Түүхэн дурсгалт байшинг наадмаар нураажээ

Улаанбаатар хотод нийслэлийн хамгаалалтад байдаг түүх соёлын хэд хэдэн дурсгалт газар бий. Тоолбол, арав гаруйхан юм билээ. Арслантай гүүр, Байгалийн түүхийн музейн өмнөх, МУИС- ийн хичээлийн төв байрны өмнөх чулуун арслангуудаас эхлээд Богд хааны зуны ордны зарим барилга, Бэлхийн амны Хүннүгийн үеийн булшнууд, анхны холбооны байшин, анхны хоёр давхар европ байшин, Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин, Д.Сүхбаатарын хөшөө, Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч байсан байшин, Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшин эд бүгд нийслэлийн хамгаалалтад байдаг. Эдгээр түүх соёлын дурсгалт барилгуудын тоо нэгээр буурчээ.

Чингэлтэй дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр, “Чандмань” төвийн хойно хуучны түүх соёлын дурсгалт модон байшин буюу Зүүн хүрээний нууц бүлгэмийн байшинг нурааж, оронд нь 13 давхар орон сууц  барихаар болжээ. Нураах нураахдаа бүр наадмаар амьтан хүн баярлаж цэнгэж явах хойгуур нурааж газартай тэгшлэн одоо байшингийн модыг бараг зөөгөөд дуусчээ.

Түүхэн дурсгалт энэ байшинг анх 1907 онд баригдсан бөгөөд 1919 онд Д.Сүхбаатарын удирдсан хувьсгалт нууц бүлгэм байрлаж байсан энэ барилгыг анх 2007 онд нийслэлийн хамгаалалтад авсан юм билээ. Уг нь энэ байшинг 2006 оноос эхлэн “Бамбар инж” компани 10 жилийн гэрээгээр түрээсэлж, конторын зориулалтаар эзэмшиж байжээ.

Түрээслэх зөвшөөрөл авснаас жилийн дараа буюу 2007 онд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас энд давхар барилга барих зөвшөөрөл авч амжсан байна. Уг нь Хот байгуулалтын тухай хуульд, хот байгуулалтын үйл ажиллагааг хязгаарлах, түүх соёлын дурсгалт барилга байгууламж бүхий газар нутаг болон тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд барилга барихыг хориглоно гэж заасан. Хууль гууль болсон энэ цаг үед хуучны нэг муу модон байшинг орчин үеийн тохилог орон сууцаар солиход болохгүй нь юу байхав гэх нэгэн таарч мэднэ.

Гэхдээ түүх соёлын дурсгалт өвүүдээ сэргээдэггүй юмаа гэхэд устгахгүй байхсан. Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Цогзолмаа болон Нийслэлийн соёлын өвийн газрын дарга Г.Энхбат болон холбогдох албаныхан, ялангуяа “Бамбар инж” компанид тус байшинг нурааж оронд нь орон сууц барих зөвшөөрөл олгосон тухайн үеийн Нийслэлийн барилга, хот төлөвлөлтийн газрын дарга асан Г.Ганхүү нар энэ асуудлаар ямар нэгэн тайлбар хийнэ гэдэгт найдаж байна.

Б.Цэлмэг


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих