МАХН-ын нэрийн талаар тайлбар өгөхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын  хорооноос хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өчигдөр тайлагналаа. Энэ хугацаанд тус байнгын хороо 15 удаа хуралдаж 45 асуудал хэлэлцсэнээс долоо нь хууль, гурав нь УИХ-ын бусад шийдвэрийн төсөл байжээ. Хаврын чуулганаар Хууль, УИХ- ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, 2007 оноос хойш яригдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хууль зэргийг тус байнгын хорооноос хариуцан батлуулжээ.

Мөн Төрөөс хилийн боомтын талаар баримтлах бодлого, Жолоочийн даатгалын тухай, Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн төслүүд, Цагдаагийн байгууллагын тухай, Цахим гарын үсгийн тухай, Өмгөөллийн тухай, Галт зэвсгийн тухай зэрэг хуулийн төслүүдийг намрын чуулганаар хэлэлцүүлэх ажлын бэлтгэлийг хангасан байна. Хаврын чуулганы төгсгөлд чуулган удаан хугацаагаар завсарласнаас шалтгаалж эдгээр хуулийн хэлэлцүүлэг хойшилсныг байнгын хорооны дарга Д.Одбаяр тайлбарлалаа. Хийх ажил их байгаа тул чуулган завсарласан ч байнгын хороо байнгын ажиллагаатай байх аж. Байнгын хороогоор Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл орж ирсэн байна. Авилгатай тэмцэх тухай НҮБ-ын конвенцтой Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг нийцүүлэх асуудлыг боловсруулах ажлын хэсэг гаргажээ.

Хаврын чуулганы үеэр байнгын хороо хэд хэдэн томилгоо хийжээ. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Н.Жанцан, Д.Наранчимэг, Ж.Амарсанаа нарыг улираан томилсон байна. Харин Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээс Д.Дүгэржавыг чөлөөлж Б.Хэрлэнг томилжээ. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчээр томилуулах нэр дэвшигч Т.Уранцэцэгийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан аж. Хянан шалгах чиглэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, түүний харьяа зарим байгууллагад холбогдох хуулийн хэрэгжилтийн явц, Архидан согтуурахтай тэмцэх хууль болон УИХ-ын тогтоолоор баталсан Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт, үнэлгээ хийх, санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг Д.Оюунхорол гишүүнээр ахлуулан байгуулжээ. Чуулганы хугацаанд Замын-Үүдийн Гаалийн газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын хяналтын алба, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар, чөлөөт бүс, Хилийн цэргийн анги, Замын-Үүд өртөө, Өмнөговийн Гашуун сухайтын боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Хэвлэлийн хурлын үеэр байнгын хорооны дарга Д.Одбаяр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-БНХАУ-тай ялтан харилцан шилжүүлэх гэрээг Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын үеэр байгуулсан. Үүнийг УИХ-аар хэзээ батлах вэ?
-Олон улстай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудал байдаг. Манай улс БНСУ-тай энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллаж байна. Иргэний болон эрх зүйн шугамаар хамтран ажиллах, сэжигтэн, ялтан солилцох асуудлаар БНСУ-тай цогцоор нь ажиллаж байна. Харин БНХАУ-тай ялтан харилцан шилжүүлэх тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээг Засгийн газраас УИХ-д хараахан ирүүлээгүй байна. Ирүүлсэн нөхцөлд үүнийг соёрхон батлах боломжтой.
-Улсын Дээд шүүхээс МАХН-ыг 19 дэх намаар бүртгэж авсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн шүүхээс МАН-аас өөр этгээд МАХН хэмээх хуучин нэр, бэлгэдэл, далбааг ашиглах эрхгүй гэсэн шийдвэр гаргасан. Хууль зүйн талаас нь тайлбар өгнө үү?
-Энэ талаар тайлбар өгөхгүй.
-Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай албан бичгийг УЕПГ-аас УИХ-д дахин ирүүлээд байна. УИХ-ын чуулган завсарласан энэ үеэр асуудлыг яаж шийдвэрлэх вэ?
-УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УЕП-оос УИХ-д дахин ирсэн. Өчигдөр энэ бичиг Хууль зүйн байнгын хороонд шилжсэн. Өнөөдөр (өчигдөр) саналыг Халдашгүй байдлын дэд хороонд шилжүүлнэ.
-Прокурорын саналд танай байнгын хороо ямар хариу өгөх вэ?
-Өмнөх байр суурь хэвээрээ. УИХ-ын тухай хуулийн 6.9-д заасны дагуу тэр томъёололд үндэслэж хариу өгнө. УИХ-ын гишүүнийг гэмт хэрэг үйлдэх явцад, эсвэл хэргийн газар нотлох баримттай баригдсан тохиолдолд бүрэн эрхийг түдгэлзүүлж болно. Тиймээс гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн байр суурь хэвээрээ.
-АТГ-ын дарга, дэд дарга нарт шүүхээс ял оноосон тул одоогоор уг байгууллага удирдлагагүй болсон. Гэтэл АТГ-ын даргын албан тушаалаас Ч.Сангарагчааг чөлөөлөөгүй байгаа. Хэзээ үүнийг хэлэлцэж, дараагийн даргыг томилох вэ?
-Ерөнхийлөгч АТГ-ын даргын асуудлыг өргөн барьсан тохиолдолд Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхэд бэлэн.
-УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлаж магадгүй гэсэн. Хуралдах боломжтой юу?
-Ээлжит бус чуулган хуралдах эсэх асуудал тодорхойгүй байна. УИХ-ын дарга шаардлагатай бол тогтоол гаргаж зарлан хуралдуулна гэсэн шүү дээ.
-Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж амжсангүй. Намар болтол хүлээх үлдлээ?
-Жолоочийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Хаврын чуулганы төгсгөлөөр УИХ-ын чуулганы завсарлага багагүй хугацаанд үргэлжилсэнтэй холбоотойгоор эцсийн хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанд оруулж чадаагүй. Намрын чуулганы эхээр жолоочийн даатгалын тухай хууль батлагдаж байх гэсэн төсөөлөлтэй байна.

Сэтгүүлч Б.Мягмансанж

Эх сурвалж: Нийгмийн толь


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих