МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ТАНАА

elbeg110-1024x682

2015.02.04.                                                                                                   Говьсүмбэр аймаг

Сүмбэр сум

 

 

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын даргын

хууль зөрчсөн үйлдлийн тухай

 

Таны энэ өдрийн амгаланг айлтгая.

Ард түмнийхээ итгэлийг хоёронтоо хүлээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Таны хууль, шүүхийн салбарын шинэчлэл, ухаалаг төрийн бодлого, төрийн албан хаагчдын сахилга, хариуцлага, шилэн дансны хуулийн тухай зэрэг санал санаачлага, шийдвэртэй алхмуудыг иргэд, нийгэмд  үйлчилдэг ТББ-ууд талархан дэмжиж байдгаа юуны өмнө илэрхийлж  байна.

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал дээрх хууль, Улсын дээд шүүхийн шийдвэрийг үл ойшоож нэг жил гаруй хугацаанд нөхөн сонгууль товлон зарлаж явуулах үүргийг зориуд биелүүлэхгүй хууль зөрчиж байгааг, нөгөө талд аймгийн шүүхийн шийдвэр биелүүлэх алба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, албан тушаалтны нөлөөнд автсаныг бид Монгол Улсын хууль, Таны санаачлан хэргжүүлж байгаа хууль, шүүхийн шинэчлэлийн бодлого, санаачлагыг зориуд санаатайгаар эсэргүүцсэн үйлдэл гэж дүгнэж байна. Тухайлбал:

2012 оны Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон  дөрвөн хүнийг сонгуулийн тухай хууль зөрчсөн гэх шүүхийн шийдвэрээр эгүүлэн татсан ба тэдний оронд намын жагсаалтаар орсон  Бя.Анхбаяр, Ү.Батзаяа, Б.Ганбат, Д.Алдармаа нарын хүмүүсийн бүрэн эрхийг   Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 228 дугаар тогтоолоор  хүчингүйд тооцон, сонгуулийн дөрвөн  хэсэг дээр нөхөн сонгууль явуулахыг аймгийн ИТХ-д даалгасан.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “… нөхөн сонгууль явуулах бол тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид уг нөхцөл байдал үүссэнээс хойш 14 хоногийн дотор сонгуулийг товлон зарлаж зохион байгуулна гэж тодорхой хуульчилсны дагуу  нөхөн сонгууль явагдаж, шүүхийн шийдвэр биелэгдсэн байх учиртай.

Хууль зөрчигдөж байгаа тухай, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн сонгуулийг яаралтай товлон зарлаж аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэй болгох талаар аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин,       Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарт удаа дараа хандаж байсан боловч  өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч таныг анхаарлаа хандуулахыг хүсье.

Аймгийн ИТХ-ын дарга Д.Баянжаргал хууль, шүүхийн шийдвэрийг ноцтойгоор зөрчиж эрээ цээргүйгээр авирлаж байгаагийн тод илрэл нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон дээрхи нэр бүхий хүмүүсийг өнөөдрийг хүртэл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаануудад хууль зөрчин, ирц бүрдүүлэн оролцуулсаар байгаа явдал юм.

Хууль бус хүмүүсийн оролцсон  ИТХ-ын хуралдаан, хуралдаанаас гарсан бүх шийдвэр шүүхийн шийдвэрээр хүчингүйд тооцогдох болсон нь аймаг, орон нутгийн ажил, амьдралд ихээхэн бэрхшээл үүсгэх боллоо. Тодруулбал:

Аймгийн  ИТХ-ын төлөөлөгч Ч.Энхтөр, Г.Батсуурь нарын гаргасан бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон этгээдүүдийн хууль зөрчин, ирц бүрдүүлж оролцсон хуралдаан, уг хуралдаанаас гарсан шийдвэрийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хянан хэлэлцсэн Захиргааны хэргийн анхан шатны 15 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23 дугаар  шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдааны 228 дугаар тогтоолыг үндэслэж “ 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн аймгийн ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдааны үргэлжлэл, уг хуралдаанаас гарсан “Аймгийн 2014 оны төсвийн тодотгол батлах тухай” тогтоолыг хүчингүйд тооцсон.

Цаашдаа ч давж заалдах болон хяналтын шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн  228 дугаар тогтоолыг үндэслэж шийдвэр гаргах нь зүйн хэрэг тул  нэгэнт бүрэн эрх нь хүчингүйд тооцогдсон өөрөөр хэлбэл төлөөлөгч биш этгээдүүд ирц бүрдүүлж оролцсон ИТХ-ын дараа, дараагийн хуралдаан, түүнээс гарах шийдвэрүүд хүчингүй болж байгаад Таныг онцгой анхаарахыг хүсч байна.

ТББ-ын зүгээс ийм эрээ цээргүй  байдлыг мэдсээр байж дуугүй сууж өнгөрөөх нь  иргэд сонгогчдынхоо эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хүндэтгэсэн хэрэг болно.

Манай аймгийн нийт сонгогчдын 67 хувь нь буюу дээрхи 4 тойргийн сонгогчид аймгийн ИТХ-д төлөөлөл байхгүй 2 жил шахам болж байна.

Энэ үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулинд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хааж, Монгол улсын сонгуулийн түүхэнд байгаагүйгээр хуулийг ноцтой зөрчиж байна.

Удахгүй зарлагдах Говьсүмбэр аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар аймгийн 2015 оны төсвийг тодотгох асуудлыг хэлэлцэх ба энэ хуралдаанд дээрхи хүмүүс  хэвээрээ оролцох гэж байгаа нь асуудлыг хурцатгах магадлалтайг Танд уламжлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэг жил гаруй хугацаанд тэвчээртэй хүлээсний эцэст Хурлын дарга Д.Баянжаргалын хууль, шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг зөрчин биелүүлэхгүй байгаа нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 258 дугаар зүйлийн 258.1-д заасан  “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан …” гэсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг  шалгуулахаар аймгийн Прокурорын байгууллагад хэргийн харьяалал тогтоолгох, өөрөөр хэлбэл Говьсүмбэр аймгаас өөр газрын Цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтийг хүргүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд итгэлцэл, зөвшилцлийг эрхэмлэн хуульд заасан бүх процесс, арга хэмжээг уйгагүй авсан ба одоо хууль зөрчигчид, ёс зүйгүй этгээдүүд, хариуцлагагүй төрийн албан хаагчдын увайгүй үйлдлээс болж аргагүй мухардаж байгаагаа Танд үүгээр уламжилья..

Энэ хугацаанд Сонгуулийн ерөнхий хороо, Сангийн яаманд хандаж нөхөн сонгуульд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийг шийдүүлсэн ба одоо нөхөн сонгуулийг товлон зарлахад ямар нэгэн шалтаг, шалтгаан байхгүй байгаа юм.

Таныг дээрхи  асуудалд анхаарч Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах арга хэмжээг яаралтай авч, шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн сонгууль явагдах,  аймгийн ИТХ-ыг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр хууль дээдлэн ажиллах нөхцөл, бололцоог хангуулах, бүрэн эрхгүй этгээдүүдийг хуралдаанд оролцуулахгүй байх, улмаар асуудлыг тэмцлийн хурц хэлбэрт хүргэхгүй байх талаар санаачлага гарган ажиллахыг Говьсүмбэр аймгийн нийт иргэдийн  өмнөөс  хичээнгүйлэн хүсье.

 

 

ХҮНДЭТГЭСЭН:

НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТББ-УУДЫГ ТӨЛӨӨЛЖ:

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН

ХОЛБООНЫ ДАРГА                                                                          Д.ГАНТӨМӨР

 

АЙМГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ

НИЙГЭМЛЭГИЙН ДАРГА                                                                Х.ЧУЛУУНБААТАР

 

АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ

ДАРГА                                                                                                    Ш.АДЬЯАДОРЖ

 

АЙМГИЙН ЖДҮ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

АЖИЛТНЫ ҮЭХОРООНЫ ДАРГА                                                   Д.ЦОГБАДРАХ

 

АЙМГИЙН “УРАН ХОНГОР” ТББ-ЫН

ТЭРГҮҮН                                                                                               Ж.ЧАДРААБАЛ

 

АЙМГИЙН ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ

ТЭРГҮҮН                                                                                               Т.БОЛДБААТАР

 

АЙМГИЙН “СҮМБЭР ОЦОЛ САНСАР” ТББ-ЫН

ТЭРГҮҮН                                                                                               Д.САНЖИДМАА

 

АЙМГИЙН “БАЯН ЛҮН ТАЛ” ТББ-ЫН

ТЭРГҮҮН                                                                                               Ш.ШИНЭБАЯР

 

УБТЗ-ЫН “АХМАДЫН ХОЛБОО” ТББ-ЫН  ЧОЙР

ЗАНГИЛААНЫ АХМАДЫН ХОРООНЫ ДАРГА                           Б.ИЧИНХОРЛОО

 

СҮМБЭР СУМЫН 2 ДУГААР БАГИЙН ИРГЭН                           Г.БАТБАЯР

 

 

 

 

 

Хувийг: УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд

 


URL:

Сэтгэгдэл бичих