Иргэд эх орны хишгээ авах гэж улам л зүдрэх нь

“Хүний хөгжил сан”-гаас иргэдэд мөнгө олгож эхэлсэн цагаас эхлэн банкны үүдэнд хуучин картын барааны үеийнх шиг дараалал гарч эхэлсэн билээ. Өнгөрсөн сонгуулийн үеэр улстөрчдийн амласан мөнгийг авах ёстой гэсэн байр сууринаас хандагсад, хүний хөгжлийн мөнгөөр амьдрал ахуйгаа голлон залгагсад, өндөр настан, залуучууд гээд бүгд энэ мөнгөний төлөө үдэш оройгүй дугаарлах нь бий. Хүмүүсийг чирэгдүүлэхгүйн үүднээс олон банкаар зэрэг энэ мөнгийг тарааж болдоггүй юм уу гэсэн яриа эртнээс гарсан.

Гэхдээ хүмүүсийн ярихаар халамжийн мөнгийг тараах нь бизнесийн байгууллагуудад ямар ч ашиггүй байдаг учраас банкууд хөдөлж өгдөггүй гэнэ, хуучин төрийн өмчинд байсан дадлаараа  л “ХААН”, “Хадгаламж” банк энэ ачааг үүрдэг хэмээн учир мэдэх хүмүүс өгүүлж байсан. Өмнө нь хүүхдийн мөнгийг тараахаар болж банкуудад хүсэлт  тавихад гурван банк л зөвшөөрч, сүүлд 21 мянгыг тараах тендерт оролцох банк олдоогүйгээс нөгөө гуравт нь ацагласан гэх. Уг нь цөөхөн хэдэн банкаар бус улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг шилдэг тэргүүнийхээрээ зарлуулаад байдаг  бүхий л банкууд энэ ажилд нэгэн зэрэг гар хөлөө хөдөлгөдөг бол  21 мянгын төлөө хамаг цаг, заваа баран зогсохгүй гэх хүмүүс ч байдаг. Тэгвэл сүүлийн үед “ХААН” банк энэ мөнгийг тараахаас эрс татгалзсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх болов. Энэ тухай мэдээллийг тодруулахаар тус банкийг зорив. “ХААН” банкны хэд хэдэн салбараар ороход Хүний хөгжлийн мөнгийг одоогийн байдлаар олгоогүй байна гэсэн юм. Харин “Хадгаламж” болон “Kапитал” банкуудаар мөнгийг тарааж байгаа бөгөөд иргэд урт дараалал үүсгэн дугаарлаж байна. Бүр урьдынхаасаа ч илүүтэй үргэлжилсэн дараалал харагдана. Нэг талаас баяр наадмын дараа хүмүүс мөнгө төгрөггүй болоод яаран мөнгөө авахаар ирсэн биз, нөгөө талаас нэг банк нь олголт хийхгүй болохоор ингэж асуудал үүссэн биз гэж бодогдож байлаа. “ХААН” банкны төв салбар дээр очиж тодруулга авах хүсэлт тавихад тус банкны Бизнес, харилцаа хариуцсан дэд захирал Д.Батсайхан дараахь хариултыг өгсөн юм.

-Эх орны хишгийг “Хаан” банк олгохоо больжээ гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Юуны өмнө манай банк эх орны хишиг болох 21 мянган төгрөгөөс гадна төрөөс иргэддээ олгож байгаа бүхий л хэлбэрийн мөнгийг сүүлийн 20 жилийн хугацаанд олгож ирсэн. Энэ хугацаанд бэрхшээл, саад тотгор мэдээж их байсан. Энэ бүхнийг давж 20 жилийн турш ажиллаж ирсэн болохоор “ХААН” банкинд Эх орны хишиг болгон иргэн бүрт тарааж байгаа мөнгийг олгохгүй гэж хэлэх эрх байхгүй. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр “ХААН” банк 21 мянгыг олгохоо зогсоосон гэсэн мэдээлэл цацагдаж байгаа нь ташаа мэдээлэл юм. Манай банкны зүгээс огт ингэж мэдэгдээгүй. Харин “Хүний хөгжил сан”-гийн мөнгө олгох явцыг иргэдэд илүү хялбар болгох санал гаргасан. Энэ саналыг өнөөдөр ч хэлж байгаа юм биш. Хоёр жилийн өмнө Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт “Эх орны хишиг үйлчилгээг харилцах дансаар дамжуулж олгоё. Тэгэхгүй бол ганцхан банк олон иргэдийг чирэгдүүлээд байна. Тиймээс аль ч салбараас авч болохоор мөн АТМ-ээс ч авч болох хэлбэрт оруулъя” гэсэн санал тавьсан юм. Гэтэл тухайн үед энэ саналыг хүлээж аваагүй. Иймд 2010 оны есдүгээр сарын 30-нд нэмэлт санал тавьсан. Ингэхдээ “Эх орны хишиг үйлчилгээг харилцах данс руу оруулъя. Дээрээс нь банкны зүгээс виза карт үнэгүй өгье. Иргэд өөрийн дансандаа хувь хишиг нь орсон эсэхийг мэдэх гэж банк руу ирээд байгаа бол мобайл, интернэт банкаар дансаа шалгах үйлчилгээг нь төлбөргүй болгоё” гэсэн саналыг дахин өгсөн юм. Уг санал явсаар байгаад энэ оны гуравдугаар сард зөвшөөрөгдсөн. Ингээд гуравдугаар сараас эхлэн иргэдэд ирэх ачаалал эрс багасч эхэлсэн. Гэхдээ хүн ам ихтэй зарим хороодын хувьд урт дараалал буурахгүй байсан. Тиймээс бид дахин “Банкныхаа тоог нэмээчээ” гэсэн санал тавьсан юм. Ингэвэл эцсийн дүндээ иргэн л хожих болно.

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар уг саналыг хүлээн авч банкны тоог нэмээгүй шүү дээ?

-Урьд нь гурван банкин дээр урт дараалал үүсгэн зогсдог байсан бол банкны тоог нэмснээр ачаалал эрс багасах нь тодорхой. Бидний саналын дагуу Халамжийн байгууллага банкуудын удирдлагатай уулзсан. Гэтэл үр дүнд хүрээгүй. Ингээд эргээд хуучин гурван банк тараадгаараа тараахаар болсон учраас бид дахин санал хүргүүлсэн юм. Үүндээ “Улаанбаатар хотын 33 хороог манай банкнаас бусад банк руу шилжүүлнэ үү” гэж тусгасан. Энэ ямар учиртай байсан бэ гэхээр олон банкны салбар байгаа тийм хорооноосоо манайхыг чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлт. Холбогдох газар нь бидний саналыг хүлээж аваад өнгөрсөн тавдугаар сараас эхлэн шинээр гэрээ үзэглэж, 33 хорооны 300 мянган иргэдэд олгох 21 мянгыг өөр банкаар дамжуулан олгохоор болсон боловч тус банкууд бэлтгэл нь хараахан хангагдаагүй байна гэсэн учраас “ХААН” банк өнгөрсөн тав, зургадугаар сард олгодгоороо олгосон. Харин долдугаар сарын 1-нээс эхлэн гэрээний дагуу нэг сая иргэндээ эх орны хишгийг нь олгох болно. Харин “ХААН” банк 21 мянгыг олгохоо больжээ гэх мэдээллийг бид Халамжийн байгууллагаас биш хэвлэл мэдээллийн хэрэгслээс сонсож байна.

-Банкны зүгээс яагаад 33 хороог онцолсон нь сонин байна?

-”ХААН” банк бизнесийн үндсэн таван чиглэлтэй. Үүний 80 гаруй хувь нь иргэддээ чиглэсэн байдаг. Тиймээс бидэнд иргэдээсээ хөндийрөх ямар ч сонирхол байхгүй, иргэдээ ялгаварлан гадуурхах эрх ашиг ч байхгүй. Гагцхүү 33 хорооны хувьд олон банкны салбар байгаа хороод л багтсан юм. Жишээлбэл, Их тойруугийн салбар байна. Их тойруугийн орчим 14 банкны салбар байна. Мөн Өнөр хороололд долоо, найман банк байна, Хайлаастад таван банк байна. Энэ олон банкны салбар байгаа хороогоо хуваагаач ээ л гэсэн санал тавьсан юм. Харин Хонхор гэхэд хоёрхон банктай, Гачууртад манайхаас өөр банкны салбар байхгүй. Ийм газрууддаа манайх мөнгөө олгодгоороо олгоё гэсэн байгаа. Түүнээс иргэдээ гадуурхаад байгаа юм огт байхгүй.

-”ХААН” банк эх орны хишиг тараасны дүнд хувь авах нь гэсэн яриа гарч байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэд эх орны хишгийг зээл хэлбэрээр олгооч гэсэн санал маш их тавьдаг юм.  Үүнийг бид холбогдох яаманд нь уламжилсан байгаа. Ингэхдээ хэрэв зээл хэлбэрээр олговол гэсэн банкны нөхцөл, боломжоо ч танилцуулсан. Гэтэл яам зөвшөөрөөгүйгээс гадна Засгийн газрын тогтоол дээр урьдчилан олгож болохгүй гэсэн заалт байгаа. Тиймээс бид зээл хэлбэрээр олгохгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Эндээс үүдээд л хувь авах нь гэсэн яриа гарсан байх. Түүнээс манай банк хишиг хувь тарааснаар ашиг олох нь бүү хэл алдагдалтай ажилласаар ирсэн.

-33 хорооны хувьд зөвхөн нийслэлийн хороод уу?

-Тиймээ. Хөдөө орон нутгийн хувьд манайх хуучин олгодгоороо олгох болно. Яригдаад байгаа 33 хороо бол зөвхөн Улаанбаатар хотын олон банкны салбар нэг дор байгаа л хороод юм.  Иргэд “ХААН” банк захын хорооллын иргэдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байна гэсэн ойлголттой байна. Дээрх 33 хороонд захын хорооллын 12 хороо л байгаа. Бусад нь дандаа хотын төвийн хороод юм. Харин манайд үлдэж байгаа хороодын хувьд голдуу захын дүүргүүдийнх байгаа шүү. Яармаг, Хонхор, Гачуурт, Зүүнсалаа, Сонсголон, Налайх Био комбинат гэхчлэн захын хорооллууд үлдэж байна.

-Тэгэхээр долдугаар сарын 1-нээс эхлэн “ХААН” банк нэг сая иргэддээ 21 мянгыг нь тараах хэвээрээ юм байна гэж ойлгож болох уу. Мөн долдугаар сарын мөнгийг хэзээнээс олгох вэ. Бусад банкууд олгож байгаа?

-Уг нь өнөөдрийн хүчин төгөлдөр гэрээний дагуу бид нэг сая иргэндээ хувь хишгийг нь тараахаар хэвээрээ байгаа. Харин яам банкны оролцоогүй шийд гаргаад “Хадгаламж” банк руу 100 хувь шилжүүлнэ гэсэн бол үүнд манай банк хүндэтгэлтэй хандана. Харин долдугаар сарын мөнгийг хэзээнээс олгохыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрынхан мэднэ. Тэндээс нэрс бүхий файл ирээгүй байна. Нэрс ирчих юм бол манайх тараадгаараа тараана гэлээ.

“ХААН” банкны удирдлагуудын ярианаас харахад мөнгө авах ёстой хүмүүсийн нэрсийг илгээх юм бол олголтоо эхлэхэд бэлэн байгаа ажээ. Зарим эх сурвалжуудын хэлснээр “ХААН” банкны зүгээс олон жилийн турш ачааны хүндийг нь үүрч ирсэн, энд байгаа бүх банкууддаа ачааллаа хуваачихвал хаа хаанаа уур уцаар бухимдал дарагдана. Иргэд ч бухимдахаа болино гээд 1.3 сая мөнгө авдаг иргэний 300 мянгыг нь өөр банкууд руу тараах санал тавьжээ. “Хадгаламж” банк харин нэмж авах юм бол бүгдийг нь авна, үгүй бол авахгүй гэж хатуурхсан бололтой юм. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ийм ацан шалаанд орсноор бүх эрх мэдлийг “Хадгаламж” банкинд шилжүүлсэн аж. Нөгөө талаас төрийн байгууллагын хувьд арилжааны нэг банк ачаагаа тэнцүү хуваана энэ тэр гэж олон юм ярьсанд дургүйцэн ийн зангаргаа үзүүлж байх талтай.

“Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар”-ын дэд дарга Ж.Эрдэнэбаатарын хэлснээр “Хадгаламж”, “Капитал” банкныхан уржигдраас эхлэн долдугаар сарын эх орны хишгийг олгоод эхэлжээ. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газраас “Хадгаламж” банкинд хүсэлт тавьсны дагуу “Хүний хөгжил” сангийн мөнгийг нийслэлийн хэмжээнд 106 хороо, орон нутгийн 1155 багийн 1.5 сая гаруй иргэн буюу Монгол Улсын хэмжээнд эх орны хишиг хувь авч буй иргэдийн 93 хувьд нь тус банкаар дамжуулан олгох болсон байна. Энэ сараас хороо хороогоор нь хуваарилсны дагуу заасан салбаруудаас мөнгөө авах боломжтой гэж дэд дарга хэллээ. Бас эх орны хишиг гэлтгүй тэтгэвэр, тэтгэмжийн мөнгийг ч “Хадгаламж” банкаар дамжуулан олгох болсноо хэлсэн юм.

Эх орны хишиг мөнгийг урьд нь “ХААН”, “Хадгаламж” банкууд дөч, дөч гаруй хувиар үлдсэн хувийг нь нөгөө банк нь олгож байсан гэдэг. Тийм атлаа иргэдийг хамгийн их бухимдуулдаг ажил энэ байсан билээ. Тэгэхээр одоо 500 салбартай “ХААН” энэ үүргийг хүлээхээ боливол 300 салбартай “Хадгаламж” ачааллыг дийлэх үү. Ойрын үед жаран салбарыг нэмнэ гэж байгаа ч 800 гаруй салбарын ачаалал амаргүй байж таарна.

Төрийн албаныхан төрийн төмөр нүүрийг үзүүлэхдээ хувийн хэвшлийнхэнд хатуурхдаг. Гэхдээ энэ удаагийн хатуурхалт хэнд хохирол болж ирэх вэ. Мэдээж иргэд хамгийн түрүүнд хохирно. Урьдын дийлдэггүй дараалал одоо бүр том дарамт болох нь. Хэрэв халамжийн мөнгө тараах нь арилжааны банкуудад ашиггүй байдаг юм бол “ХААН” банк цаанаас нь нэрээ өгөөгүй гээд тоглоомоос гарчихаж магад. Төр төмөр нүүрээ ингэж харуулахын оронд Монголд үйл ажиллагаа явуулдаг бүх банкууддаа ачааг нь тэнцүү хувааж, 21 мянгыг нь тараадаг болгочихвол илүү амар байх биз ээ.

С.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих