Сайдын сонгосон зам ба “Стэнд бай”
ОУВС-гийн суурин төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, Монголын эдийн засгийн байдлыг “нүдээр” мэдэрч буй юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр, тэд манай улсад битүүний өдөр хүртэл ажиллах юм байна. Тэгвэл энэ тухай мэдээллийг өнгөрсөн долоо хоногт “Bloomberg” дэлхий нийтээр цацаж байв. Тус мэдээлэлд “ОУВС-тай Монгол Улс хамтран ажиллахыг хүссэн” тухай дурдсан нь бий. Үүнээс гадна манай улсын Ерөнхий сайд тус санд захидал илгээсэн байж болох тухай таамаг ч бас байгаа. Энэ талаар ОУВС-гийн суурин төлөөлөгч Юко Киношита “Монголын удирдлагууд дэмжлэг үзүүлэх боломжийн талаар зөвлөлдөх хүсэлт ирүүлсэн. ОУВС-гийн багийнхан Улаанбаатарт ойрын хугацаанд ирнэ” гэсэн мэдээллийг өгсөн нь “Тийм” гэсэн хариулт руу улам ойртуулж байна. Тэгвэл Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбатын хэлснээр тус сангийн төлөөлөгчидтэй манай улсад ашигтай байж болох бүхий л хамтын ажиллагааны талаар энэ өдрүүдэд халуун яриа өрнүүлж буй аж. Үүнд “Стэнд-бай” хөтөлбөр ч багтах нь ойлгомжтой байгаа юм. Манай улсын хувьд ОУВС-тай хамтран “Стэнд-бай” хөтөлбөрийг 2009 онд хэрэгжүүлж, 229 сая ам.долларын санхүүжилт авч байсан удаатай. Дэлхий нийтээр эдийн засгийн хүндрэлтэй байсан тус жилд манай улсаас гадна 41 орон ОУВС-тай хамтарсан ямар нэгэн хөтөлбөрт гарын үсэг зурж, хэрэгжүүлжээ. Харин өнгөрсөн онд Тунис, Румын, Украин, Гүрж, Гондурас гэсэн зургаахан орон “Стэнд-бай” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Тэгвэл энэ удаад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд “Стэнд-бай” хөтөлбөр хэрэгжүүлэхийн эсрэг зогссон. Түүнчлэн Монголбанкны удирдлагууд ч “Стэнд-бай” хөтөлбөрийг шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа дуулгаад байгаа юм. ОУВС-гаас ядуу, буурай оронд зориулан гаргадаг зээлийн нэг төрөл болох “Стэнд бай”-г хэрэгжүүлэх хугацаа 1-2 жилийн хооронд боловч, шаардлагатай тохиолдолд 36 сараас хэтрэхгүй байхаар зохицуулдаг байна. Эдийн засагчдын хэлж буйгаар зээлийн хүү жилийн таван хувь гэнэ. Хэрэв ийм нөхцөл тулгавал “Чингис” бондын авсан зээлийн хүүгээс их гэсэн үг болж таарч байна. Харин энэ бүхний нөгөө талд Засгийн газрын зүгээс “Хэрвээ өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэхгүй бол ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөр рүү чиглэхээс өөр арга байхгүй” гэсэн байр суурьтай байгаа билээ. Гэвч үнэндээ Засгийн газрын дээрх байр суурьт логикийн том алдаа байгаа юм. Тодруулбал “Стэнд бай” хөтөлбөр гэдэг нь ОУВС-гаас бага хүүтэй зээлийг алдаатай бодлогоо засах нөхцөлтэйгөөр авна гэсэн үг юм. Ийм нөхцөлөөр мөнгө авна гэдэг улсынхаа өрийг нэмэгдүүлнэ гэдэгтэй агаар нэгтэй зүйл болж байна. Хамгийн энгийн жишээ авч үзэхэд бид “Чингис” бондыг өр гэдэгт санал нэгддэг. Харин үүнээс өндөр хүүтэй мөнгө гаднаас авахад мэдээж хариулт нь тодорхой юм. Тэгвэл зөвхөн энэ байдлаас үзэхэд манай улсын Засгийн газар өндөр хүүтэй зээл авах уу, төсвийн болон мөнгөний бодлогоо зөв, сахилга баттай явуулж, бага хүүтэй зээл авах уу гэсэн хоёр сонголтын өмнө зогсож байна гэсэн үг. Энэ талаар эдийн засагчид “Зээл бус хөрөнгө оруулалт болоод хувийн хэвшлийг дэмжих цогц бодлоготой байж хямралаас гарна” хэмээж буй. Хэдий ийм байсан ч ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэдэг мэдээлэл итгэл нь буурсан гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болох талтайг ч зарим нэг нь анхааруулж байна. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуягийн Засгийн газрын бидэнд үлдээсэн “Гэнэтийн бэлэг” болох эдийн засгийн хямралтай буюу ард иргэдийн худалдан авах чадвар муудсан, баялаг бүтээгчид нь өр зээлэнд дарагдсан, эдийн засгийн идэвхжил буурсан, шууд хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан зэрэг саар үзүүлэлтийг “Шийдлийн” Засгийн газар ОУВС-гийн дэмжлэгээр давах нь үндсэндээ тодорхой болж байна. Тус хэлэлцээрийн үр дүнгээс хамаарч галзууртал өсөөд өндөр дээр тогтчихсон ам.долларын ханшийн хувь заяа шийдэгдэх тухай ч таамаг бий. Үүнд өмнө нь хэрэгжүүлсэн тус хөтөлбөрийг тухайн үеийн Засгийн гзар “…гадаад валютын нөөц нэмэгдэж, инфляцийн төвшний өсөлт саармагжсанаас гадна манай улс хугацаа хэтэрсэн гадаад өр, төлбөрөө шийдэж хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн” гэж дүгнэлт ч нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл өчигдрийн байдлаар нэгийн тоотой “ногоон” мөнгө 1956 төгрөгтэй хайнцаж байна. Муу “зөгнөлтэй” эдийн засагчдын хэлсэн тоонд хүрэхэд ердөө 44 төгрөг дутуу. Уламжлалт сар шинийн баяр болох гэж буй энэ үед валютын ханш “хасах” цэг рүү тэмүүлнэ гэдэгт найдах ямар ч боломж байхгүй. Гэтэл манай улсад “галзуураад” байгаа ам.долларын ханш сүүлийн арван жилд анх удаа долоон сар дараалан чангараад байгааг “Bloomberg” мэдээлжээ. Тодруулбал, өнгөрсөн сард ам.долларын ханш голлох 31 валютын таваас бусдынх нь эсрэг өссөн үзүүлэлттэй байгаа аж. Энэ талаар шинжээчид “Дэлхийн Төвбанкууд мөнгөний бодлогоо сулруулсан нь нөлөөлсөн” хэмээн өгүүлсэн байна. Эцэст нь дурдахад энэ хөтөлбөрийг эсэргүүцэж буй эдийн засагчдын тооцоогоор хэрэв манай улс ОУВС-гийн тусламжийг хүртэх юм бол төсвөө 1.4 их наядаар танах аж. Түүнчлэн Монголбанкны зүгээс тус сангийн тавьсан санхүүгийн нөхцөлт болзлын хүрээнд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдалд тулж очих гэнэ. Улмаар төв банкнаас бодлогын хүү 14-15 хүргэх, цаашлаад арилжааны банкуудын зээлийн хүү дагаад өсөх нь магадлал ч өндөр байгааг анхааруулж байна. Харин Ерөнхий сайд ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 251 сая ам.долларын зээл авах тухай мөрөөдөл тээж яваа бололтой юм.
unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
stand bay l bish shu
Manaih shig duraaraa aashildag darga nartai gazar standbay zugeer sh dee.