Эрх мэдэл, хөрөнгө мөнгөнөөс ангид МоАН санаачилга юуны төлөө вэ

uls_54e138eada5a0_1УИХ-ын гишүүн Л.Болд, А.Бакей, Г.Батхүү, Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл нар МоАН фракцийг бий болгохоор нэгдээд байгаа юм. Гэхдээ үүнийгээ улс төрийн фракциудаас өөрөөр тайлбарлаж байна. Тэд МоАН санаачилга гэж нэрлэж байгаа. Тэд “Монголын ардчиллын үнэт зүйлсийн санаачилга”, энэ бол эрх мэдэл, хөрөнгө мөнгөний төлөө нэгдсэн улс төрийн фракциудаас ангид байх нэгдэл гэжээ.

Ардчилсан нам олон фракцитай. Үүнийгээ ч ил зарладаг. Олон фракцитай, гишүүд нь үгээ чөлөөтэй илэрхийлж, намдаа шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлдэг нь ардчилсан үзэл бийг харуулж байгаа явдал гэдгийг ч АН-ынхан хүлээн зөвшөөрдөг. Фракциудын зөрчил, үл ойлголцол, нэгдэл зэргээс үүдэн Ардчилсан намын үйл ажиллагаа, нэр хүнд зэрэг хамаардаг. Харин энэ байдлыг хэсэг гишүүд нь өөрчилж, ардчиллын үнэт зүйлсийг сэргээх юм гэнэ.

МоАН санаачилгад нэгдсэн гишүүд бүгд АН-ын аль нэг фракцийн эд эс байсан. Тухайлбал, Л.Болд. Тэр бол Зүүн хойд Ази фракцийнх. Харин өнөөдөр тэрбээр “ардчиллын үнэт зүйлсийн эсрэг, хувийн өмчинд халдах, бизнес эрхлэгчдийг дарамтлах, хөдөлмөрөөрөө хөрөнгөжсөн хэсгээ хавчин гадуурхах ажиллагаанд төрийн зүгээс тодорхой хэмжээний нөлөөлөх байдал бий болж байгаад эмзэглэж байна” хэмээн ярьжээ. УИХ-ын гишүүн А.Бакей бол Алтангадас фракцийнх. Энэ фракцийг АН-ын дарга асан Н.Алтанхуяг удирддаг. Ардчилсан нам дотроо том фракцид тооцогддог. Энэ фракциас илүүтэй МоАН санаачилга гэгчийг тэрбээр дэмжиж байгаагаа хэлж байна. Хулганы хамраас ч цус гаргаагүй, тайван замаар олж авсан ардчиллын үнэт зүйлийг өнөөдрийг хүртэл хэвээр нь хадгалах зорилго бүхий энэ санаачилга УИХ-ын гишүүн А.Бакейг нэгтгэжээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү мөн л өөр фракцитай. Тэрбээр “Соёмбо” фракцитай. Харин энэ удаа ардчиллын төлөө тууштай зүтгэхээр дуу хоолойгоо гаргаж эхэллээ.

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Ц.Оюунгэрэл нар МоАХ фракцид хамаарагддаг. Гэвч тэд сонголтоо өөрчилжээ. Ингэж өөрчлөхдөө МоАН санаачилгыг нэр бүхий гишүүдтэй хамтарч гаргаж ирэхээр оролдож байна. Ардчилсан нам төр барьж байна. Яг энэ цаг үед Ардчилсан нам дотор ардчиллын үнэт зүйлгүй болж эхэлж байна, энэ үнэт зүйлээ сэргээе гээд явж байгаа дээрх эрхмүүд юуны төлөө, хаа хүрэх гэж ийн дуугарч байна вэ. Ардчилсан нам үнэхээр ардчилалгүй болчихсон юм уу, аль эсвэл АН-аа тараан бутаргах зорилго хэн нэгэн, аль нэг санаачилга гаргагчдад байгаад байна уу.

Хуваагдах тусам хуваагддаг. Иймд Ардчилсан нам хэдий олон фракцитай болох тусам доторх зөрчил, үл ойлголцлоо шийдвэрлэж чаддаггүй. Энэ байдал нь улам даамжирч, зарим гишүүн нь санаачилга гаргаад ирлээ. АН доторх энэ хуваагдал, гишүүдийнх нь хувааж буй байдал юуны төлөө оршиж байна вэ. Хаа хүрэх нь одоохондоо тодорхой бус байгаа, өөр, өөр фракцид харьяалагддаг АН-ын зарим гишүүний МоАН санаачилга ардчиллын үнэт зүйлсийг хэвээр хадгалах ганцхан зорилготой гэсэн. Гагцхүү энэ нэг л зорилгодоо үнэнч бол шүү дээ.

Ц.Гэрэл

uls.mn


URL:

Нэр: заза Огноо: 16 February 2015

Ted uursduu hurungu mungugui erh medelgui yum uu

Сэтгэгдэл бичих