Д.Бямбасүрэн: Ч.Сайханбилэг Ерөнхий сайдад хоёр зүйлийг яаралтай хэлмээр байна

29-848x478Энхтайван МӨНХЦЭЦЭГ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнтэй ярилцлаа.
-Тантай өнгөрсөн аравдугаар сард ярилцаж байхад эдийн засагт хямралын шинж тэмдэгүүд аль хэдийнэ илэрлээ, энэ нь Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй гэж байсан. Одоо шинэ Засгийн газар байгуулагдлаа, байдал дээрдэв үү?
-Тухайн үед Засгийн газар солигдох зайлшгүй шаардлагатайг ганцхан би ч яриагүй л дээ. Улс төрийн хүчнүүдэд, нийгэмд хүлээлт үүссэн байсан. Шинэ засаг одоо өмнөхөөсөө л илүү сайн ажиллах хэрэгтэй. Тэгж чадахгүй бол хэцүү, улам дордоно. Харамсалтай нь, УИХ өөрөө өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан эдийн засаг, улстөрийн бодлогод дүгнэлт өгсөнгүй. Өгөөгүй учраас шинэ Ерөнхий сайд нь УИХ-д үг хэлэхдээ, өмнөх засгийн бодлогоо үргэлжүүлнэ гэж байна шүү дээ. Уг нь шинэ бодлого, төлөвлөгөөгөөр ажиллах хөтөлбөрөө боловсруулсан, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд тохирч, хамтарсан Засгийн газраа байгуулсан бол Монголын нийгэм эрүүлжих гарц байлаа. Гэтэл программ, хөтөлбөргүй, албан тушаал хуваах зарчим барьсан Засгийн газар байгууллаа. Засгийн газарт М.Энхсайхан, Д.Дорлигжав, Д.Цогтбаатар, Д.Оюунхорол зэрэг туршлагатай хүн байгаа ч тэдний нөмөр дор нэр хүнд нь олон нийтийн дунд шалан дээр унасан хүмүүс орж ирсэн нь үндсэндээ энэ шийдлийнх биш шийтгэлийн Засгийн газар томилогдлоо. УИХ-д хүндрэлийг давах цогц бодлого оруулахын оронд яарч сандран хэсэгчилсэн асуудлууд оруулж ирж байна. Энэ нь энэ засаг цаашид цэгцтэй цогц бодлого явуулах итгэл төрүүлэхгүй байна.
-Уг нь бидэнд мөнгө хангалттай, гадна талдаа хямраагүй байхад манай эдийн засаг хүндэрчихлээ. Шалтгаан нь юу вэ?
-Ер нь бодит байдал дээр ямар ч хямрал тухайн төрийн бодлогын алдаанаас голчлон үүсдэг. Дэлхий хямарч байхад улс орныхоо эдийн засгийг авч гарах ухаалаг бодлого төрд байх л ёстой. Дэлхий хямраагүй байхад төр нь өөрөө эдийн засгаа хямраана гэдэг бол яалт ч үгүй төрийн бодлогын алдаа. Ард түмний гэм буруу энд байхгүй. Манайхан эдийн засаг гайгүй байхад улс төрийн хийрхлээр амласан амлалтаа биелүүлнэ гэж яваад эдийн засгаа туйлдууллаа. Үүнийгээ засч байна гэж гаднаас баахан зээл тавьж мөнгө аваад, үр ашиггүй хувааж, үрээд дууслаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д үг хэлэхдээ дампуурал зарлаж болзошгүй боллоо гэж хэлсэн нь үнэнийн хувьтай юм шүү дээ.
-Төгрөгийн ханш 30 гаруй хувиар уналаа. Энэ нь Монгол Улсын мөнгөний бодлогыг зангидаж байгаа Төв банкны бодлогын алдаа байв уу. Жишээ нь, Төв банк үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр гаргасан дөрвөн их наяд төгрөг нөлөөлсөн үү?
-Манайхан төгрөгийн ханш унаж байгааг маш олон янзаар тайлбарлаж байна. Төлбөрийн тэнцэл алдагдсанаас болсон гэдэг. Энэ нь нэг талдаа үнэн л дээ. Нөгөө талд сүүлийн гурван жилд мөнгөний нийлүүлэлт 60 хувиар өссөн. Дотоодын эдийн засагт эргэлдэж байгаа мөнгө арван их наяд төгрөг боллоо. ДНБ нь 19 их наяд. Өөрөөр хэлбэл, Монголын мөнгө жилдээ хоёр эргэж чадахгүй байна. Мөнгөний эргэлтийг он дараалсан байдлаар динамикаар авч үзвэл 1990 онд долоо эргэж байсан. 2000 онд 4.65 эргэж байв. Харин 2015 онд хоёр ч эргэж чадахгүй болоод байна. Өөрөөр хэлбэл, Монголын эдийн засгийн цусцарцаж байна. Энэ нь Монголын төрийн эдийн засгийн макро бүтцийн талаар явуулсан бодлогын алдаатай холбоотой. Нэг талд байгаа мөнгөө газар руу, дуусаагүй барилга руу хийж байна. Нөгөө талд үр ашгаа хэзээ өгөх нь тодорхойгүй уул уурхайн салбар руу хийснээс болж эдийн засаг энэ хэрээр савлалаа. Монголын эрдэмтэд, гаднынхан Монгол Улсыг голланд өвчинд нэрвигдсэнийг сануулж байгаа. Тэд “уул уурхайгаагаараа болгоомжтой оролдоорой” гэж сануулж байсан. Харамсалтай нь,бид үгэнд нь орсонгүй. Уул уурхайн компаниудын гарыг долоож амьдардаг хэдэн лобби бүлгийн явуулгаар төр засаг нь хөтлөгдөж явсаар ийм байдалд орлоо. Жишээ нь, Оюутолгойн гэрээг байгуулахдаа экспортын орлогыг Монголд оруулж ирэхгүй гадаадад байршуулна гэж тохирсон. Өнгөрсөн 2014 онд манай улсын гадаад худалдааны тэнцэл 537 сая ам.долларын ашигтай гарлаа гэж ярьж байна. Энэ бол гарсан бүтээгдэхүүнийг тооцоолон гаргаж байгаа тоо. Гэтэл гаргасан бүтээгдэхүүнийх нь орлого бидэнд орж ирээгүй. Нэг тэрбум гаруй ам.доллар орж ирсэнгүй. Ингээд бодоход, Монголын орлого зарлагын тоо цэвэр тэнцлийг мөнгөөр тооцвол 700 сая ам.доллар болж байгаа. Гадаад худалдааны тэнцэлд төлбөрийн баланс хүндрэлтэй хэвээр байна гэсэн үг. Ийм байхад гадаад худалдааны алдагдал буурч, сайхан боллоо, сайн болж байна гэж сэтгэл амарч яавч болохгүй.
-Хэрвээ Монгол Улсын Төв банк валютын нөөцгүй болбол жинхэнэ дампуурах уу?
-Төв банк 1.6 тэрбум ам.долларын нөөцтэй байна гэж яриад байгаа. Гэхдээ бид нэг тооцоо хийх шаардлагатай болоод байгаа. 2012 онд Засаг солигдоход Монгол Улс 2.7 тэрбум төгрөгийн нөөцтэй байна гэж ярьж байсан. Түүнд Хөгжлийн банкны 580 сая багтаж байсан. Түүнээс хойш 1.5 тэрбумын зээл авч, 300 саяын Самурай бонд, Хятадаас 3-4 тэрбумын арилжааны юанийн зээл авлаа. Гэтэл 2012 онд 800 сая ам.долларын худалдаа хийсэн. 2013 онд хоёр тэрбумын алдагдалтай. Харин 2014 онд 580 саяын ашигтай гэж ярьж байна. Ингээд бодохоор 6.2 тэрбумаас алдагдлаа хасахаар цаана гурван тэрбум ам.долларын асуудал байгаа. Монгол Улсын валютын нөөц гурван тэрбум ам.доллараар нэмэгдсэн байх ёстой байгаа биз дээ. Энэ хооронд гадагшаа валютын шилжүүлэг, алдагдал маш их гарсан. Төгрөгийн ханш унасан нь ч нөлөөлсөн. Энэ бүгдийг тооцсон ч цаана нь хоёр тэрбум ам.долларын асуудал байгаа. Энэ нь офшор данс руу оров уу, валютын ченж нар гадагшаа зөөж гаргав уу. Үүн дээр маш нарийн судалгаа хэрэгтэй. Тэгж байж дүгнэлт хэрэгтэй. Одоо байгаа 1.6 тэрбум ам.доллар байгаа нь үнэн бол тийм муу нөөц биш. 1.5 тэрбумын бонд аваад ямар үрэлгэн хийсгэсэн билээ дээ. Түүн шиг үрвэл 1.6 тэрбумын нөөцөө салхинд хийсгээд л алга болно. Зөв зарцуулбал боломж л доо.
-Та шинэ Ерөнхий сайдтай уулзсан уу?
-Үгүй ээ.
-Хэрвээ Ч.Сайханбилэг Ерөнхий сайд тантай уулзъя гэж дуудвал, та ямар саналууд хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд хоёр зүйл хэлнэ. Нэгд, толгойлж байгаа команд нь бодит байдлаа бүрэн харж чадахгүй байгаагхэлнэ.Хоёрт, хямралаас гарах цогц бодлого хэрэгжүүл гэж л зөвлөнө.
-Өнөөгийн хямралын шинж тэмдгүүд таны Ерөнхий сайд байх үеийн эдийн засгийн байдалтай ойролцоо байна гэж зарим хүн ярьж байсан?
-Огт тийм биш л дээ. Намайг Ерөнхий сайд байх үед эдийн засгийн хямралд гурван зүйл нөлөөлж байсан. Нэгд, Монголын эдийн засаг экспортынхоо орлогоос 135 хувь давсан импорттой, зээл тусламжаар амилдаг эдийн засагтай байсан. Хоёрт, тогтолцооны хямрал нүүрлэсэн байсан. Гуравт, Монгол Улс хараат дагуул орон байсан. Өнөөгийн хямрал огт өөр. Мөнгө халигаж, цалгиж байхад эрх баригчид нь дэндүү хариуцлагагүй ажилласнаас үүссэн хямрал.
-Тийм л дээ. Гэхдээ ижил төстэй шинжүүд байгаа учраас танд зөвлөх гарц байна уу гэж асууж байгаа юм?
-Бүх хямралд төстэй тал байдаг л даа. Тэр нь юу гэхээр хямралаас гарахад эдийн засгийн төрхөө өөрчлөх хэрэгтэй болдог. Өнөөдөр Монголын эдийн засаг ганцхан уул уурхай дээр суурилсан. Ийм нөхцөлд эдийн засгаа аль болох олон салбартай болгох шаардлагатай. Хоёрт, аливаа хямралаас гарах нийтлэг арга зам бол төр засаг нь эдийн засгаа авч явах арга механизмын архитектурыг өөрчлөх хэрэгтэй. Шавар байшинд суудаг байсан бол одоо бетонон байшингийн суурь хэрэглэж эхлэх хэрэгтэй болно. Энэ нь татварын бодлогоо өөрчил гэсэн үг. Зөвхөн татвар нэмэх тухай асуудал биш шүү. Аливаа хямралын гол сургамж нь хариуцлага байдаг. Бид яагаад ийм хямралд орсон бэ гэдгээ эргэж ойлгож, учир шалгааныг олж, шалтгааныг арилгах хэрэгтэй. Монголын өнөөгийн хямрал бол хариуцлагагүйгээс л болсон. Монголчууд сүүлийн 15 жил худал хуурмагийн орчинд амьдарч байна. Сонгуулиар улс төрийн намууд худлаа амалж, түүнийг үл бүтэх зүйл амалчихаад түүнийгээ биелүүлэх гэж улсын эдийн засгийг золиос болголоо. Энэ бол хамгийн том сургамж болж үлдэх ёстой, давтах эрх байхгүй. Гуравт, төрд ажиллаж буй хүмүүс төрийн албанд оронгуутаа л вант улсын эзэн болсон юм шиг авирлаж, төрийн мөнгөөр тоглох явдал хэтэрлээ. Газрын дарга, дэд сайд нь найм саяын цалинтай байна гэж байна. Гэтэл улсын ерөнхийлөгч нь хүртэл найман сая төгрөгийн цалин авдаггүй шүү дээ. Энэ юу болж байна вэ. Татвар төлөгчдийн мөнгөөр дэндүү туйлж байна шүү дээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид улирал тутам 10 сая төгрөгийн бэлнээр шагнал гэж авдаг болж. Ажил хийнэ гэж сонсогдсон биш шагнал авах гэж сонгогдсон болж таарч байна. Үүнийг шинэчлэл гэж ойгодог болсон хэрэг үү. Харин урьдын хариуцлагатай хатуу дэглэмийн үед бол үүнийг хулгай гэж нэрлэдэг байсан юм. Шууд гэмт хэрэгтэн болно. Татварын мөнгийг, төсвийн мөнгийг халаасалсан, тэр мөнгийг нь төсөвлөж өгсөн хүмүүс бүгд гэмт хэрэгтнүүд. Ардчилал гэдэг хариуцлагыг нэмдэг болохоос хасдаг тогтолцоо биш. Эрх мэдэлтнүүд улам л хатуу дэглэмтэй болох ёстой. Гадаад орнуудыг харахад, эхнэртэйгээ албаны утсаар ярьсныхаа төлөө сайд огцорч байхад манайд төсвийн мөнгөөр хөлбөмөг үзэх гээд явахад нь өөгшүүлж, толгойг нь илээд сууж байна. Энэ нь хямралын нэг шалтгаан. Монголын эдийн засаг авлигад идэгдэж цусыг нь сорж байна. Аль ч эдийн засагт хямралтай, хямралгүй ч гол тулгуур нь банкны систем байдаг. Монголын банкны систем цус сорогч паразет болоод байна. Банкны зээлийн жилийн хүү 20 хувь. Хамгийн сайн бизнесмен жилийн 10 хувь, дээд тал нь 20 хувийн ашигтай үйл ажиллагаа явуулдаг. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Тэгэхээр Монголын арилжааны банк жилийн 20 хувийн зээлийн хүү авснаар жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, амилах замыг хааж, зүгээр л цус сорох ажил хийж байна. Банкны системийг өөрчлөх төрийн бодлого одоо хүртэл байхгүй байгаа нь үнэхээрэмэгнэлтэй.

-Төр нь банкууддаа идэгдчихсэн юм биш үү?
-Яг үнэн. Төр нь банкиндаа идэгдсэн, банкныхан нь төрдөө ороод суучихсан болохоор л ийм байдал үүсч байгаа юм.

-Хамтарсан Засгийн газар байгуулсан нь эдийн засгийн хямралаас гарах нэг гарц биш үү?
-Гарц биш, улс төрийн бантан. МАН-ынхан бол АН-ыг доройтуулж, дангаараа засаг барих чадваргүйг харуулахыг л зорьсон.
-Хамтарч өрийн таазаа нэмнэ гэх юм. Өрийн таазаа нэмж зээл авахаас өөр сонголт үлдээгүй юү?
-Өртэй хүн өөдлөхгүй гэж монголчуудын сайхан үг бий. Түүх, амьдралаас батлагдсан зүйл. Нөгөө талд сохор үхэрт худаг бүү үзүүл гэсэн мэргэн үг бий. Тэгэхээр зээл аваад түүнийгээ зөв зарцуулж чаддаггүй хүмүүст зээл авахыг зөвшөөрнө гэдэг бол худагт унахтай утга адил. Монголын зээлийн өр ДНБ-ээс хол давчихсан. 2012 оны эцэст манай улсын өр 12 тэрбум 980 сая ам.доллар байсан. Тэр илтгэлд миний бие өөрийн биеэр дүгнэлт бичиж өгч байсан. Түүнээс хойш зээл аваад, аваад л байсан. Өнгөрсөн оны сүүлээр Moody’s-ийн үнэлгээрээр Монгол Улсын өр 19.8 тэрбум ам.доллар болсон. Үүнийг төгрөгт шилжүүлбэл 30 гаруй их наяд төгрөг буюу ДНБ-ээс аль хэдийнэ давчихсан. Үүнд хувийн хэвшлийн авсан зээл багтахгүй байгаа. Гэтэл хувийн хэвшлийнхэн зээл авч ашиглачихаад эргээд валютаар л төлнө.Төр засаг хувийн хэвшил хоёр нэг тогооны хоёр талаас халбагдаж суугаа. Гадаад өр хэчнээнийг төлөх вэ гэхээр төрийн авсан зээл, хувийн хэвшлийн авсан зээлийг нэгтгэж ярих ёстой асуудал. Үүнээс гадна маш ноцтой асуудал бол Хятадын банкнаас манайх өмнө нь 10 тэрбум юанийг төгрөгөөр худалдаж аваад үрчихсэн. Өнгөрсөн жил 15 тэрбум юанийг нэмж авахаар болж одоо авч эхлээд байна. Төгрөгөөр юань худалдаж авч байна. Юань хөрвөх чадвартай валют. Төгрөг хөрвөх чадваргүй. Ханш нь унаж байгаа төгрөгийг Хятадын банк хадгалаад суух ямар ч учир шалтгаан байхгүй. 25 тэрбум юанийг ам.долларт шилжүүлбэл дөрвөн их наяд ам.доллар болно. Энэ их өрийг юугаар хаах вэ. Бидэнд төгрөг бариад ирэхэд нь өгөх бараа байхгүй. Хөрөнгө оруулалт хийх гэтэл бидэнд шингээх, бараа бүтээгдэхүүн алга. Тэгэхээр цаашид Тажикстан шиг газар нутгаа хувааж өрөө төлөх байдал руу орж магадгүй. Үүнийг УИХ харахгүй,ярихгүй байгаа. Ер нь төр засгийн жолоо барьж байгаа хүмүүсийн олонхид суурь боловсрол үнэхээр дутагдаж байна. Нэгдүгээр курсын оюутны боловсролгүйгээр төрийн сайд хийж байгаа хүмүүс ч байна. Эдийн засгийн нэр томьёог өөрийн болгоогүй, утгыг нь ойлгоогүй байж улс орны эдийн засгийг бодлогыг жолоодно гэж юу байх вэ.
-Ер нь зээл авахгүйгээр дотоод нөөц боломжоо ашиглаж, эдийн засгийн хямралаас гаргах боломж байхгүй юу. Ганц найдвар Оюутолгой эргээд манай улсыг гацаанд оруулчихав уу даа?

-Монгол Улсыг өөрийг нь зээлийн барьцаанд тавьчихаад сууж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Оюутолгойд багалзуураараа боомилуулчихаад байна даа.

-Эдийн засаг хямралд орохоор Засгийн газар Олон улсын валютын сангаас тусламж хүсч “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаа ч бас авахаар сонирхож байгаа дуулдсан. Гэтэл өрийн таазаа ДНБ-ий 70 хувьд хүргэж чадсангүй.
-“Стэнд бай” авах хэмжээнд хүрнэ гэдэг бол арчаагүйн ёроолд уналаа л гэсэн үг. 1990 оны эхэн үед маш хүнд байдалд байхдаа энэ хөтөлбөрийг авч байсан. Гэтэл өнөөгийн эдийн засгийн нөхцөлд тогтворжих хөтөлбөр нэхэж эхэлнэ гэдэг бол Засгийн газар жолоогоо алдаж, аргаа ядсны шинж. Онгоц нисч явахад онгоц жолоодож чадахгүй хүн суулгачихаад сайхан, амжилттай газардана гэж тооцож болохгүй ш дээ. Онхолдож л таарна. Бид улсаараа ийм л байдалд явж байна.
-Тавантолгойн орд дээр стратегийн хөрөнгө оруулагч шалгарч, гэрээ хэлэлцээ байгуулах ажил өрнөж байна. Тавантолгойн хөрөнгө оруулагчаар мөрөөдлийн багаа сонгож чадсан болов уу?
-Тавантолгой бол экспортод бүтээгдэхүүнээ гаргах үйлдвэр. Гэтэл үүнийг толгойлох Хятадын төрийн өмчит Шиньхуа нь манай бүтээгдэхүүний хэрэглэгчийн компани. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн компаниараа толгойлуулсан бүлэг байгуулчихаад үүнийг мөрөөдлийн баг гэж хэлж болохгүй. Хэрэглэгч нь нэг өдөр манайх нүүрс ихтэй боллоо, үнээ хямдруулна гэвэл шууд л хямдруулна шүү дээ. Мөн Монголын талаас оролцож байгаа “Энержи ресурс” нь хуучин Тавантолгойн хувьцааг авч маргаан үүсгэж байсан хүмүүсийн эзэмшилтэй компани.Одоо эргээд Тавантолгойгоо бүтнээр нь залгилаа л даа. Гэхдээ Тавантолгойг тав хувааж дампууруулаад хаясан нөхцөлд эргээд хумьж авна гэдэг нь зөв алхам. М.Энхсайханыг зөв хийж байна гэж харж байгаа. Магадгүй үүнээс ч өөр арга зам байхгүй байх. Уг нь Тавантолгойг бүх л чиглэлээр нь ипмортлогч, хэрэглэгчтэйгээ биш гуравдагч хөндлөнгийн оронтой хамтарч ашиглах гэрээ хийсэн бол ахицтай байж болох байсан. Тийм хувилбарууд ч байсан. Хамгийн сүүлд “Пибоди энержи”-г алдлаа. Пибодигоос өөрч хувилбар байж болох байсан. Зах зээл, нөхцөл сайн байхад Орос, Япоптой хамтарч болох байлаа.
-Тавантолгойгоос Гашуунсухайт чиглэлийн хилээ сэтэлсэн төмөр замаа Хятадуудаар бариулж, мөн эзэмшүүлнэ гэж ярьж байгаа. Энэ хэр зөв юм бол?
-Тавантолгойгоос Хятад руу явах төмөр зам нь мухар зам байх болов уу. Тэр нь Хятадын замаар явахаас өөр аргагүй болно. Хятадын хил дээр өргөн царигтай төмөр замаар тээвэрлэчихээд “та нар цааш нь нарийн царигтай төмөр замаараа шилжүүлж ач” гэвэл зардал нь өснө. Гагцхүү асуудал нь нарийн төмөр зам нь Монголын нутаг дээр Монголын төмөр замчдын мэдэлд байх ёстой. Монголын төрийн мэдэлд. Үүнийгээ л авч үлдэх ёстой. Хэрэв Монголын нутаг руу орж ирсэн нарийн төмөр зам Хятадын талд үйлчилнэ гэвэл маш том асуудалтай тулгарч байгаа нь тэр.
-Гэхдээ хэлэлцээр хийж байгаа багийг харвал мэргэжлийн хүн цөөхөн, голдуу улстөрчдөөс бүрдсэн ажлын хэсэг гарчээ. Энэ нь Тавантолгой Оюутолгой шиг явахгүй гэсэн баталгаа бас алга гэж харахад хүргэж байна?
-Үнэн, баталгаа алга. Би М.Энхсайханд л найдаж байна. Өөр найдах юм алга.Нэгд, мэргэжлийн дээд төвшинд сэтгэж чадах байх гэж найдаж байна. Хоёрт, үндэсний эрх ашгийг хамгаалахын төлөө Шударга ёс эвсэл түүний дотор М.Энхсайханы нам өөрөө нэлээд дуу хоолойгоо өргөж яваа улстөрийн хүчин. Тиймээс эрх биш үлгэрлэл үзүүлэх байлгүй дээ.
-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталбал, далд эдийн засгийн хэдэн хувь нь ил болох бол. Ер нь далд мөнгө байна уу?
-Гадагш нь гаргасан мөнгө бий л дээ. Одоо ч гадагшаа мөнгө зугтах боломж бий. Тэгэхээр офшор дансны асуудлыг УИХ хэлэлцээд жилийн өмнө ямаршуу байдалд орсныг хүн бүр мэдэж байгаа ш дээ. Ийм хүмүүс эргээд офшор дансны мөнгийг татах асуудлыг шийдэж чадна гэж үү. Энэ хууль чинь гэмт хэрэгтнүүд өөрсдийгөө гэмт хэргээс чөлөөлөх асуудал шүү дээ. Миний бодлоор ийм хууль гаргахын оронд гадаадад байгаа хөрөнгө оруулалтыг эргэж татах ажил хийвэл илүү чухал. Татвараас чөлөөлөх, өршөөх асуудлыг хэд хэдэн удаа хийлээ. Гэхдээ аль нь ч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр гадагшаа гаргаж хувьцаа, банкинд хадгалсан мөнгөө нэг хууль батлагдвал шууд халааслаад ороод ирнэ гэж байхгүй. Тэр мөнгийг Монголд оруулахад маш хэцүү. Ер нь гадаад улсын эдийн засгийн орчин Монголыг бодвол хэд дахин эрүүл, шударга орчин. Монголд мөнгө авчирна гэдэг нь нөгөө авлигачдын ширээн дээр тавина л гэсэн үг шүү дээ. Ингэтлээ төр доройтно гэж үү.
-Өнөөгийн нөхцөл байдлыг харахад сонгуулиас өмнө дахиад төр засаг бужигнах магадал байх шиг байна?
-Манай УИХ улам л хазайгаад байна. 2016 оны сонгуульд маш хүнд байдалтай орно. Учир нь, улстөрийн намуудын алинд нь ч Монгол Улсаа хөгжүүлэх, эдийн засаг, нийгмийн амьдралыг тогтворжуулах ул суурьтай бодлого байхгүй. Бодлого байхгүй улс төрийн хүчнүүд юугаар өрсөлдөх вэ гэхээр зөвхөн амлалтаар өрсөлдөнө. Ард түмнээ хуурч мэхэлнэ, Монголын нийгэм дахиад шударга ёсноос улам холдох тийшээ явна. Энэ нөхцөлд эрх сонгууль улам хүнд болно гээд байгаа юм.
-Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд дахиад л уул уурхай, баялгаа ашиглах гэж байх шиг байна. Учир нь стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар УИХ хэлэлцэж эхэллээ. Одоо Гацууртын орд дээр маргалдсаар л байна?
-Стратегийн орд гэж ярьж эхэлсэн үндсэн сэдэл нь Ноён уулыг л ухах тухай асуудал юм шүү дээ. Ухах, эс ухахыг бид мэдэхгүй. Үүнийг геологийнхон, эрдэмтэд түүхийнхэн дүгнэлтээ гаргаж, түүнийг УИХ эрүүл саруулаар хэлэлцэх хэрэгтэй. Ер нь сүүлийн таван жил УИХ харахад их сонин зүйл ажиглагдаж байгаа. Өмнө нь дарга болоод төсвийн мөнгөнөөс илүү иддэг гэж хардаг байсан. Одоо тэр гол биш болж. Цүнхээ сугавчилж гүйж байгаад УИХ-д орсон гишүүн хэдэн жилийн дараа Lexus-570,нэг тэрбум төгрөгийн байртай болоод яваад өгч байна. Оюутолгойн гэрээг батлахад УИХ-ын гишүүд гэрээгээ гартаа бариагүй, ТЭЗҮ батлагдаагүй, нөөц нь эцэслэн тогтоогоогүй байхад гэрээг баталсан. Энэ юу вэ. Энэ бол системийн чанартай болоод шууд лобби бүлгийн санхүүжилтийг авдаг болж, УИХ-ын гишүүний саналыг худалдаг болсон нь харагдаж эхэлсэн. Өнгөрсөн жил УИХ-ын дарга ч хэлсэн. Захиалгын хууль батлагдаж байна гэж. Захиалгын хуулийн төлөө саналаа өгч УИХ-ын гишүүд захиалагчаасаа сайн санхүүжилт авч байгаа юм биш байгаа. Үүнийг би Ноён уул дээр сэжиглэж байгаа. Энэ асуудал тасархай ганцаараа орж ирээд 50 тонн алт гээд хүмүүсийн шүлсийг гойжуулаад л яриад байна. Оюутолгойд 1800 тонн алтаа тавиад туучихсан. Оюутолгой энэ жил хэдэн тонн алт гаргах ёстой байсан хэдийг гаргасан хэд гэж мэдээлж байна. Тодруулах асуудал их бий тэнд. 50 тонн алтнаас 2.5 хувийн нөөцийн төлбөр авлаа гэхэд 2.5 тонн алт нөөцийн төлбөрт авна. Бусдыг худалдаж авна шүү дээ.Ноён уулын алтыг худалдаж авах, дэлхийн зах зээл дээрээс алт худалдаж авах хоёрын ялгаа нь юу байна вэ. Ингээд бодоход асуудал байгаа биз. Стратегийн орд гэдэг нэрийн дор эхлээд Урт нэртэй хуулийг оролдоод болохгүй болохоор нь стратегийн орд гэж оролдож эхэлж байгаа. Улс орны эдийн засгийн хувь заяа эрх ашгийн асуудал гэхээс илүү нөгөө л сонирхлын асуудал яваад байна гэж харагдаж байгаа юм.
-Ер нь УИХ-ын гишүүд хууль санаачлах эрхээрээ авлигыг улам цэцэглүүлдэг юм биш үү?
– УИХ-ын гишүүд эрх зөрчилтэй хууль дээрээ кноп дарахад 500 сая төгрөгийн авлига авдаг, 100 сая төгрөг бол жишиг болсон үнэ гэсэн мэдээлэл бий. Энэ бүгдийг шалгаж, нягтлах хэрэгтэй. Яагаад УИХ-ын гишүүд хууль санаачилж байна гэхээр лобби, авлигагүйгээр явахгүй. Ноён уулын асуудлыг оруулж ирж бүтэн нэг сарын турш УИХ дээр хэлэлцэж гацааж байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийг батлах, хэлэлцэх сонирхол УИХ-ын гишүүдэд байгааг харуулж байна.


URL:

Нэр: ЦАГ ҮЕЭЭ МЭДЭР Огноо: 17 February 2015

МОНГОЛД ГАДААДЫН ТОМ БАНКУУДЫН САЛБАРЫГ ОРУУЛАХ ТАЛ ДЭЭР ТӨР БОДЛОГО ГАРГАХГҮЙ БОЛ ӨНӨӨГИЙН ЭНЭ ХЭДЭН АРИЛЖААНЫ БАНКУУД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ ЗАЛГИЖ ГҮЙЦЛЭЭ ГАДААДЫН БАНКУУД МОНГОЛД ОРЖ ИРВЭЛ МОНГОЛЫН ЭНЭ ХЭДЭН БАНКУУДТАЙ Л ХАМТАРЧ ТААРНА. ҮҮНИЙГ ДАГААД МОНГОЛЫН АРИЛЖААНЫ БАНКУУДЫН САНХҮҮГИЙН ЧАДАВХИ САЙЖИРНА ГЭЭД ЯРИВАЛ ЭЕРЭГ ОЛОН ЗҮЙЛИЙГ ЯРЬЖ БОЛНО. МЭДЭЭЖ ХЯТДЫН, ЯПОНЫ, ГЕРМАНЫ, ГОН-ГОНГЫН, АМЕРИКИЙН ОРОСЫН ГЭЭД ОЛОН БАНКЫГ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ НЭГ БАНКНЫ ДАВАМГАЙЛАХ БАЙДЛЫГ ГАРГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ.АРИЛЖААНЫ БАНКУУД ОРЖ ИРЭЭД АЖИЛЛАВАЛ ТӨВ БАНК ЗЭС НҮҮРСНИЙХЭЭ МӨНГИЙГ АВДАРЛААД Л СУУХ ХЭРЭГТЭЙ . ОДООГИЙНХ ШИГ ЗАХ ДЭЭР ДОЛЛАР ГАРГАХ ХЭРЭГГҮЙ. ТЭД ДОЛЛАР ЮАНЬ ИЕН,ЕВРО ГЭЭД ВАЛЮТАА АВЧ ОРЖ ИРНЭ, ОДОО АШИГТ МАЛТМАЛЫН ЛИЗЕНЗҮҮД ОЛГОГДОЖ ЭХЭЛЛЭЭ. ТЭР ЛИЗЕНЗ АВСАН КОМПАНИУД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ АВАХ ГЭЭД ДОЛЛАР ХЭРЭГ БОЛНО. МЭДЭЭЖ МОНГОЛЫН БАНКНУУДААС Л ДОЛЛАР АВНА ҮҮНИЙГ ДАГААД ВАЛЮТИЙН ХОМСДОЛ ҮҮСНЭ. ГАДААДЫН БАНКУУД ИЙМ Л ТӨСӨЛД ЗЭЭЛИЙН ДИЙЛЭНХИЙГ ОЛГОНО. ИХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ

Сэтгэгдэл бичих