Үхэл зовлон хэлж биш хийсч ирдэгийг санацгаая
Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал” гэж хэлдэг. Хүнд зовлон зүдгүүр хэлж биш хийсч ирдэг. Монгол улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавд нөхөж баршгүй гай зовлон тохиолджээ. Тэрээр амин хайртай, эрх танхи өсгөсөн ганц охиноо алдаад “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” хүнд бэрх зовлон шаналалд унаад байна. Үхэхэд үр харам гэдэг дээ.
Өнгөрсөн өдрүүдэд Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр элдэв таамаглал, гүтгэлгийн гэмээр мэдээлэл цөөнгүй гарах боллоо. Хэдийгээр монголчууд бид төрд зүтгэж байгаа нэгнээ элдвээр “хэлж, шүүмжлэх” тохиолдол байдаг ч, хүнд хэцүү зовлон тохиолдсон үед нэгнийгээ элдвээр гоочлох хэрэг байна уу. Дээрх нь үйл явдлын үнэн мөнийг олж мэдээгүй байж элдвээртаамаглан дэвэргэх хэрэгтэй юу?
Үхэл хагацал гэдэг эд хөрөнгө, алдар нэр, албан тушаалыг тойрдоггүй гэдэг. Бидний хэнд ч гэсэн үхэл хагацал, өвчин зовлон, гуниг шаналал тохиолдож болох. Тийм атал гуниг зовлон тохиолдсон нэгнийгээ ингэж элдвээр дайрч, гүтгэн доромжлох, бахдан адлах хэрэг байна уу. Тэртэй тэргүй үр хүүхдээ алдаад байгаа талийгаачдын гэр бүлийг элдвээр гоочиллоо гээд тэдний сэтгэлийн шаналалыг л нэмэхээс өөр юу хийж чадах вэ?
Хэзээнээс Монголчууд бид нэгнийхээ “холгосон хөл дээр нь гишгэдэггүй” жудагтай ард түмэнсэн.
Хууль зүйн сайд Д.Дорлигжавын бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
URL: