ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нарыг суллаж, 1 тэрбум гаруй төгрөг улсад төлүүлэхээр боллоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгч, ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүх уг хэргийг 2014 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд С.Батмөнх, Д.Эрдэнэбат нар нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус бүр төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6 жил 6 сар чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан. Мөн С.Батмөнхийн эзэмшлийн “land Cruiser-200”, Д.Эрдэнэбатын эзэмшлийн “Тоyота Hilux” машинуудыг хураахаар шийдвэрлэсэн юм. Харин М.Батболдыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, Эрүүгийн хуулийн 1661дүгээр зүйлийн 1661.2 дахь хэсэгт зааснаар “Нummer H3” маркийн автомашиныг хурааж, 7 жил чанга дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан байна. Харин Г.Наранцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх дээрх хэргийг 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Улсын Дээд шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зарим өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв. Тухайлбал, С.Батмөнх, Д.Эрдэнэбат нарт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөв. Харин тэдний төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тус тус хэвээр үлдээсэн юм.
Мөн М.Батболдод Эрүүгийн хуулийн 1661 дугаар зүйлийн 1661.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35.6-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 болгон өөрчилж, төрийн албанд ажиллах эрхийг 2 жил хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14 040 000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.
Хуралдаанаас С.Батмөнх, Д.Эрдэнэбат, М.Батболд нарын цагдан хоригдсон хоногийг торгох ялтай дүйцүүлэн тооцож, тэднийг суллахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн эд хөрөнгө битүүмжилсэн шийдвэрийг өмнөх шатны шүүх хүчингүй болгосныг сэргээж, хохирлын мөнгө болох 1 тэрбум 62 сая төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Б.Анир uls
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Dabartsan Ium be ingeed tolgoig n ileed baibal arai dendnee