Хуулийн нэр хүнд сэвтээд л байх юм
Монгол хэлний тухай хуулийг баталлаа. Ингэснээр төрийн албан хаагчид уйгаржин бичгээ түлхүү хэрэглэх болж байгаа юм. Харин иргэд аль бичгээ сонгох эрх нь нээлттэй гэнэ. 2016 оны ерөнхий шалгалтаас эхэлж монгол хэлний шалгалтад багтсан тестүүдийн 25 хувь нь уйгаржин монгол бичгийн шалгалт эхлэхээр боллоо. Хууль долдугаар сараас эхэлж хэрэгжинэ. Хууль гэдэг төгс хэрэгжих ёстой зүйл. Түүнийг зөрчвөл хүлээх хариуцлага бий. Гэтэл амьдралд алдаатай хууль баталчихаад хагас дутуу хэрэгжүүлээд хууль гэдэг зүйлийн нэр хүндийг унагах боллоо.
Тухайлбал, тамхины хууль байна. Сайн талтай боловч хяналт нь сулаас шалтгаалаад хүмүүс хэрэгжүүлэхгүй байна. Ийм байтал дээрээс нь уйгаржин бичгээр төрийн албанд орох болов. Өнөөдөр энэ бичгийг алдаагүй эзэмшсэн хүн ховор. Кирилл бичгээр ч алдаагүй зөв биччихдэг хүн ховор байна. Дээрээс нь уйгаржин бичиг нэмэгдэхээр холион бантан болно.
Үг үсгийн хэрүүл тасрахаа байна. Энэ хэрээр хууль гэдэг бол гамшиг юм байна гэсэн сэтгэлгээ тэнүүчилж эхлэх байх даа. Хууль гэдэг хүчирхийлэгч зүйл гэсэн утга ойлгогдох гээд байна. Уйгаржин бичиг, үндэсний хувцас, уртын дуу, морин хуур зэргийг хуульчлах шаардлага ч байхгүй. Ёс заншил, үндэсний бахархал зэргээр зөвлөвөл өөр хэрэг.
Хүн болгон монгол бичигтэн, үндэсний соёлоо дээдлэгч байх уриалга гаргаад Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас монгол бичгийн хичээлд илүү олон цаг нэмсэн шийдвэр гаргасан бол олон хүн алгаа ташаад хүлээж авах байсан даа.
Ж.Энх
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: