэйн талаар мэдээлэл цуглуулж байгаа аж. “Исламын улс” бүлгийн барьцаанд байгаа хүмүүсийг цаазлахаас өмнө хутга барьж, нүүрээ халхлан мэдэгдэл хийдэг террорист нь Британийн уугуул иргэн болохыг тусгай албаныхан тогтоосон юм.
Америкийн Миннесота хот нь сомали гаралтай лал шашинтай иргэд ихээр амьдардаг газар юм. Өнгөрсөн долоо хоногт энэ хотын нэгэн иргэн “Исламын улс” бүлгийг дэмжиж хуйвалдаан зохион байгуулсан хэргээр буруутгагдаад байгаа билээ. Канад, Франц, Данийн аюулгүйн албад дотоодын алан хядагчдаас ихэд болгоомжилж, аюулгүй байдлаа чангатгаад байна. Франц, Дани улсад сүүлийн хэдэн долоо хоногт аймшигтай аллага, халдлага гарч нийгмийг доргисон юм. Франц, Данид төрж, өссөн иргэд халдлага үйлдсэн нь тусгай албадын толгойны өвчин болж байна.
Н.МӨНХЖИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: