Хоёр өөр сонирхол, нэг эрх ашиг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт Япон Улсад хийсэн төрийн айлчлал баасан

гаригт өндөрлөлөө. Айлчлалын төгсөлд Ерөнхийлөгч Японы Ерөнхий сайд Наота Кантай хэлэлцээр хийж, Монгол, Японы харилцааг стратегийн түншлэлийн шинэ түвшинд гаргах тухай хоёр улсын хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.

Зуун дамнасан “мөрөөсөл”

Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой ирэх онд болно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ удаагийн айлчлалынхаа үеэр Японы цог жавхлант эзэн хаан болон Ерөнхий сайд Наота Кан нарыг уг ойг тохиолдуулан Монголд айлчлахыг урьсан. Эзэн хааны хувьд гурван жилд нэг удаа гадаад айлчлалаар явдаг. Хамгийн сүүлд Канад Улсад айлчилсан. Харин үүний өмнө улс төрийн маш том зорилго бүхий айлчлалыг Их Британид хийсэн аж. Тиймээс нас өндөр гарсан эзэн хаан Монгол шиг жижиг оронд айлчлах нь юу л бол гэж эргэлзэх хүн гарч болох л доо. Гэвч Монголын Ерөнхийлөгч эзэн хаантай уулзахдаа хэлсэн “Ардчилсан Монгол Улсад “их найм”-д ордог дэлхийн том улсуудын төрийн тэргүүнүүд бүгд айлчилсан. Хэрвээ та Монгол Улсад айлчилбал хаант засагтай улсуудаас хамгийн анхных нь байх болно” гэсэн үг эзэн хааны сэтгэлд ихэд нийсэн гэсэн.

Түүхийн хуудас сөхвөл хоёр улсын харилцаа үүнээс ч олон жилийн настай байж болохоор асан аж. Богд хаант Монгол Улсын үед буюу 1912 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Богд хаан Японтой дипломат харилцаа тогтоож, өөрийн орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхээр албан захидал буюу нот бичиг илгээж байсан аж. Гэвч энэ нь тухайн үед Хятадын эсэргүүцэл, мөрдөлт мөшгөлөгтэй тулгаран саатсан гэдэг. Энэ түүхэн баримтыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы парламент дээр үг хэлэхдээ анх удаа сөхөж, нот бичгийн хуулбарыг гардуулан өгсөн нь тэдний сэтгэлийг ихээр хөндөж, түүний үгийг гурвантаа тасалж алга ташсан билээ. Яагаад гэдгийг жич өгүүлэх болно.

Монгол Японы хооронд тогтоосон дипломат харилцаа 40 жилийнхээ нүүрийг үзэж байгаа ч түүхийн ихэнх хугацаанд хоёр улсын харилцаа зөвхөн нэг урсгалтай, тусламжийн хэлбэрээр явж ирсэн аж. Тодруулбал, сүүлийн 27 жилийн туршид Япон улс манайд нийтдээ 3,7 орчим тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлсэн байдаг. Харин сүүлийн 12 жилд бий болсон иж бүрэн түншлэлийн харилцааг ахиулж стратегийн түншлэлийн түвшинд хүргэх, үүний урьдач нөхцлийг тавих нь энэ удаагийн айлчлалын гол зорилго байсан юм. Энэ тухай Ерөнхийлөгч тус улсын парламент дээр үг хэлэхдээ ч, мөн Засгийн газар болон парламентын түвшинд хийсэн олон уулзалтууд дээрээ онцлон хэлж байсан. Стратегийн түншлэл гэдэг нь хоёр улсын хооронд урт удаан хугацаанд оршин тогтнох харилцан ашигтай, хамтын ажиллагааны хэлбэрийг хэлж байгаа хэрэг л дээ.

Одоогоор Монгол Улс ОХУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай. Өнгөрсөн жил ХБНГУ-тай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Харин өнөөдөр АНУ болон Япон улстай харилцаагаа энэ шатанд гаргахаар ажиллаж байгаа. Япон улсад ч бас үүнийг бодитойгоор сонирхох шалтгаан байгаа нь манайд шинэ тутам хөгжиж буй уул уурхайн үйлдвэрлэл, байгалийн баялагтай холбоотой. Тиймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийд технологийн дэвшлээрээ тэргүүлж байгаа Японы технологийг Монголын байгалийн баялагтай хослуулан ашиглах нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааны суурь бол болох юм гэдгийг онцолж байсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаанд улс төрийн харилцаа голлох үүрэгтэй явж ирснийг одоо илүү “эдийн засагжуулах” сонирхол аль алинд нь байгаа.

Баялаг болоод байгальд ээлтэй технологи
Ерөнхийлөгч айлчлалынхаа хоёр дахь өдөр Японы хамгийн том гангийн үйлдвэрлэгч болох “Ниппон стийл” корпарацийн “Кумицү” гангийн үйлдвэртэй танилцсан. 15000 ажиллагсадтай, Япон даяар арав гаруй төмөрлөгийн үйлдвэртэй энэ корпараци жилдээ 18 сая тонн ган хийц үйлдвэрлэж, Хятад, Солонгос, Тайландад экспортолж буй энэ төрлийн бүтээгдэхүүний 84 хувийг нийлүүлдэг. Үйлдвэрлэлийн гол түүхий эд болох төмрийн хүдрээ Австрали, Бразилаас, коксжих нүүрсээ Австрали, Канадаас импортлодог аж. Дэлхийн зах зах зээл дээр түүхий эдийн эрэлт хэрэгцээ улам өсөн нэмэгдэж буй энэ үед тус үйлдвэрийнхэн Монголын Тавантолгойн ордоос гаргаж эхлэх сайн чанарын коксжих нүүрсийг сонирхож, олборлолт дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа айлчлалын үеэр илэрхийлж байсан. Харин Монголын тал Японы байгаль орчинд ээлтэй, сайн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг татан оруулах сонирхолтой байгаа.

1990-ээд онд социалист систем задарч, ЗХУ-ын ханган нийлүүлэлтээс бүрмөсөн таслагдаад эдийн засгийн хувьд уналтад ороод байсан Монгол Улсыг хүнд үед дэмжиж тусалсан Япон улс манай хоёр хөрштэй тэнцэхүйц гурав дахь том хөрш, стратегийн чухал түнш байх ёстой, энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын бодлогод ч бүрэн нийцнэ гэдгийг Ерөнхийлөгч хэлж байсан.

Ингэхдээ манай улсын нийгмийн салбарт тулгамдаад байгаа бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, дэмжи туслах нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллахад том түлхэж болох ёстой гэдгийг Ерөнхийлөгч онцолсон билээ.

Ерөнхийлөгчийн шинэ “дүр төрх”
Япон Улсад хийсэн энэ удаагийн айлчлал Монголын төрийн тэргүүнүүдээс хийсэн анхны төрийн айлчлал. Хамгийн өндөр түвшний айлчлал гэсэн үг л дээ. Гэхдээ үүнээс илүүтэйгээр 20 жилийн өмнө Монголд хийсэн ардчилсан өөрчлөлтийн нэг гол “автор” нь, үүнээс хойш ардчиллын төлөө тасралтгүй тэмцсэн, Ардчилсан намаас төрсөн анхны Ерөнхийлөгч гэдэг утгаар нь Японы ард түмэн Ц.Элбэгдоржийг маш их хүндэтгэлтэйгээр хүлээж авсан. Парламентын дээд доод танхимын нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үг ч үүнд нөлөөлсөн билээ. Японы Ерөнхий сайд Наота Кан айлчлалын сүүлийн өдөр түүнтэй хэлэлцээрийн ширээнд суухдаа “Монгол, Японы ард түмнийг “тэнгэрийн тамгатай төрсөн” гэж хэлсэн таны үг миний сэтгэлийг маш ихээр хөдөлгөсөн хэмээн хэлж байсан. Яг өнөөдөр Японы Засгийн газар Монголын Засгийн газартай нэгэн адил ирэх оныхоо төсвийг хэлэлцэж байгаа. 40 жил эрх барьсан Либерал ардчилсан нам анх удаа ялагдал хүлээж, парламентад олонхи болон Ардчилсан нам засгийн эрхийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс шинэ залуу эрх баригчдын парламентад оруулж ирсэн төсвийг цөөнх нь эсэргүүцэн зогсоож, парламент дээр нэлээд том шүүмжлэл өрнөөд байгаа. Улс төрийн хувьд нэлээд хурцадмал гэж болохоор ийм үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал тохиосон юм. Түүнийг парламентад үг хэлэх өдөр ч мөн адил цөөнхийн гишүүд Ерөнхий сайдад асуулга тавьж, хоёр ч сайдыг нь огцруулах санал ооруулчихаад байсан билээ. Харин Монголын Ерөнхийлөгч үгээ хэлсний дараа байдал эрс өөрчлөгдсөн юм. Энэ орой Монгол Японы найрамдлын нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн хүлээн авалт дээр Японы сөрөг хүчин болоод эрх баригч намын нарийн бичгийн дарга нар хүрэлцэн ирж, парламент дээр бий болоод байсан зөрчилтэй уур амьсгалыг өөрчилж, цоо шинэ асуудлыг босгон тавьсан Ерөнхийлөгчид талархал илэрхийлээд, түүний дэргэд гар барилцсан билээ.

Б.СЭМҮҮН



URL:

Сэтгэгдэл бичих