Монгол “ШАР ХУУДАС”-тай байгаа шүү Ерөнхийлөгч өө

horooХөлбөмбөгт төрийн оролцоог хориглоно гэж ФИФА /Олон улсын хөлбөмбөгийн холбоо/ дүрэмдээ хатуу заажээ. Дүрмийн энэ заалт гишүүн орных нь хувьд Монголын хөлбөмбөгийн холбоонд ч үйлчлэх ёстой. Усыг нь уувал ёсыг нь дагана гэдэг дээ. ФИФА-гийн дүрмээр амьдарч байж л бид тэднээс дэмжлэг авна, Монголд хөлбөмбөг хөгжинө. Түүнээс ФИФА-гийн дүрэм бол   бидний өөрсдөдөө тааруулаад “монголчилж” болдог эд биш юм.

Гэнэт л ФИФА-гийн дүрэм, журам бичиж эхэлсэн нь удахгүй болох Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Энэ сарын 27-нд товлогдоод буй их хурлаараа Монголын хөлбөмбөгийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгох бөгөөд гурван нэр дэвшигч тунаад байгаа юм. Тэдний нэг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар.

Одоо холбооныхоо ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй, өмнө нь дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан А.Ганбаатар Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан хаагч. Нэг ёсондоо ФИФА-гийн дурмийн заалттай харшлах албан тушаалтан. Үүнийг эс тоон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонговол ФИФА Монголд үзүүлдэг дэмжлэгээ хасаад зогсохгүй, Монголын хөлбөмбөгчдийн олон улсын тэмцээнд оролцох эрхийг ч түдгэлзүүлж болзошгүй байдал үүссэн юм байна. Үүнийг Хөлбөмбөгчдийн түр хорооныхон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан гаргасан мэдэгдэлдээ тодорхой дурдсан байна. Хөлбөмбөгчид ийнхүү мэдэгдэл гаргахдаа тулж, хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль УИХ-ын сонгуулиас дутахгүй өрсөлдөөнтэй болж буй нь учиртай ажээ. ФИФА-гийн дүрэм хатуу шигээ бас яг таг мөрдөгддөг. Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортын энэ төрлийг дэлхийн өнцөг булан бүрт хөгжүүлэхийн төлөө ФИФА ажилладаг. Тиймээс ч жил бүр хэдэн зуун сая ам.долларыг гишүүн орнууддаа хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд зориулдаг болохоор хариуцлагыг ч бас тэр хэмжээнд нэхдэг.

Гэтэл саяхныг хүртэл энэ холбоог тэргүүлж байсан “морь” гэгдэх Б.Ганболд хөлбөмбөгийг хөгжүүлэхэд бус, өөрийгөө хөрөнгөжүүлэхэд л Монголын хөлбөмбөгийн холбоог ашиглаж байжээ. Энэ нь баримтаар нотлогдож, ФИФА-гаас албан ёсны шийтгэлийг нь Б.Ганболдод ногдуулаад байгааг олон нийт мэднэ. Дахин сануулбал өнгөрсөн оны сүүлээр ФИФА-гийн ёс зүйн хороо хуралдаж Б.Ганболдын олон улсын болон үндэсний хэмжээний хөлбөмбөгийн арга хэмжээнд оролцох эрхийг таван жилээр хассан. Учир нь, тэрээр 2009, 2011 онд ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүдийн сонгуульд Бин Хаммамаас авлига авч саналаа худалдаж байсан нь нотлогдсон юм. Өөрөөр хэлбэл, Б.Ганболдын авлигын хэргээс болж монголчууд ФИФА-гаас аль хэдийнэ сануулга авсан. Хөлбөмбөгөөр бол “шар хуудас” хэдийнэ авчихсан.

Хөлбөмбөгийн дүрмээр хоёр шар хуудас нийлээд нэг улаан хуудас болдог. Нэг ёсондоо тоглоомоос хөөгддөг. Тиймээс л Монголын хөлбөмбөгийн холбоо энэ удаад ерөнхийлөгчийн сонгуулиа ФИФА-гийн хүлээн зөвшөөрөгдсөн дүрмийн дагуу явуулахгүй бол Монгол Улс хоёр дахь шар хуудсаа авч мэдэх нь. Тэгвэл хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхийн төлөө явж буй хүн бүхэн, бөмбөг өшиглөн гүйж яваа хүүхэд бүхэн хохирно.

Уг нь Монголын хөлбөмбөгийн холбоо бол бусад холбоод шиг жирийн л төрийн бус байгууллага. Гэтэл төрийн бус байгууллагынхаа асуудлаар Монголын үе үеийн хөлбөмбөгчид Монгол Улсын төрийн тэргүүнд хандаж мэдэгдэл явуулсан тухай дээр өгүүлсэн. Энэ бол хөлбөмбөгчид өөрсдийнх нь асуудалд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хутгалдаж гэж үзсэнийх.

“Цахиагийн Элбэгдорж танаа” гэсэн энэхүү мэдэгдэл гэх үү, ил захидал гэх үү зүйл цахим сайтуудад байгаа учраас цааш нь олныг нуршаад яахав. Харин зарим болж буй үйл явдал хөлбөмбөгийн холбоог хөлбөмбөгчид нь биш, улстөрчид мэддэг болсон юм шиг сэтгэгдлийг хаа сайгүй төрүүлэх болжээ. УИХ-аас саяхан дэмжлэг авч, удахгүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурт суух Элчин сайдаар томилохоор зэхэж буй Т.Лхагвадорж Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний нэг нь. УИХ-ын гишүүн Х.Баттулгын эгчийнх нь хүргэн гэгддэг энэ бизнесмэн залуу Монголын хөлбөмбөгийн ертөнцөд танигдсан хүн байж болох ч дипломат албанд бол шинэ хүн. “Будаг нь хатаагүй” гэдэг шиг ийм хүнийг эдийн засгийн харилцаа нь өргөжиж буй Сингапур улсад Элчин сайдаар гэнэт томилсон нь хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэх яриа байна. Нэг ёсондоо нөгөө нэр дэвшигч болох Б.Мэдрээгийн саналыг хуваах, А.Ганбаатарын замыг засах нь Т.Лхагвадоржийн гол зорилго гэх яриа хөлбөмбөг сонирхогчдын дунд гарчээ.

Үнэхээр хөлбөмбөг сонирхогчдын дунд гарсан энэ яриа “олны үг ортой” гэдэг шиг үнэний хувьтай бол Монголын хөлбөмбөгийн хөгжлийг л хойш татна даа. А.Ганбаатарын хувьд Монголд “шар хуудас” авчирсан “морь” хэмээх Б.Ганболдыг Хөлбөмбөгийн холбоог удирдаж байхад дэд ерөнхийлөгч нь байсан. Гадна талдаа, ФИФА-д бол хуучин ерөнхийлөгчийн багийн хүн л гэж харагддаг. Гэтэл нэгдүгээр хүн нь авлигын хэргээр хөлбөмбөгтэй холбогдох эрхээ таван жилээр хасуулчихаад байхад, хоёрдугаар хүнийг нь дүрмийг нь зөрчин ерөнхийлөгчөөрөө сонговол ФИФА биднийг яах бол. Төр, хөлбөмбөг хоёр хутгалдаж болохгүй гэсэн дүрмийн заалтыг нь үл тоож төрийн албан хаагчаар ерөнхийлөгчөө сонгочихвол Монголын хөлбөмбөгийн холбоог ФИФА хүлээн зөвшөөрөх болов уу.

Энэ бол А.Ганбаатар, Т.Лхагвадорж хоёрт адилхан хамаарах асуудал. УИХ-аар асуудал нь орж, Элчин сайдаар томилогдох нь тодорхой болсон Т.Лхагвадорж Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх нь бас л ФИФА-гийн дүрмийн хөлбөмбөгт төрийн оролцоог хориглосон заалттай зөрчилдөнө.

Хөлбөмбөг, улс төр хоёр хутгалдаж буй гэх хөлбөмбөгчдийн дунд гарсан дараагийн яриа бол УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой. Түрүүнд Т.Лхагвадоржийг түүнтэй хамаатан гэдгийг зүгээр ч нэг дурдсангүй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг шиг л юм болж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, Т.Лхагвадорж Элчин сайд болсны хариуд А.Ганбаатар хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч болох ёстой аж. Үүнийг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хөрөнгөө оруулсан телевизийг удирддаг, одоо хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ө.Шижирийн үйлдлээс харж болно. Түүнийг А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны өрөнхийлөгч болгохын төлөө багагүй хүчин чармайлт гарган ажиллаж байгаагаас нь харж болно. Уг нь Ө.Шижирт хөлбөмбөгт төрийн оролцоог хориглох агуулгатай дүрмийн заалтаа сануулсан албан сануулга ФИФА-гаас ирчихээд байгаа юм билээ. Гэвч энэ асуудлыг олон нийтэд мэдээлэхгүй байгаа нь түүнийг хэний талд ажиллаж буйг бэлээхэн илтгэнэ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Монголд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилготой гэдгийг нь хүн бүхэн мэддэг байх. Английн алдарт “Ливерпүүл” клубийн улаан фанат тэрээр “Улаанууд”-ынх шиг тамирчдыг Монголоос төрүүлэх, Монголдоо хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах чин хүсэлтэй явдгийг нь ч монголчууд бүгдээрээ мэднэ. Түүний санаачилсан “2050″ төрийн бус байгууллага, мөн ФИФА-гийн ерөнхийлөгч Зепп Блаттертай гарын үсэг зурсан 2050 онд ДАШТ-ийг Монголд зохион байгуулах мөрөөдлийн гэрээ нь ч үүнийг илтгэдэг. Хэрэв Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн сонгууль энэ удаад зөв эхлэл тавьж чадвал 2050 онд ДАШТ зохион байгуулах нь Монголын мөрөөдөл байхаа болих ч юм бил үү. Өөрөөр хэлбэл, монголчууд дэлхийн аварга зохиох мөрөөдлөө биелүүлчихээд дэлхийн аваргатай болох шинэ мөрөөдөлтэй ч болсон байх юм билүү.

 

Ч.ГАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих