Францад аймар муухай ааштай болдог сэтгэцийн өвчинг “Монгол” гэдэг

527-1424075537paris_pic_500x500Францын цагаачдын лагерьт гурван жил амьдраад ирсэн нэгэн эрийн яриа сонирхолтой байлаа. Ингээд олныг үл нуршин түүнтэй хөөрөлдсөнөө толилуулъя.
- Та Франц орныг ямар хэргээр зорьсон юм? Хамаатнууд чинь тэнд байсан уу?
- Олны жишгээр амьдралаа өөд татах гэж тийш явсан. Тэнд манай ямар ч ах дүүс байгаагүй. Сонсож дуулсан баттай мэдээллийнхээ мөрөөр л Францыг зорьсон. Ер нь монголчууд маань ийм мэдээлэл аваад нэг үе гадаад руу их явсан даа. Би Францын цагаачдын лагерьт 2009-2012 онд байсан.
- Ардчилсан Монголоос гээд очиход тэр лагерь хүлээн авч байна уу?
- Юу гэж хүлээн авах юм. Би коммунист Хятадаас оргон зайлсан өвөрмонгол болж жүжиглэхэд шууд л хүлээн авсан. Галт тэргээр Москвад очсон. Москвагаас Варшав орсон. Би уг нь Германд цагаачилъя гэж бодсон ч тэнр баривчилгаа ширүүн, бас неофашистууд цагаачдыг залхааж байгааг сонсоод Чех, Австри, Италиар дайран Францад очсон. Австрид мөн цагаачлан амьдарч байгаа монголчууд цөөнгүй байсан. Шенгений орнууд хил гааль, өргөст тор гэж байхгүй болохоор өөр хоорондоо чөлөөтэй зорчино.
- Эдгээр орны хооронд бичиг баримтгүй яаж зорчиж байв?
-Авилгыг нь өгөөд Польшоос хил чөлөөтэй нэвтрэх түр үнэмлэх олж авсан. Е серийн паспортаа таг нуусан. Зөвхөн хэрэгтэй үед нь гаргаж үзүүлнэ. Ингээд Италитай ойролцоо байдаг Францын Марсель хотод очлоо. Удалгүй цагаачдын лагерьт бүртгүүлж, тэндээ амьдрах болсон.
-Ахуй хангамж нь хэр юм?
-Тун давгүй шүү. Дундад зууны үеийн 2-3 давхар байшингуудыг ашиглан цагаачдын лагерь болгосон байдаг. Сард 300 еврогийн тэтгэлэг өгнө. Гадуур ажил хийх эрхтэй. Цагдаа шалгавал цагаач гэсэн үнэмлэхээ үзүүлнэ. Манай лагерьт хар арьстан, цыган, вьетнам, энэтхэг гээд янз бүрийн үндэстний хүмүүс амьдарч байсан. Би очсоныхоо дараахан Ганаа гэдэг хорь гарч яваа монгол залуутай танилцсан. Ганаа Францад ирээд гурван жил болж байгаа, монгол эхнэртэй, эхнэр нь оюутан юм билээ.
Ганаа маань Монголд байхдаа хүндхэн амьдралтай, бараг л траншейнд амьдарч байсан юм байх. Тэд гадуур байр хөлсөлж амьдарна. Дундад зууны үеийн байрны хөлс нь арай хямд. Ер нь баруун Европын орнуудад тэнгэр баганадсан өндөр шилэн барилгууд тун цөөн шүү. Эртний барилгуудаа сайхан додомдож засаад ашиглана.
Сүүлдээ Ганаа бид хоёр их ходий болсон. Хамтарч хулгай хийнэ. Ер нь тэнд хулгай хийхгүй амьдардаг монгол бараг байхгүй шүү. Ар гэрээс нь мөнгө ирдэг баян монголчууд арай ингэж доош орохгүй. Бусад нь адилдаа адил годилдоо годил шүү.
-Та бол нас намба тогтсон хүн байна. Тэгсэн хэрнээ хулгай хийх үү?
-Би нас тавь дөхөж явна. Тэр тусмаа буурьтай, хулгай хийхээргүй харагддаг байх. Энэ давуу боломжоо ашиглаж хулгайлна шүү.
-Яаж?
-Тор дүүрэн хүнсний юм авчихаад ганц хоёрыг нь кассанд бичүүлж, үнийг төлөөд гараад явна. Кассны хүн тор доторхыг шалгаж үздэггүй, өгсөн мөнгийг маань аваад талон өгнө. Энэ мэтчилэнгээр гадуур хувцасныхаа дотор шинэ хувцас өмсөөд гарна. Коньяк, виски, архийг хувцасныхаа дотуур хармаанд хийгээд гарна.
-Камер дуранд нь өртдөггүй юм уу? Баригдаж байв уу?
-Ганаа маань сайн халхавч хийж өгнө. Би нэг удаа ганцаараа дэлгүүрээс хулгай хийж байгаад баригдлаа.
-Францаас хөөгдөх туугдах дээрээ хүрсэн үү?
-Үгүй шүү. Хаа очиж тэндхийн зарим дэлгүүрийн секьюрит нь хулгайлсан юмыг хурааж аван, протокол бичин хэдэн минут саатуулж байгаад “Дахин ингэж болохгүй” гэж анхааруулаад явуулдаг юм билээ. Би ч баларлаа, эх орон руугаа хөөгдөх нь гэж бодсон шүү.
-Бас хөл дүүжлэх унаатай байсан гэлүү?
-Тийм. 200-300 еврогоор боломжийн машин аваад унана. Би тэр машинаа 250 еврогоор худалдан авч байлаа. Бензиний банкинд нь 60-70 литр ордог болохоор их ч явна. Бензин, тосол зэргийг бараг үнэгүй авна.
-Яаж?
-Бензинийг жолооч түгээгүүрээс нь өөрөө хийж өөртөө үйлчилдэг. Шатахуун түгээгч нь өрөөнөөсөө бараг гарч ирэхгүй. Тосолууд хажууханд нь өрөөстэй байна. Нэгийг шүүрээд авахад тоож байгаа шинж байхгүй. Иймэрхүү маягаар машиныхаа бензин тосолыг үнэгүй хангадаг байлаа. Тэнд бас хуучин машин, сэлбэг хэрэгсэл зардаг манай Да Хүрээ шиг техникийн зах бий. Манайхан муу юмандаа сайн болохоор тэндээс их хулгай хийнэ.
-Харуул манаа гэж байдаггүй юм үү?
-Манаачтай л даа. Хашаа нь давж ороход амархан. Ганаа бид хоёр хашааг нь давж ороод машинуудыг тонож өгдөг байлаа. Тиймдээ ч машин маань сэлбэг хэрэгслээр ер дутагддаггүй байсан. Бусад үндэстний цагаачид айгаад тэр хашааг давж чадахгүй шуү. Ганаа бид хоёр нэг орсон байхад кабин дотор нь сууж, эсвэл дор нь хэвтэж байгаад сайхан тонодог байлаа. Ийнхүү машин хөлөглөсөн хөгшин, залуу хоёр эр дэлгүүрүүдээс мөн ч их хулгай хийсэн дээ.
-Сексийн хэрэгцээгээ хэр хангаж байв даа?
-Франц чинь янхандалтыг хүлээн зөвшөөрсөн орон шүү дээ. Тэр тал дээр ямар ч асуудалгүй. Гудамжинд сайхан янхнууд өөрсдөө даллан дуудаад зогсож байна. Би тэдэнтэй энгэр зөрүүлж л явлаа. Гялс манас буюу “экспресс секс” нь 20-30 евро. Ийм сексийг машин дотор, байшингийн булан тохойд, орцонд гэхчлэн хийнэ. Арай тухтайхан газар хоногоор үйлдэхэд 60-70 евро төлнө. Би машин дотроо нэг бус удаа ийм “экспресс секс” хийж байлаа.
-Та ар гэр рүүгээ мөнгө явуулж байв уу?
-Явуулж байсан. Хоол хүнс, өмсөх хувцас, уух архи, татах тамхиа дээрх маягаар хулгайгаар хангадаг болохоор тэтгэлэгт авсан мөнгөө ар гэр рүүгээ гуйвуулна. Хажуугаар нь цагийн ажил олж хийнэ. Бас хулгайлсан зүйлээ хар зах дээр зарна. Тэндхийн хар зах дээр манайх шиг шинэ, хуучин янз бүрийн юм их зарагдана. Сүүлдээ Ганаагийн хамт машин хөлөглөн хот, тосгон дамжин тэнэдэг хулгайч болсон.
-Ганаагийн эхнэр нь та хоёрыг хориглодоггүй байсан юм уу?
-Хөөрхий минь, хүний газар яваа бүсгүй хүн юу хэлэх билээ. Баригдаж баларваа гэдэг байсан. Сүүлдээ хулгайлж авчирсан юмыг маань хараад “энэ нь тийм, тэр нь ийм гоё юм” гээд баясдаг байсан. Зарим монгол энэ мэтчлэн хулгайлсан юмаа Монгол руу каргогоор явуулна. Ялангуяа үе үе зарладаг томоохон хямдралын үеэр шинэ барааг олноор нь худалдаж аваад ачуулна. Тэр нь Монголд ирээд хэд дахин нугалсан үнээр зарагдаж байгааг би харлаа. Би чамд бас нэг сонин юм ярих уу.
-Тэгээч.
-Францад “монгол” гэдэг нэртэй өвчин байдаг юм байна. Нэгэн удаа Ганаа бид хоёр гудмаар алхаж яваад түүний танил францтай тааралдлаа. Би түүнтэй гар барьж, өөрийгөө “монгол” гэж танилцуултал өнөөх эр над руу сүрхий гайхан харж байна. Түүнээс салж явсны дараа Ганаа “Та яах гэж өөрийгөө монгол гэж хэлж байгаа юм. Францууд нүд нь бүлцийн улайж, нулимс нь гоождог, аймаар муухай аашилдаг сэтгэцийн өвчтөнг “монгол” гэж нэрлэдэг юм. Саяны залуу таныг тийм өвчтэй хүн байна гэж гайхан харлаа. Үүнээс хойш өөрийгөө битгий монгол гэж танилцуулж бай” хэмээн намайг сүрхий зэмлэж билээ. Нээрэн, би түүнээс хойш өөрийгөө монгол гэж танилцуулахаас аль болох зайлсхийдэг болсон шүү.
-Эхнэр хүүхдүүдтэйгээ яаж холбоо барьж байв даа?
-Интернет гэж сайхан юм байна. Тэр маань машин дотор байнга явж байна. Заримдаа энд тэнд тэнэж яваад машиндаа хононо. Машин дотроо архидна, хүүхэндэнэ. Эхнэр хүүхдүүдтэйгээ машин дотроосоо интернетээр согтуугаараа харьцана. Эхнэр маань *Чи хүний газар согтуу явж байж амиа алдав. Хурдан эх орондоо ир. Бид юугаар ч дутахгүй болоод байна гэж байнга үглэнэ. Нүд минь сүүмийж, хэл тультраатсан хэрнээ “Би согтуу биш ээ. Интернет дээр юм хийж баина гэж худлаа зална. Согтуу байгааг минь эхнэр мэдэхгүй хаачхав. Нэгд, ар гэрээс ийм шахалт байнга ирдэг байлаа.
Хоёрт, бас нэг хэрэг түвэгт орооцолдож, эх орон руугаа ачигдсан. Тэр хэргийг Ганаа бид хоёр хийсэн юм. Ганаа маань Монгол руу хөөгдөнө гэхээс зүрх нь зогсох шахаж байсан. Эхнэр нь жирэмсэн, дээр нь тэнд байхдаа олигтой мөнгөтэй болж чадаагүй, Монголд ар тал нь тун найдваргүй гээд л. Энэ бүхнииг бодолцоод би хэргииг ганцаараа дааж, ялыг үүрч Монгол руугаа хөөгдсөн. Ганаад маань энэ нь гэнэтийн “бэлэг” болж, надад маш их баярлан хоцорсон. Би чинь Монголдоо “саятан” хүн ирж байлаа (инээв).
-Яаж тэр вэ энэ чинь харин сонин байна?
-Францаас хөөгдсөн цагаачдад онгоцны тийз бас замдаа хэрэглээрэй гэж 2000 евро өгдөг юм байна. Энэ нь тэр үеийн ханшаар бараг гурван сая гаруй төгрөг болж байсан. Одоогийнхоор бараг таван сая гаруй төгрөг. Тэгэхээр би “саятан” байгаа биз дээ (дахиад л инээв).
-Энэ мөнгөө яаж үрэв дээ?
-Монголд ирээд сая төгрөгөөр нь найз нөхөдтэйгөө наргиж, үлдсэнийг эхнэртээ өгсөн. Эхнэр маань “Амьд мэнд ирсэн чинь их юм гээд жигтэйхэн баярлаж байсан.
-Францад хүний гарт амиа алдах магадлал хэр байх юм?
-Бараг байхгүй. Хүний эрхийг дээд зэргээр баримтална. Гэхдээ л цагаачид бол цагаачид шүү дээ. Аль муу мүухай юм тэднээс гарч байгаа тухай телевизээр байнга мэдээлж байдаг. Цагаачдын гарт амиа алдсан тохиолдол ч цөөнгүй байдаг юм билээ. Уугуул иргэд нь соёлтой боловсон, амар тайван амьдралыг хүссэн хүмүүс байдаг. Аргагүй л хөгшин Европ нэрэндээ тохирсон, өндөр настангууд их шүү тэнд.
Д.Очир 
Эх сурвалж: “Алаг хорвоо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих