MCS-ээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй
-MCS-ээс Тавантолгой дээр үндэсний үйлдвэрлэгчдээ ажиллуулаач гэж шаардая-
Тавантолгойн шинэ эзэн хэн бэ. Монгол улс уу, МCS уу. ММС нэрээр Тавантолгойн хөрөнгө оруулагчаар “Энержи Ресурс” буюу MCS ороод байгаа гэдгийг өнөөдөр монгол хүн бүр мэдэж байгаа. Хэдийгээр ММС компанитай холбоотой элдэв мэдээлэл тасралтгүй явж байгаа ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнгөрсөн ням гаригт хуралдаж зөвлөмж гаргажээ. Зөвлөмжинд УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрийн уялдааг сайжруулж, төслийг саадгүй хэрэгжүүлэх,Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах, иргэдэд олгосон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах, хэлэлцээний явц, үр дүнг, УИХ болон олон нийтэд танилцуулах үүрэг өгсөн гэнэ. Хэлэлцээрийг Засгийн газрын зүгээс ахалж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлснээр консорциумынхантай 26 удаа уулзаж, 350 гаруй асуудал хөндөж үндсэндээ тохиролцсон гэнэ. Ингээд хөрөнгө оруулалтын гэрээ болон концессын гэрээний төслийг танилцуулжээ. Энэ бүхнээс харахад хэвлэлээр гарч байгаа элдэв мэдээллийн хариуд Засгийн газар нүдээ аниад өнгөрөөхөөр шийдсэн бололтой.
Ажлын хэсгийн ахлагч төслийн гэрээг Цагаан сараас өмнө хоёр тал хийнэ хэмээн баттай хэлж байсан ёсоор өнөөдөр биш юмаа гэхэд магадгүй маргааш гэрээг талууд үзэглэж, Морин жилийн онцлох үйл явдлыг отголох нь.
Ингээд хэл амтайгаар “Энержи ресурс” Тавантолгойн хөрөнгө оруулагчаар шалгарч, дараагийн ажилдаа ханцуй шамлан орох бололтой. Учир нь өнөөдөр УИХ завсарлах учраас Тавантолгойн гэрээний асуудал УИХ-аар биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шийдэгдэж болзошгүй нь.
Ард түмэн “Энержи ресурс”-д энэ удаад том итгэл хүлээлгэлээ гэдгийг маш сайн ухамсарлаж байгаа гэдэгт итгээд тэдний дараагийн алхмыг харах л үлдлээ. Олон мянган хүн ажлын байртай болж, олон мянган хүний 1072 хувьцаа амь орж, монголын эдийн засагт мэдэгдэхүйц өсөлт гарна гэж итгэх энэ итгэлд “МCS”-ийн их гүрэн хэрхэн хариу барих бол…
Гэхдээ гэрээний өмнө “MCS-ээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй шүү” гэдэг үгийг тэдэнд анхааруулж бас сануулж хэлэх үүргийг Засагт даалгах хэрэгтэй байх.
Ингэж хэлэхийн учир нь өмнө нь MCS-ийн томоохон төслүүд дээр компанийн Ерөнхийлөгчийн ах дүү, хамаатан садангийн компаниуд ажилладаг гэдгийг захын нэгэн ч хэлэх биз. Үнэндээ тэднийг түшиж өсч өндийсэн, томоохон төслүүдээс нь ядаж бялууны хэлтэрхий хүртсэн үндэсний компани бараг л үгүй. Энэ удаад түмний 1072 хувьцаатай компанийг авсан гэдгээ ухамсарлаж зөвхөн садан төрлөө тэтгэх үзлээсээ татгалзана гэж найдья.
Хэрвээ бүх л туслан гүйцэтгэгчээ зөвхөн өөрийн халаасны охин компаниудад, магадгүй хөрөнгө оруулагч хятад ноёныхоо компанид даатгаад байвал үндэсний үйлдвэрлэгч гэх статус нь хэрхэх бол…
Монголчууд энэ удаад Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Үндэсний үйлдвэрлэгчтэй хийж байгаа гэдэгт итгэж буй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
Гэвч дараагийн ажлуудад үндэсний үйлдвэрлэгч л давуу эрх эдэлмээр. Өмнөх Оюутолгойн төсөл дээр үндэсний үйлдвэрлэгч давуу эрх эдлэнэ гэж байсан ч хоол хүнс хувцас хунар бүгд импортынх болчихоод байгааг анхааралтай авч дараагийн хөрөнгө оруулалтын гэрээнд Засгийн газар анхаарал хандуулаад зогсохгүй, хяналт тавих хэрэгтэй хэмээн монголчууд бид шаардах эрхтэй.
Үндэсний үйлдвэрлэл гэдэг зөвхөн хоол хүнсээр хязгаарлагдаад зогсох ёсгүй. Томоохон төслүүд хөдөлгөөнд орохтой зэрэгцээд монголчуудын амьдрал, монголын хувийн хэвшлийнхэн ажилтай орлоготой болох ёстой.
Түүнээс стратегийн орд гэдэг гурав дөрөвхөн хүний халаасыг зузаатгах хүүдий төдий байх ёсгүй. Ард түмэн шаардах бас саналаа хэлэх эрхтэй гэдгийг Засгийн газар,УИХ өөрөө тодоос тод зарлаад байгаа бус уу. Тиймээс Тавантолгойн гэрээ байгуулагдсан ч дараагийн ажил, бүтээн байгуулалтууд шилэн байх ёстой гэдгийг шаардая. Эх сурвалж: www.assa.mn
URL: