Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат “Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн уулзалт 2015”-д оролцлоо
Монгол, Хятадын барилгын салбарын ажил хэргийн хоёр дахь удаагийн уулзалт 2015 оны 2 дугаар сарын 09-нөөс 11-ний өдрүүдэд Бээжин хотноо боллоо. Уулзалтад Монгол Улсын Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат тэргүүтэй төр засаг, бизнесийн салбарын 50 орчим байгууллагын 80 гаруй төлөөлөгч, БНХАУ-ын 75 байгууллагын 140 гаруй төлөөлөгч, ӨМӨЗО, Ляонин муж, Тянжин, Фужан, Жанси мужийн Ардын Засгийн газрын төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат “Судалгаагаар Улаанбаатар хотод ирэх 5 жилд 200 гаруй мянган орон сууц шинээр барих шаардлагатай байгаа, орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөж орон сууцны хороолол болгон хөгжүүлэх зорилгоор инженерийн магистраль шугам сүлжээг улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байна. Мөн барилгын материалын үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогын хүрээнд импортыг орлох үйлдвэрийг хөгжүүлэх, барилгын материалын хангамж ложистикийн сүлжээг боловсронгуй болгох, барилгын материалын үйлдвэрлэл техникийн парк байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа” хэмээн онцлон хэллээ.
Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес уулзалт болж, Монгол Улсын барилгын салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдтэй Хятадын хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүд танилцаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Мөн 02 дугаар сарын 11-ний өдрийн 11:30 цагт Бээжин хотын орлогч дарга Чэн Ганьтай уулзалт хийж, хоёр хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх ялангуяа хотын хурлын удирдлагуудыг харилцан айлчлуулах, гэр хороололын дахин төлөвлөлттэй холбоотой төслүүд дээр хамтран ажиллах, Бээжин хотоос зохион байгуулж буй олон улсын чанартай хурал, сургалт зэрэг арга хэмжээнд нийслэлийн холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулах зэрэг асуудлаар харилцан санал солилцлоо.Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн мэндчилгээг Бээжин хотын дарга Ван Аньшүнд уламжилж, НИТХ-ын дарга Д.Баттулгын албан захидлыг Бээжин хотын Ардын их хурлын дарга Дү Дө иньд уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: