ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ШИНЭ ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛНА
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг байгаль орчинд хоргүйгээр устгах нь манай орны төдийгүй дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг.
Манай улсын эмнэлгүүдийн 90 орчим хувь нь эм, эмнэлгийн хог хаягдлаа эрүүл ахуйн шаардлага хангахгүй шатаах зуух ашиглан устгадаг нь хавдар үүсгэгч химийн бодис үүсгэдэг байна. Эл асуудлыг шийдэхийн тулд ДЭМБ болон нэгдсэн үндэстний төрөлжсөн байгууллагууд хамтран төсөл хэрэгжүүлж эхэлжээ.
Төслийн хүрээнд Увс, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод аймгийн тус бүр дөрөв, ГовьАлтай, Баянхонгор, Өмнө- говь аймгийн тус бүр хоёр сум буюу нийт 26 сумын эмнэлэгт эмнэлгийн хог хаягдлыг шатаах бус арга технологиор боловсруулахад шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг өчигдөр гардууллаа.
Шатаах бус технологи нь бичил долгион, өндөр даралтат уураар (автоклав) эмнэлгүүдээс гарсан хог хаягдлыг халдваргүйжүүлж, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд халгүй устгах арга аж.
Түүнчлэн дээрх сумдын эмч, эмнэлгийн ажилтан, ажилчдыг хог хаягдлыг зөв ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, халдваргүйжүүлэх, шинэ багаж төхөөрөмжийг зөв ажиллуулах, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг зүй зохистой хэрэглэх аргад суралцуулах үүднээс гурав хоногийн сургалтад хамруулжээ.
С.Заяа
URL: