Ё.Отгонбаяр: Монгол хэлний тухай хуулийг эсэргүүцээд дийлсэнгүй

otgonbayarМонгол хэлний тухай хуулийг өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Уг хуульд уйгаржин монгол бичгийг ерөнхий боловсролын сургуулийн зургадугаар ангиас төгсөх хүртэл нь заахаар хуульчилсан. Харин энэ мэт зарим заалтад иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ингээд Монгол хэлний тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай ярилцлаа.

-Монгол хэлний дүрэм өнөөдрийг хүртэл цэгцрээгүй байхад нэмээд уйгаржин бичиг заахаар боллоо. Сурагчид үүнийг хүлээж авч чадах болов уу? 

-Төрийн хэлний тухай хуулийг өөрчлөөд монгол хэлний хэрэглээг хуульчилж өгснөөрөө уг нь энэ хууль их хэрэгтэй юм. Харамсалтай нь энэ хуульд уйгаржин монгол бичгийн хэрэглээний талаар хэт туйлширсан заалт оруулснаас болоод монгол бичгийн тухай хууль юм шиг хүмүүс ойлгож байна. Би уйгаржин бичгийг судлах, хадгалах, хамгаалахыг эсэргүүцээгүй дэмжиж байгаа Сургуулиудад монгол бичгийн хичээл зааж байгаа ч хүүхдүүд хангалттай сайн сурахгүй байгаа нь тэдний буруу биш. Хамгийн гол нь манайд уйгаржин бичгийн хэрэглээ байхгүй байна. Хүүхдүүд үсгээ нүдэлж, уншиж сурдаг ч нийгмийн амьдралд гарахаар сонин, сэтгүүл телевизэд кирилл бичгийг ашиглаж байна. Тиймээс нийгмийн хэрэглээ байхгүй байхад уйгаржин бичгийг хүчээр шахах нь буруу гэдгийг би шүүмжилж байгаа. Түүнчлэн уйгаржин бичгийг хэрэглэх хүрээгээ зөв тогтоож өгөх хэрэгтэй. Төрийн болон орон нутгийн байгууллагууд бүх албан бичгээ хос хэлээр бичдэг болно гэвэл нэгдүгээрт маш их зардал гарна. Хоёрдугаарт, шүүх ажиллагаа, мөрдөн байцаах процесс дээр хүний мэдүүлгийг кирилл, уйгаржин бичгээр тэмдэглээд сууна гэдэг хэцүү л дээ. Дээр нь ингэж хос хэлээр тэмдэглэж байгаад тухайн хүний мэдүүлэг дээр алдаа гаргавал яах вэ гэдэг хүний хувь заяатай холбоотой олон асуудал урган гарах учраас би эсрэг байр суурьтай байсан. Хос бичигтэн болох хөтөлбөрөө баталж, өмнө нь бэлтгэлээ сайн базаасны дараа шилжиж болох юм гэсэн бодолтой байсан ч харамсалтай нь, зүтгүүлсээр байгаад баталчихлаа. Засгийн газраас баталсан Монгол бичгийн үндэсний хөтөлбөр гэж байдаг. Би өмнө нь БСШУ-ны сайдаар ажиллаж байхдаа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаад явж байсан. Гол нь үүний ард мөнгө санхүүгийн асуудал байгаа юм. Хөтөлбөрийн ард бага мөнгө байдаг болохоор түүндээ таарсан ажил хийгээд дуусдаг. Бүх нийтээр хос бичигтэн болно гэвэл маш их хөрөнгө мөнгө зарцуулна. Гэтэл яг одоо бид ийм ажил хийгээд сууж байх цаг мөн үү. Эдийн засаг хямарчихсан байгаа биш билүү. Бид ойрын таван жилдээ томоохон өр төлбөрийн асуудалтай байгаа биш билүү. Тиймээс аливаад бодитой хандах хэрэгтэй байна.

-Монгол хэлний тухай хуулийг ийм яаруу, сандруу батлах цаад шалтгаан нь юу байв? 

-Энэ хуулийг батлах гэж яагаад ингэж яарсныг нь би гайхаад байна. Уг нь хаврын чуулганд шилжүүлэх тухай яриа гарч байсан. Би ч тэр нь дээр гэсэн бодолтой байсан. Гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдтэйгээ уулзан санал бодлыг нь сонссоны дараа Монгол хэлний тухай хуульд хандах хандлага өөр болох байх гэж бодсон. Гэвч хүчээр шахсаар байгаад Монгол хэлний тухай хуулийг намрын чуулганд багтаан баталлаа. Ер нь монгол хэлний сургалт тааруухан байгааг гадаад хэл зааснаас эсвэл уйгаржин монгол бичиг мэдэхгүй байгаагаас болсон мэтээр тайлбарлах нь буруу. Сургуулийн хөтөлбөрөө зөв боловсруулж чадахгүй байгаа учраас монгол хэлний сургалт тааруухан байгаа юм. Өнгөрсөн жилээс хүүхдүүдийн унших бичгийг зассан гэсэн мэдээлэл дуулдах боллоо. Хүүхэд маш их хуулан бичлэг, зохион бичлэг, цээж бичиг хийж байж эх хэлээ төгс эзэмшинэ. Энэ цагийг нь багасгаад дээр нь уйгаржин бичиг нэмж заагаад хүүхдүүдээр тоглочих вий гэж санаа зовниж байна. Монгол хэлний тухай хуульд үнэн хэрэгтээ кирилл, уйгаржин, латин гээд гурван үсэгтэй байхаар заачихлаа. Бид кириллийг ашиглаж байгаа дээр нь уйгаржин сурах нь. Латин үсэг тэртээ тэргүй байгаа. Монгол хэлний тухай хуульд латин үсгийн стандартыг мөрдөх тухай заалт орсон. Нэг хэлийг гурван бичгээр бичдэг дэлхийд байхгүй цорын ганц үндэстэн болж хувирч байна.

-Хүүхдүүд багаасаа гадаад хэл сурч байгаа нь эх хэлээ төгс эзэмшихэд нь сөргөөр нөлөөлж байна гэх хандлагыг та юу гэж боддог вэ? 

-Хүүхэд гадаад хэлийг 7-10 насандаа сайн сурах чадвартай байдаг гэдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоосон. Гадаад хэл сурахаараа эх хэлээ сурч чадахгүй байна гэсэн сонин ойлголт байж болохгүй. Тэгвэл 1921 оноос өмнө Монголчууд хүүхдээ тав зургаан настайд нь хийдэд суулгаад төвд хэл заалгадаг байсан. Төвдөөр уншиж, бичиж сурлаа гээд монгол биш болчихоогүй л байгаа биз дээ. Тухайн үеийн ном, бичгийг уншихаар ямар чамбай найруулгатай байдаг гээч. Ийм хэт туйлшруу байр суурь баримтлах нь өрөөсгөл юм. Одоо энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллага болгон нэг эх зохиогчтой болж таарна. Тийм орон тоо нэмэх боломж бидэнд бий юү. Намайг БСШУ-ны сайд байхад ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ, их дээд сургуулийн дипломыг уйгаржин бичгээр бичихээр болсон. Ерөнхий боловсролын сургуульд тодорхой тооны хичээл үздэг учраас нэрсийг нь хуучин монгол бичгээр бичихэд хүндрэлгүй юм билээ. Харин их, дээд сургуульд үздэг хичээлийн нэрсийг бичих гэсэн чинь ёстой бантан болсон доо. Их, дээд сургуульд ордог хичээлийн нэрийг бичдэг хүн олддоггүй. Сүүлдээ мэргэжлийн хүнийг нь авчирч бичүүлсэн. Их сургуулийн хичээлийн нэрс гадаад үг их орсон байдаг болохоор уйгаржингаар бичихэд хүндрэлтэй юм билээ. Тэгэхээр улсын хэмжээнд бүх албан бичгээ уйгаржингаар бичнэ гэхээр юу болох вэ гэдгийг бодолцох ёстой.

-Бага ангийн багш нар ерөнхий эрдмийн хичээл заадаг. Монгол бичгийг хүүхдүүдэд төгсөх хүртэл нь заана гэвэл боловсон хүчин дутагдах юм биш үү?

-Монгол хэлний тухай хуулиа баталсан учраас хүний нөөцөө бэлтгэж таарна. Хамгийн гол нь уйгаржин монгол бичгийг маш их хуулан бичлэг хийж байж сурдаг юм. Яагаад гэвэл уйгаржин бичлэгийн дуудлага нь үгнээсээ өөр учраас үсэглэж биш үгээр нь сурдаг. Үүнтэй холбоотойгоор сургуулиуд наад зах нь хүүхдүүдэд хуулан бичлэг хийлгэх номтой байх ёстой. Тэгэхээр эргээд нөгөө зардал мөнгө, хөрөнгө хүчний асуудлыг ярина.

-Төрийн алба, их дээд сургуульд элсэгчдээс монгол хэлнээс гадна уйгаржин бичгийн шалгалт авах уу? 

-Их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт, төрийн албанд ороход заавал монгол хэлний шалгалт авахаар хуульчилсан. Ингэхдээ монгол хэлний шалгалтын материалын дөрөвний нэг нь уйгаржин бичиг байна гэсэн заалт орсон. Хууль батлах үеэр үүнийг шүүмжилж байгаад зургаан жилийн дараагаас үйлчлэхээр батлуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдэд уйгаржин бичгээ сурах цаг хугацаа гаргаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй энэ оны долдугаар сараас шууд хэрэгжүүлээд явна гэвэл олон хүн шалгалтад унана биз дээ.

-Монгол хэлний тухай хуульд хяналт тавих механизм хэр тодорхой байгаа вэ? 

-Монгол хэлний тухай хууль анх орж ирэхдээ их хатуу заалтуудтай байсан. Явцын дунд гишүүд санаа, оноогоо хэлж заримыг нь болиулсан. Жишээ нь торгуулиас гадна боловсролын байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахаар заасан байсан. Одоо бол зөвхөн албан тушаалтныг торгохоор хуульд тусгасан. Өмнө нь албан байгууллагын хаягийг кирилл, уйгаржингаар хослуулж бичихээр заасныг бид заавал хос хэлээр гэхгүйгээр монгол хэл дээрээ бичих боломжийг нээж өгсөн. Хуулийн төсөл дээр бичлэг нь ойлгомжгүй. Хүмүүс уншаад буруугаар ойлгохоор заалтууд олон байсан. Манай Улс бэлтгэлээ хангасан тохиолдолд 2025 онд хос бичигтэй болно гэсэн заалт оруулах гээд амжсангүй. Боловсролын салбарыг удирдаж явсан хүний хувьд УИХ-ын гишүүдээс энэ салбарыг хэн дуртай нь орж ирээд хутгаад байж болохгүй. Мэргэжлийн хүнийх нь үгийг сонсох хэрэгтэйг хэлсэн. Хүүхдийн сурч боловсрох эрхийг нээж өгөх ёстой болохоос өмнөхөө яахаа мэдэхгүй байхад нэмж асуудал үүсгээд байх шаардлагагүй. Сурагчид кирилл үсгийн зөв бичих дүрмээс гадна уйгаржин бичгийн дүрэм сурахаар болж байна. Бодит байдал дээр ийм байна шүү гэдгийг гишүүдэд хэлсэн.

-Та Монгол хэлний тухай хуулийн ажлын хэсэгт багтсан мөртлөө яагаад ингэж хатуу шүүмжлээд байгаа юм бэ? 

-Энэ хуулийг эсэргүүцээд байсны өөр нэг шалтгаан нь судалгаа маш их хийх ёстой байсан. Би ажлын хэсэгт багтсан ч Монгол хэлний тухай хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан. Эсэргүүцээд, эсэргүүцээд барсангүй. Яагаад судалгаа хийх ёстой гээд зүтгээд байна вэ гэхээр уйгаржин монгол бичиг эзэнт гүрний бичиг. Өөрөөр хэлбэл З, Ж, болон А, Э үсэг О,У тэгээд Х, Г нэг үсгээр тэмдэглэдэг. Ингэж биччихээд халх монголд за, өвөрмонголд жа гэж дуудаад явдаг. Үүнээс болоод хэлний аялгад өөрчлөлт орох уу, үгүй юү гэдгийг нарийн нухацтай бодолцох хэрэгтэй. Кирилл үсгийг яах аргагүй Монгол хэлний халх аялгуунд зориулж зохиосон. Тийм болохоор уйгаржин руу шилжих явцад бидний аялга өөрчлөгдвөл яах вэ. Одоо монголчууд ярианы аялгын хувьд жигд байдалд шилжиж байгаа. Тэр байтугай өвөрмонголын телевизийн нэвтрүүлгүүдийг харахаар халх аялгад орж байгаа нь анзаарагдаж байгаа. Гэтэл одоо бид буцаагаад тодорхойгүй аялга руу нь чирэх нь л дээ. Улс орны хөгжлийг тодорхойлдог гол хуулиудаа бид маш нухацтай, судалгаа шинжилгээнд тулгуурлаж боловсруулах ёстой байсан. Нийгэмд томоохон үр дагавар дагуулж мэдэх хууль баталчихлаа гэж би хувьдаа дүгнэж байна. Монгол бичигт 1990 оны үед шилжих гэж оролдсон. Хүүхэд сурахад их хэцүү. Уйгаржин бичгээр “агула” гэж биччихээд кириллээр уул гээд байхаар сурах процесс төвөгтэй болоод байна. Би хувьдаа УИХ-ын гишүүд үнэхээр бичиг үсгээр оролдох гээд байдаг юм бол латин руу шилжих ёстой гэж боддог. Салбарын сайд байхдаа энэ өөрчлөлтийг хийгээгүй. Латин хэлэнд шилжих асуудлыг хөндсөн бол тал нь бараг дэмжихгүй байсан байх. Тэгэхээр нийгмийн олонхи нь хүлээн зөвшөөрөөгүй асуудлыг хүчээр тулгах нь буруу. Магадгүй бид бүхэл бүтэн үеийг хойш нь ухраасан хууль баталчихсан юм биш байгаа даа гэсэн болгоомжлол төрж байна.

Ц.ОЮУНТУНГАЛАГ


URL:

Нэр: Монгол Огноо: 5 June 2015

Эх хэлээ дээдэлж хуульчлахгүй бол Отгонбаяр мэтийн нөхөд эх орноо аль дээр худалдчихсан шүү дээ. Эх хэлгүй бол эх орон гэж цээжээ хэчнээн дэлдээд ч яах билээ.

Нэр: ganbaa Огноо: 14 June 2015

би 1-р ангид орохдоо монгол бичиг заалгаж эхлээд 10-р анги төгсөх хүртэлээ үзсэн. Монгол бичиг миний амьдралд хэрэг болсон юм байхгүй. хүний хамгийн үнэтэй Цаг хугацааны гарз байсан гэж хэний ч өөдөөс хэлнэ. Одоо үр хүүхдүүдээр маань тоглох гэж байна. Би л хувьдаа энэний эсрэг тэмцэнэ

Сэтгэгдэл бичих