Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ
VII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдрийн барилдаанд Монгол улсын дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Улсын арслан Д.Ганхуяг, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Улсын гарьд Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан, Улсын заан Ч.Санжаадамба тэргүүтэй улс аймгийн алдар цолтой бөхчүүд хүрэлцэн ирсэн юм. Хүчит бөхчүүдээс шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяа Өсөх идэр начин Пүрэвдагва, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь, Булган аймгийн Бүрэг хангай сумын харьяа улсын заан М.Өсөхбаяр нар тунан үлдсэн юм. Улмаар Н.Батсуурь, Пүрэвдагва нар өвдөг шороодож Ч.Санжаадамба, М.Өсөхбаяр нар үзүүр түрүү булаалдахаар тунаж үлдлээ.
Ингээд VII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонь жилийн сар шинийн баярын барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяа М.Өсөхбаяр үзүүрлэлээ. Түрүүлсэн бөхчүүдэд Монголын Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баяр хүргэж, батламж, бэлгийн хамт гардууллаа.
Ч.Санжаадамбын хувьд 2010 онд Сар шинийн барилдаанд түрүүлж байсан, бөгөөд ийн хоёрдахь удаагаа сар шинийн барилдаанд түрүүллээ.
URL: