Намрын чуулганаар юу амжуулав
УИХ-ын намрын чуулган энэ сарын 18-нд буюу Цагаан сарын битүүний өдөр хаалтаа хийлээ. Монголчуудын ураг төрлийн хамгийн том баярыг тултал хуралдсан чуулганаар харин ямар асуудал хэлэлцэв. Түүнчлэн энэ намрын чуулганы үр дүн болоод, ямар хуулиудыг батлан гаргасныг тоймлон хүргэе. УИХ-ын дарга З.Энхболдын хэлснээр УИХ намрын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдааныг 48 удаа, Байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 170 удаа хуралджээ. Мөн энэ хугацаанд 165 хууль, 44 тогтоол хэлэлцэж баталснаас бие даасан хууль 13, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 124, хууль хүчингүй болгох тухай хууль 15, олон улсын гэрээ, конвенц соёрхон батлах, нэгдэн орох тухай тухай хууль 11-ийг баталсан байна. УИХ намрын чуулганаа битүүний өдөр өндөрлүүлсэн. Уг нь хуулиараа намрын чуулганыг хоёрдугаар сарын 10-нд завсарлуулах ёстой ч Засгийн газраас өргөн мэдүүлсэн яаралтай горимоор шийдэх ёстой хуулийн төслүүдийг батлахын тулд УИХ-УИХын дарга захирамж гаргаснаар намрын чуулганыг завсарлуулах хугацааг долоо хоногоор сунгасан юм. Ингэснээр хэд, хэдэн чухал хуулийн төслийг УИХ битүүний өдөр амжиж батлав.
Тухайлбал, чуулганы хаалтын өдөр Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг эцэслэн баталсан. Уг хөтөлбөрт Тавантолгой, Оюутолгой төслийг эрчимжүүлэхээс гадна санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, ажлын байрыг хадгалах, эдийн засгийн тогтвортой өсөлтийн суурийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээ авахаар төлөвлөсөн юм. Түүнчлэн УИХ-ын намрын чуулганаар баталсан хамгийн чухал хуулийн нэгд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл зүй ёсоор багтаж байна. Энэ хуулийг баталснаар Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг1435 мм-ийн өргөн царигтай, Арц суурь-Эрдэнэт, Тавантолгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чой-бал сан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг1520 мм-ийн өргөн царигтай барихаар болж, байна. Гэхдээ Тавантолгой стратегийн ордыг ашиглах гэрээ хэрхэн байгуулагдахаас төмөр замын хувь заяа давхар яригдах юм.
С.Баярцогтыг авч үлдэн, “Урт” нэртэй хуулийн журмын тухай хуульд өөрчлөлт орууллаа
УИХ-аар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Уг хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс УИХ дахь МАХН-МҮАН-ын“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд эсэргүүцэж, “Нухацтай судлах шаардлагатай” гэж үзэн, завсарлага авч байсан ч эцсийн мөчид УИХ шийдвэрээ гаргалаа. Энэ хуулийн хүрээнд гол мөрөн, ой, усны эхтэй холбоотойгоор300 гаруй газар уул уурхайн олборлолт сэргэх боломжтой болно гэж үзэж байгаа юм. Ингэхдээ олборлолтыг хийхдээ тогтоосон хязгаарлалтын бүсээс 200 метрээс дотогш нэвтрэхийг хуулиар хориглосон. Харин дараагийн нэг анхаарал татахаар асуудлыг эцэслэсэн нь ЗГХЭГ-ын даргыг хэвээр үлдээсэн явдал байлаа. Тодруулбал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг бие даагч гишүүд болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар гаргасан байсныг УИХ хүлээж авсангүй.
Ингэснээр сайд С.Баярцогт суудалдаа үлдлээ. Түүнийг огцруулах үндэслэлд“Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт суулгуулж, 455 сая төгрөгийг шилжүүлсэн” гэж гаргасан байсан юм. Гэвч асуудлыг хэлэлцэх үеэр Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг тавьсан гишүүд нэгдсэн хуралдаанд оролцоогүй учир УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар горимын санал гаргасан. Тэрбээр Засгийн газрын гишүүнийг огцруулах төсөл өргөн барьсан гишүүд хуралдаанд оролцоогүй учир чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38.2-д заасныг үндэслэн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсч, санал хураалт явуулан асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн горимын санал дэмжигдсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагагүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн А.Бакей танилцууллаа. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Сарангэрэл нар асуулт асууж, хариулт авсан юм. Ингээд Засгийн газрын гишүүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 97.6 хувь нь огцруулах шаардлагагүй гэж үзлээ.
Өрийн удирдлагын хуультай болж, Ашигт малтмалын тухай хуулийг анхны хэлэлцүүлгээр батлав
УИХ Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлахдаа энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр улсын өр ДНБ-ий 58.3 хувиас хэтрүүлэхгүй гэж хязгаар тавьсан. Гэвч өрийн асуудлыг цогцоор авч үзэх шаардлагатай болсон тул Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн байсныг УИХ сүүлчийн хуралдаанаараа эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр өрийн удирдлагын бодлого, стратеги, түүнд нийцсэн арга хэмжээг боловсруулах, гадаад өр үүсгэх замаар хөгжлийн бодлогыг тодорхой хэмжээнд дэмжих, дотоодын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, тэдгээрийн зохистой төвшинг хадгалах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн УИХ-аар Ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, 93 хувийн саналаар хэлэлцэн баталжээ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед гишүүд анхны хэлэлцүүлгээр нь хуулийн төслийг батлах санал гаргасан нь УИХ-ын төвшинд дэмжлэг авч батлагдсан нь энэ. Дээрх хууль батлагдсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн хувь эзэмшлийг өөртөө авъя гэж үзвэл рояалтын татвар дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлж байх сонголт хийх боломжийг олгожээ. Ингэхдээ тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг дээд тал нь таван хувь хүртэл гэж тусгаад байна. Түүнчлэн намрын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө УИХ Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг томиллоо. УИХ-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хорооны даргаар Ч.Содномцэрэнг улираан томилуулах, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн даргаар Ц.Болдсайханыг томилуулах санал гаргасныг УИХ дэмжин, батлав.
Монголчууд хос бичигтэн болж, Цөмийн энергийн хуулиа мөрдөнө
Энэ жилийн Цагаан сарын өмнөхөн монголчууд бид Монгол хэлний тухай хуультай болов. Хэдийгээр хууль санаачлагчид нь сайн хуултай боллоо хэмээн олзуурхаж байгаа ч томоохон эрдэмтэн судлаачдын эсэргүүцэл байгааг энд хэлэх нь зүйтэй болов уу. Энэ хуулийн дангуу 2025 оноос манай улс кирилл бичиг, уйгаржин монгол бичиг гэсэн хос бичигтэй болох юм. Гэхдээ хүн бүрийг заавал хос бичигтэн бол гэж тулган шаардаагүй гэж хуулийн төслийг санаачлагчид нь тайлбарлаж байгаа. Харин олон хүний эгдүүцлийг хүргэж буй заалт нь Монгол хэлний тухай хуулийг зөрчвөл цалингийн доод хэмжээг таваас хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Эх хэлээ бүрэн эзэмшиж, зохих газар нь хэрэглэж чадахгүй бол та захиргааны хариуцлага хүлээхээр болж байна. Энэ хууль Монгол Улсын иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээд, манай улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, бүртгэлтэй хуулийн этгээд болон байнга үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын байгууллагуудад хамаарах юм. Монгол Улсын хэмжээнд монгол бичгийн хэлний зөв бичих тогтсон дүрэмтэй байх бөгөөд бүх хуулийн этгээд, иргэд уг дүрмийг дагаж мөрдөх аж. Түүнээс гадна төрийн албанд ажиллах бол монгол бичгийн шалгалт авна гэж заасан нь төрийн хэлний хэрэглээнд монгол бичгийн хэрэглээ нэмэгдэхээр түүнийг ядаж уншаад ойлгочих хэмжээний хүн төрийн алба хаших ёстой гэж үзсэнтэй холбоотой юм байна. Мөн Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлав. Энэ хуулиар Монгол Улсын чөлөөт бүс гэсэн хэсэгт бооцоот тоглоомын газар байгуулж болно гэсэн товчхон заалт тусгасан байгаа юм. Түүнчлэн Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 50.76 хувийн саналаар баталсан юм. Энэ хуулиар Цөмийн энергийн газрыг татан буулгаж байгаа бөгөөд чиг үүргийг нь бусад яаманд хуваарилан өгч, энэ салбарыг хариуцах үндэсний комисс ажиллахаар болж байна.
Засаг солигдсон намрын чуулган
Энэ удаагийн намрын чуулан өмнөхөөсөө маш том ялгаатай. Энэ нь намрын чуулганы хугацаанд хоёр ч Ерөнхий сайд Засгийн газрын тэргүүлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын намрын чуулган2014 оны аравдугаар сарын1-нд нээлтээ хийж, түүнээс 16 хоногийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах хуулийн төслийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өргөн мэдүүлсэн юм. Цөөнхийн бүлгийн 26 гишүүний саналыг дэмжиж, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нар нэгдсэн байлаа. Харин үүнтэй зэрэгцээд намрын чуулган эхэлсэн даруйд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, УИХ хэлэлцэн баталсан юм. Гэвч арваннэгдүгээр сарын 5-нд УИХ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр УИХ анх удаа Монгол Улсын 2015 оны төсвийн төслийг Ерөнхий сайд ч үгүй, Сангийн сайд ч үгүй баталсан явдал яах аргагүй онцлох үйл явдал байлаа. Хэдийгээр ийнхүү эзэнгүй төсвийг УИХ хугацаанд шахагдаж баталсан ч 2015 оны эхээр тодотгосон юм. Харин ийнхүү Засгийн газраа танхимаар нь унагасан УИХ 16 хоногийн дараа буюу арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилов. Түүнийг АН Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулж, намын бүлэг нь дэмжсэнээр УИХ-д санал болгосон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танхимаа 15 яам, 19 сайдтайгаар байгуулж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснийг арванхоёрдугаар сарын 9-нд баталжээ. Тодруулж хэлбэл, арванхоёрдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын танхимд бүрдсэн гэсэн үг.
А.Бакей: Намрын чуулган төлөвлөсөн ажлынхаа 60 гаруй хувийг баталсан
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ийнхүү хэлж байна. Тодруулбал, тэрбээр намрын чуулганы үр дүнгийн талаар хэлэхдээ “Намрын чуулганаар нийт 21 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнээс хэрэгжилт нь 60 гаруй хувьтай байна. Намрын чуулганы хугацааны дийлэнх хэсгийг ний нуугүй хэлэхэд Засгийн газрыг огцруулах цаашлаад сайд нарыг огцруулах. Эргээд Засгийн газрыг бүрдүүлэх гэх мэт ширээ сандалтай холбоотой асуудалд хамаг цагаа барсныг олон түмэн мэдэж байгаа болов уу. Гэхдээ хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ажлуудын зэрэгцээ бусад хуулийг баталж гаргасан. Энэ дотор хамгийн гол хуулиудыг нэрлэбэл, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж гаргасан. Мөн намрын чуулганы төгслгөлд Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Соёлын тухай хуулийг ч энд нэрлэж болно” гэлээ. Мөн УИХ-д өргөн мэдүүлэгдсэн 119 хууль тогтоолын төсөл байгаагаас хэлэлцүүлгийн шатанд 68, хэлэлцэж эхлээгүй 51 төсөл хүлээгдэж байгаа ажээ.
М.Өнөржаргал
URL: