МАН-ын даргын сар шинийн мэндчилгээ
МОНГОЛ ТҮМНИЙ МИНЬ ОЙ УХААН САРУУЛ, ОЮУНЫ МЭЛМИЙ ГЭГЭЭН ТУНГАЛАГ, ӨЛМИЙ БАТ ОРШИХ БОЛТУГАЙ!
Үзэсгэлэн төгөлдөр, өргөн уудам эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа ахмад буурлууд, нийт ард иргэддээ болон хилийн чандад оршин сууж, сурч боловсорч буй элэг нэгт монгол ахан дүүсдээ билгийн тооллын XVII дугаар жарны модон хонин жилийн сар шинийн мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Улиран одож буй Ялгуусан хэмээгч модон морин жилд монголчууд бид өнө хойч үедээ өргөө цагаан гэртээ өнөр олуулаа жаргахын өлзий дэмбэрэл билэгдэн сар шинийн босгон дээр сайхан учирал тохиож гурван саяуулаа боллоо.
Малчин, тариаланч түмний маань хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр шимээр буянт мал сүрэг өсөж, үр тариа, хүнсний ногооны арвин их ургац хураан авлаа. Манай улсад эдийн засгийн хямрал нүүрлэж, нийгмийн амьдрал хүндэрсэн хэдий ч олон мянган жилийн баялаг түүхтэй, уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар үндэснийхээ онцлогт илүү зохицож, хөгжлийнхөө дархлааг хадгалах, бэрхшээлийг даван туулах чадвараараа бусдаас давуутай болохоо харуулж байна.
Ардын хувьсгалыг ялалтанд хүргэж, хэлмэгдүүлэлт, дайны хүнд хүчрийг даван туулж, улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулан, иргэдээ эрүүлжүүлж, гэгээрүүлэх үйлсийг маналайлсан. Өмнөх зууны их бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, эдийн засаг, нийгмийн ардчилалыг эерэгээр хүлээн авч дэмжин тайван замаар өөрчлөлт, шинэчлэлийг хийсэн. Монгол Ардын Намын улс эх орноо олон жил удирдсан туршлага, алдаа онооны сургамж өнөөдөр ч үнэ цэнтэй хэвээр байна.
Иймд МАН эх орныхоо үндэсний аюулгүй байдал, ард түмнийхээ язгуур эрх ашгийн төлөө үндэсний зөвшилцөл, эв нэгдлийг эрхэмлэн эдийн засгийн хямралыг даван туулахад хамтран зүтгэж, хариуцлагын хүнд ачааг үүрэлцэхээр “Шийдлийн Засгийн газарт” орж ажиллах шийдвэр гаргалаа.
Өнөөдөр бид улс орноо хөгжүүлж, өөдлөн дэвжье гэвэл уламжлал, түүхээ үнэн бодитоор нь харж, эв эеэ эрхэмлэх, эцэг дээдсийнхээ сургаалыг эргэн санах цаг ирлээ.
Баялагт шүтсэн дан ганц нэг салбараас хамааралтай хөгжлийн загвар монгол ахуй амьдралтай олон талаар зөрчилдөж эх оронд минь нутагшихгүй болох нь нэгэнт тодорхой байна. Энэ цаг үед намчирхал, талцал эх орныхоо эрх ашигаас илүүд үзэх эрх мэдэл, эд хөрөнгийн хийрхэл, цэцэрхэл туйлдаа хүрч хэтэрлээ. Бид Монгол гэдэг ганцхан нэртэй, Монгол хүн бүхэн нэг л эх оронтой, Монголын иргэн бүгд нэгдмэл зорилготой байх учиртай. Төрийн жолоог атгасан хэн нэгэн эрх мэдэлдээ эрдэн эх орны хувь заяаг өөрийн дур зоргоороо залуурдахын горыг монголын ард түмэн өнөөдөр амсаж байна.
Монголын улс төрийн намууд ойлголцол, зөвшилцлийг эрхэмлэн, өөрийн орны онцлогт тохирсон алс хэтийг харсан хөгжлийн загвараа тодорхойлон, ямарч нам, эвсэл ялсан ягштал баримтлан хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөр боловсруулж нэгэн зорилгод нэгдэн эв эеийг хичээн хамтран зүтгэвээс эдийн засгаа эрүүлжүүлж, алдаа, гажуудлыг арилгаж чадна гэдэгт бид итгэлтэй байна. Ямарч үед хамгийн үнэ цэнэтэй эрхэм баялаг “Монгол хүн” болохыг төр ой санамжидаа өнө мөнхөд хадгалан иргэнээ дээдлэх ёс, хүний хөгжил эн тэргүүний эрхэм зорилго байх болно.
Угтан ирж буй хонин жилдээ хотол түмнээрээ хавартаа тавтай, зундаа дэлгэр сайхан, намартаа налгар, өвөлдөө өнтэй тарган байж, айл бүхэн аз жаргалтай, инээд хөөртэй, элбэг хангалуун, хүн бүхэн итгэлийн галтай, хийморийн цогтой, төвшин амгалан амьдарч, тэнгэрийн энтэй мөрөөдөлтөй, дэлхийн дайтай бүтээлтэй, уужим сэтгэлтэй, ухааны цартай, тэгш дүүрэн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье !
Монгол түмний минь ой ухаан саруул, оюуны мэлмий гэгээн тунгалаг, өлмий бат орших болтугай!
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Ардын Намын дарга Миеэгомбын Энхболд
URL: