Ерөнхийлөгчид шаардах хуудас хүргүүллээ

ebiМОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА ШААРДЛАГА

Монгол оронд үүсээд буй нөхцөл байдал нь Ерөнхийлөгч таныг Монгол Улсын Төрийн тэргүүний үүрэг хариуцлагаа хэр ухамсарлаж байгааг сорьсон, ард түмнийхээ талд зогсох уу, олигархиудын талд зогсох уу гэсэн хоёр сонголтын өмнө авчираад байна. Өөрөөр хэлбэл түүхэн их хариуцлага тулгарлаа. Үүнд:

1. Төрийн хямрал дээд цэгтээ тулж, улс Үндэстнийхээ эрх ашгийг уландаа гишгэж, намынхаа эрх ашгийн төлөө тэмцэлддэг бүлэглэлүүдийн цуглуулга болсон парламентын засаглал цаашид явахгүй гэдэг нь нэгэнт тодорхой болж, төрийн тогтолцооны гажуудлыг өөрчлөх ёстой гэдгийг намууд, тэр тусмаа парламентад суудалтай намууд, иргэд олон нийт, УИХ-ын гишүүд өөрсдөө нэгэнт хүлээн зөвшөөрч шүүмжилдэг болсон төдийгүй үүнээс гарахын тулд Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатайг ч бүгдээрээ ярьцгааж байна.

2. Баялгийг бүтээх биш харин байгаль газар нутгаа сүйтгэн хордуулж, бохирдуулан алт эрдэнэс бусад баялгаа гадагш нь зөөж улс орноо цөлмөн хоосолдог уул уурхай, мөнгө угаах, хөрөнгө “булшлах” дэд бүтцийн салбар гэгч нь улс орныг өр зээлд бариулах, цаашлаад улс орны тусгаар тогтнолыг үгүй хийх аюултай зорилго агуулж, үр дагавар нь илэрсээр байхад өнөөгийн УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа нь энэ бүхнийг засаж залруулахад биш улам хурдасгах, даамжруулахад чиглэж байгааг Засгийн газрын санаачлан оруулж байгаа хуулиуд, түүнийг хэлэлцэж байгаа УИХ-ын үйл ажиллагаа харуулсаар байна.

3. Улс Үндэстний язгуур гарвал, өвөг дээдсийн сүнс сүлд оршсон, Монголын цөөхөн онгон дагшин газар орны нэгэн болох Ноён уулын байгаль экологийг эвдэн сүйтгэж, шүншиг нь болсон алт эрдэнэсийг нь ухаж төнхөх бодлогыг ажлын гараагаа болгон эхлүүлж, Монгол түмний маань буян заяа сүлд хийморийг доройтуулан ариун нандин бүхнийг гутаах гэсэн гадны заавраар ажиллах Засгийн газар болон түүнийг дэмжин өөгшүүлж буй УИХ-ын гишүүдийн үйлдэл, “Улс орны дампуурлыг зарлах”-даа тулаад буй нийгэм эдийн засгийн “хямрал”, ядуурал нь ард иргэдийн тэвчээрийг барж, уур хилэнг улам өдөөн, цаашид нийгэмд ямарч замбараагүй байдал үүсэж болохыг үгүйсгэх аргагүй, тааварлах боломжгүй болоод байна.

Үүний эхлэл, илрэл нь болсон олон нийтийн жагсаал цуглаан, шаардлага, суулт, өлсгөлөн зарласан эсэргүүцэл тэмцлийн арга хэлбэрүүд өнөөдөр ч гудамж талбайд үргэлжилсээр байна.

4. Одоогийн буруу тогтолцоог өөрчилж, засаж залруулахын тулд нэн түрүүнд цаг алдалгүй яаравчлан Үндсэн хуулиа өөрчлөх ёстой нь маргах аргагүй ганц бодит зүйл. Харин Үндсэн хуулийн энэ өөрчлөлтийг харийнхны нөлөөлөл голлосон, олигархижсан, нам бүлэглэлийн эрх ашгийг бүхнээс дээгүүрт бодсон “шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг өнөөгийн УИХ хийж чадахгүй, тэднээр хийлгэх нь Монгол Улсын, нийт ард түмний эрх ашигт тохирохгүй гэдэг нь хэнд ч мэдээжийн ганц бодит үнэн билээ.

Иймд дээрх үндэслэлүүдийг иш болгон Монгол Улсын Ерөнхийлөгч танд Монголын нийт ард түмний нэг хэсэг болсон 54 000 залуусыг нэгтгэсэн ДМ НЭГДЛЭЭС дараахи хоёр ШААРДЛАГЫГ тавьж байна. Үүнд:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.11, 12.15 дахь заалтуудын дагуу Бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй, Үндсэн хууль зөрчиж байгуулагдсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн удаа дараа гаргасан санал санаачлага, өгсөн үүрэг, чиглэлийг үл хэрэгжүүлж байгаа ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ, УИХ-ЫГ ТАРААХ саналуудыг УИХ-д оруулах.

2. Дахин шинээр Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн шийдвэрлэж батлах бүх ард түмний “Түр хурал” байгуулах, түүнд нийт ард иргэдийн төлөөллийг нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн харъяаллаар дэвшүүлэн сонгох журмыг боловсруулан батлуулах тухай Зарлиг гаргахыг тус тус ШААРДАЖ байна.
Монголын түүхэнд дахин нэг 7 сарын 01-ний хэргийг өдүүлж, олон хүний амь насыг хохироосон хар мөр үлдээхгүйн тулд энэхүү хүсэлт шаардлагыг улс төрийн бодлоготны, Монгол Төрийн тэргүүний эрүүл саруул ухаанаар хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байна.

 

Шаардлагын хариуг 2 дугаар сарын 24-ний дотор өгнө үү.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих