“СУМИТОМО” Ерөнхий сайдад ГОМДОЛЛОСНЫ УЧИР ЮУНД БАЙВ
ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн
Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд УИХ, Засгийн газрын түвшинд олон улсын хөрөнгө оруулагчдад найр тавьж буй. Хэдэн зуун саяас эхлээд хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаарддагаар нь сүүлийн үед уул уурхайн салбарт илүүтэй анхаарал хандуулсан. Гэтэл харилцаа холбоо, техник технологи гээд улс орны хөгжлийн гол түлхүүр болсон өндөр ач холбогдолтой, стратегийн салбарынхаа хөрөнгө оруулагчдад муу анхаарч байгааг Японы бизнесменүүд бидэнд санууллаа. Тавантолгойн хөрөнгө оруулалтын тендерт Монгол-Япон-БНХАУ-ын хамтарсан олон улсын консорциум шалгараад буй үед манай Ерөнхий сайд анхныхаа айлчлалыг Японоос эхэлсэн нь Тавантолгойтой холбоотой байсан.
Энэ хүрээнд “Сүмитомо” корпорацын ерөнхийлөгч К.Накамуратай уулзсан нь манай хувьд чухал ач холбогдолтой уулзалтуудын нэг байсан нь тодорхой. Тиймдээ ч манайхан төдийгүй Японы хэвлэл мэдээллийнхэн ихэд анхаарал хандуулж байлаа. Гэтэл уулзалтын үеэр бидний огт төсөөлөөгүй асуудлаар “Сүмитомо” корпорацын ерөнхийлөгч нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гомдол гаргасан нь манайхныг тун чиг эвгүй байдалд оруулжээ. Энэ гомдол нь Монголд бол Ерөнхий сайдын оролцоогүйгээр агентлагийн даргын хэмжээнд шийдчих боломжтой “жижиг” асуудал байсан аж. Гэвч хэлсэн ярьсандаа яг таг хүрдэг, хийх ажлаа хэдэн жилээр нь төлөвлөдөг зарчимч япончуудын хувьд, тэр тусмаа “Сүмитомо” корпорацынхны хувьд ийнхүү дээд хэмжээнд “гомдол” мэдүүлэхээс аргагүйд хүрсэн нь манай төрийн байгууллага, “хурган дарга” нарын хүнд суртал ямар хэмжээнд хүндэрснийг харуулсан хэрэг. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ойрын хугацаанд шийдэж өгье” хэмээн хэлсэн ч зарим нэгний хувьд “жижиг” хэмээн үл тоож мэдэх ч, улс орны маань нэр хүндтэй холбоотой энэ асуудлын учрыг нягтлахыг хүслээ.
Монголд гар утас гэж юу байдгийг ч мэддэггүй байхад япончууд анх Монголд хөрөнгө оруулж, техник технологийг шийдэж, үүрэн телефоны “Мобиком” корпорацыг байгуулж байлаа. Үүнээс хойш өнөөг хүртэл 20 гаруй жилийн турш “Сүмитомо” корпорац манай харилцаа холбоо, техник технологийн салбар дахь хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг болсон. Үүний үр дүнд Монголын харилцаа холбооны салбар дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, үүрэн холбооны олон сайн компаниудыг өлгийдөн бойжуулж байгаа. 1990 оноос хойш Монголд оруулсан гадаадын хөрөнгө оруулалтаар Япон улс тасралтгүй тэргүүлсээр ирсэн. Статистик баримтаас харахад энэ хугацаанд Япон нийт 105 тэрбум иений буцалтгүй тусламж, 77 тэрбум иений хөнгөлөлттэй зээл олгосноос хэдэн сая ам.доллараар хэмжигдэх хөрөнгийг манай чухал салбаруудад бодитойгоор оруулсаар ирснийг энд дурдах нь зүйтэй байх. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хороо гэх төрийн нэг агентлагийн удирдлага сүүлийн хоёр жилийн хугацаанд тус компанитай холбоотой жирийн нэг лицензийн асуудалд хувийн байдлаар хандаж буй нь хөрөнгө оруулагчдыг дээд түвшинд ийнхүү ярихаас аргагүйд хүргэсэн бололтой.
Мөн ХХЗХ-ноос зарласан IPTV үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт шударга бус явагдсан талаар Төрийн ордонд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр сөхөгдөж байсан. Гэтэл Ерөнхий сайдын уулзалтын үеэр ч уг сэдэв хөндөгдсөн бололтой. “Сүмитомо”- гийн ерөнхийлөгч энэ талаар ярилцаж, тендерт оролцсон “Мобинет”-ээс ямар алдаа оноо, дутуу дулимаг санал ирүүлсэн, тендер шударга явагдсан эсэхийг Ерөнхий сайдаас тодруулсан гэх мэдээлэл байна. Харин лицензийн тухайд Засгийн газартай анх байгуулсан гэрээгээр GSM технологийн лицензийг арав арван жилээр сунгаж иржээ. Гэтэл энэ хугацаа дууссан ч Харилцаа холбооны зохицуулах хороо яах нь мэдэгдэхгүй байдалтайгаар өнөөдрийг хүргэжээ. Япончууд бол манайхан шиг цагийг нь тулгаж ажил хийдэггүй. Ямар ч ажлыг сар, жилээр нь ягштал төлөвлөж, яг таг хийдэг зарчимтай. Тэр тусмаа асар их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг харилцаа холбоны салбарт ямар ч шалтгаангүйгээр хугацаа алдах нь хөрөнгө оруулалтыг гацаах, цаг хугацаатай уралдан шинэчлэгддэг техник технологийн өрсөлдөөнөөс хоцрох зэрэг эрсдэл дагуулдаг.
Гэтэл манай Харилцаа холбооны зохицуулах хороо салбарынхаа ганц том хөрөнгө оруулагчид ийнхүү эргэлзээ төрүүлсэн нь хөрөнгө оруулалт татах гэж ядаж байгаа төр, засгийн бодлого, шийдвэртэйгээ нийцсэнгүй. Б.Балгансүрэн ХХЗХ-ны даргаар томилогдохоосоо өмнө “Мобиком”- ын нэг салбарын захирлаар ажиллаж байгаад ТУЗ-ийн шийдвэрээр халагджээ. Тиймээс агентлагийн дарга нь хувийн шалтгаанаар асуудалд хандсан байж болзошгүй гэж үзсэн тул хөрөнгө оруулагчид Ерөнхий сайдад ийнхүү хандсан бололтой. Ер нь лицензтэй холбоотой гомдол ч биш, хийсэн хяналт шалгалтууд нь ч ил тод бус, үнэлгээ дүгнэлт хэрхэн гарсан нь тодорхойгүй байдгаас ХХЗХ нь үйлчилгээ эрхлэгчдэд мэргэжлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах үндсэн чиглэлээсээ хазайн, дарамт хүндрэл учруулах, хариуцлага тооцох, шийтгэх байдлаар ажилладаг гэсэн гомдол, шүүмжлэл арилжааны телевиз, сайтууд гээд энэ салбарт үйлчилгээ эрхлэгчдийн дунд түгээмэл болжээ.
Хамгийн сүүлийн үеийн жишээ бол өнгөрсөн жил amjilt.com сайтыг хаасан нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой, хувь хүмүүсийн асуудал байсан. Гэвч өнөөдрийг хүртэл сэргээгээгүй нь энэ байгууллага үйлчилгээ эрхлэгчдэдээ дэмжлэг үзүүлдэг биш, дарангуйлагч байгууллага болсон уу гэх асуулт дагуулаад байна. ХХЗХ ийм байдалтай ажиллаж байгаа атлаа зохицуулалтын үйлчилгээний хөлс, радио давтамж ашиглах төлбөрийн хэмжээг 2-5 дахин нэмэгд үүлсэн. Энэ нь төлбөрийн хэмжээг нээлттэй хэлэлцүүлээгүй, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд нөлөөлөх эсэхийг судлалг үйгээр гэнэт шийдсэнээс харилцаа холбооны зах зээлийн хэвийн үйл ажиллагаанд ч сөргөөр нөлөөлж эхэлжээ. Мэдээлэл, харилцааны салбар бол Монголын стратегийн ач холбогдолтой дөрөвхөн салбарын нэг нь. Энд бас их хэмжээний хөрөнгө оруулалт, хамгийн гол нь цаг хугацаатай өрсөж уралддаг техник технологийн асар хурдтай шинэчлэл шаардагддаг. Үүгээрээ улс орны хөгжилд чухал ач холбогдолтой. Тиймээс цаашид энэ салбарын бизнесийн орчныг эрүүлжүүлэх, ХХЗХ-ны бодлого, үйл ажиллагаанд Ерөнхийл өгчийн хэлсэнчлэн “сэтгэлгээний хувьсгал” хийх цаг болсныг энэ үйл явдал харууллаа.
Д.ОЮУН-ЭРДЭНЭ
URL: