Монгол гутал /Өгүүллэг/
Би эртний гуулин тоногтой авдраасаа хэдэн давхар даавуунд нандигнан баадагнасан хуучин монгол гутлаа гаргаж, хэдэн хором эргүүлж тойруулж харлаа. Өвөг эцгийн үлдээсэн энэ гутал гөлмөнд удаан үрэгдсэнээс түрий нь халцарч, зуузай нь хазайж өсгий, ул нь элэгдсэнээс үзэхүл он цагийн урт, хүнд бэрх аян замыг туулжээ гэдэг нь юм үзэж, нүд тайлсан хүнд андашгүй танигдана. Элдэв гоёл чимэггүй бүдүүн бааздуухан боловч аян жин, хар бор ажлын ая даахаар, хэдэн жилийн битгий хэл хэдэн зууныг ч өлхөнөө элээх гутал санж. Харваас түүнийг өнөөгийн хүн өмсөж хэрэглэхийг тэгтлээ сонирхохгүй, бас тийм хэрэгцээ ч гарахгүй. Харин музей, үзмэрт түүхэн үйл явдлын гэрч болгож тавибал илүү ач холбогдолтой байх биз.
Өвгийн гутлыг харж суухад морин дэл дээр дөрөө жийн өндийж, махир сэлэм эргүүлсэн монгол цэргүүдийн уухайн дуу, туурайн тачигнаа, ирт сэлмийн харшилдаан, газар тэнгэр нийлтэл тоос босгон тулалдах дайчдын эрэмгий дүр төрх зурсхийн орж ирнэ. Өвөг эцэг минь зуугаад жилийн тэртээ энэ гуталтайгаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн цэрэгт элсэж нэгдсэн Монгол улс байгуулах их аян дайнд мордож, Цагаан хэрэм хүрээд буцсан гэдэг.
Өндөр өвөг минь Манжийн хааны төмөр сүргийн ихэнхийг бичин жилийн зуданд хиаруулж, ялд унан, банздуулсныхаа дараа шархаа даалгүй шоронд амиа алдсан аж. Дараа нь миний өвөө хөл хүнд ээжтэйгээ хамт хошуу дамжигдан зарагдаж, гашуун зовлонгийн туйлд сөхрөхдөө ээж нь хоёр яс салж чадалгүй төрөхийн хүндрэлээр өөд болсон гэдэг юм. Өвөө минь арван гурав дөрөвхөн настай хүний нутаг дээр үнсэнд хаягдсан шалз шиг хоцорч, амь зуухын эрхээр тарвага, зурамны амь тасалдаг болсон гэж ярьж билээ. Арван долоохон настайдаа зуун тарваганы арьсаар худалдаж авсан энэ гутлаа өмсөөд, цахиур буугаа үүрэн Манж, хятадаас нутгаа чөлөөлөх цэрэгт морджээ. Өвөө минь “Цагаан хэрэм хүрдгийн даваан дээр гайтай Гурван улсын хэлэлцээр болж, бид ялалтын аман дээрээс буцсан юм. Тэгээгүй бол өдийд хөх толбот монгол угсаатнууд нэгдчихсэн хүчирхэг Монгол улс дэлхийн цээжин дээр ташаа тулан ханхалзаж байхгүй юу” гэж харамсал, бахархал хослуулан ярьж суусан нь дөнгөж өчигдөр юм шиг санаанд тодхон.
Аав энэ гутлыг ямар ч шүтээнээсээ илүү нандигнан хадгалж, хэнд ч үл үзүүлнэ. Өвөө минь их хэлмэгдүүлэлтийн үед ногоон малгайтнууд “феодалын үлдэгдэл гутал” гээд шатаачих вий гэхээс айж хадны завсар хүртэл нууж байсан гэдэг. Энэ бол манай удмын чанд нууц, ганц нандин дурсгал, ариун бахархал юм.
Өвөөгийн минь ар дагзанд тэнгэрийн заадас шиг урт цагаан сорви тархийг нь хоёр хуваан тодоос тод гялтайн харагддаг сан. Тэр сорви өвөөг минь орь залуу насандаа хүнд бэрх баатарлаг тулаанд орж, сэлэм, жадны ирэн дунд амь дэнсэн алалцаж явсныг батлахаас гадна дайчин эрийн зориг самбааг нь ямар ч үгнээс илүү давхар гэрчилнэ.
Хятад, монгол хоёр хонь, чоно шиг байсан цаг алга урвуулахын төдийд л арилж, эгээ л өвөр түрийдээ орохын толгой дээр ирсэн цаг. Ганзагын наймаа ид цэцэглэж, Эрээн, Хөх хот, Бээжин-Улаанбаатарын хооронд монгол, хятад хүмүүсийн хөл тасрахаа больжээ. Би наймаа арилжаанд дөргүй ч хэдэн хониныхоо ноос, арьс, махыг замын панзчингуудад хэр тааруу үнээр өгч, эгэл амьдралаа болгодог. Хэдэн бор юм илүүчилснийх толгойтой болгон мөрөө гаргахыг хүсдэг, бас өндөр өвгийн хананд нь тулаад буцсан урт Цагаан хэрмийг үзмээр санагдаад болдоггүй. Ингээд л гутлаа ганзагалан дотор газрыг зорьсон билээ. Аяны замд “гахай” чирч хамт явсан ганзагын наймаачид “Наадах гутал чинь дотор газар үнэ хүрэхгүй ээ? Харин эртний эдлэл цуглуулагчид худалдвал овоо юм чангаана. Гэхдээ Цагаан хэрмэн дээр ирсэн америк, англичуудад доллараар өгч чадвал харин ч өвөр чинь түнтийгээд явчихна” гэхчилэн наймаачин хүний ухаанаар элдэвлэнэ. “Ямар зорилготой өвгийн гутлыг авч яваагаа та нарт битгий хэл эхнэртээ ч хэлээгүй. Миний холын бодлыг та нар яаж ч ойлгох билээ дээ” гэсэн шүү юм бодож явлаа.
Хүсэл мөрөөдөл минь биелж, Цагаан хэрэм дээр ч гарлаа. Хэрмийн дээд хашлагын доод ёроолоор манай нутаг руу харсан талд нь гурав алхаад л нум сумны зурагтай нүхнүүд байна. Түүгээр лав манай өвөг дээдсийг намнаж байсан бололтой. Цагаан хэрэм дээр гарчихаад нутгийнхаа зүг харахад салхи нь хүртэл дотно сэвэлзэх нь цаанаа л элгэнд ойрхон. Би гэдэг хүн аагим халуун наранд цоргиулж, хар хөлсөө цувуулан, хамаг бие хувцастайгаа наалдан бүтэж үхэх гэж байсан ч халхгар цэмбэн дээлтэй, мөнгөн тоногтой суран бүстэй, хэт хутга бүсэндээ хавчуулан аахилж явлаа. Хамгийн гол нь өвөг эцгийн гутлыг өмсөөд, Цагаан хэрмийн хашлаган дээр өрөөсөн хөлөөрөө гишгэн ташаагаа тулан ханхалзаж буйгаар зургаа татуулах л чухам зорилго минь юм. Дөрвөн зүг, найман зовхисоос ирсэн зүсэн зүйлийн үндэстэн, ястан, хар, шар, цагаан арьстнууд талын монгол дайчин баатруудаас хятадууд хэрхэн сүнсээ зайлтал айж байсныг гэрчлэх миний өвөөгийн гутлыг шохоорхон сонирхож зургийг нь аппаратаа час часхийлгэн, тал талаас гэрэл анивчуулан авч байв.
“Хн, мөн тоогүй. Өвөг эцгийн махир сэлэм байсан болоосой. Тэрийг ташаандаа зүүчихсэн бол ч мөн догь оо” хэмээн бодож байтал шар арьстан нэг эрхэм “Та хаанаас ирсэн бэ? Таны энэ гутал хэддүгээр зууных вэ?” гэж орчуулагчаараа дамжуулан асуухад би “Би дэлхийн дайдад нэрээ ч, мөрөө ч мөнхөлсөн Чингис хааны удамт монгол хүн. Миний өвөг эцэг зуугаад жилийн өмнө энэ гутлаа өмсчихөөд шоргоолж шиг язганасан хятад цэргүүдийг тариа хадах шиг хяргаж, морин туурайгаар гишгэж, энэ урт Цагаан хэрмийг давуулж байсан гэдэг юм. Одоо би өвөг эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, урт Цагаан хэрэм дээр гишгэж байна. Би энд татуулсан зургаа томоор угаалгаад гоё жаазанд хийж, хоймортоо бурханчлан тахина” хэмээн омог бардам хэллээ. Миний “монгол” гэх омогшил өөрийн эрхгүй төрж, цөс хөөрөөд ирлээ.
“Морин дэл дээр дарцаглаж
Монголоо гэж цээжээ дэлдсэн
Би монгол эр хүн” гээд Цагаан хэрмийг доргитол дуулмаар омогшиж байна.
За миний хүү, хэзээ нэгэн цагт тэр хүртэл тэмцэж байлдаж явсан гутлын минь мөрийг Цагаан хэрэм дээр чи л гаргаж өвөг дээдсийнхээ өнийн захиасыг биелүүлэх болтугай хэмээн үлдээсэн гутал нь юм чинь. Өвгийн эрхэм захиасыг ийнхүү гүйцэлдүүлсэндээ насны хүсэл биелсэн мэт сэтгэл хангалуун, цээж бардам алхаж явлаа.
Хэдхэн хоноод бид нутгийн зүг жолоо заллаа. Бусад маань олз омогтой, надаас бусад нь арав арван “гахай” чирч, галт тэрэгний өрөө, суудал, ор, завсар заалхай, бүр нарийхан давчуу хонгилд хүртэл зүү орох зайгүй болтол бараа чихлээ. Тэр барааны ихэнх нь хятад шаахай, гутал гэдгийг би төвөггүй мэднэ. “Гаалийн шалгалт” гэх чимээнээр зүс таних нэг бүсгүй “Ах аа, та энэ арван шаахайг нуугаад өгөөч. Миний бараа хэмжээнээсээ хэтэрчихээд хураалгачих гээд байна” гэхэд би “Би хаанаа нуух юм, ямар амандаа үмхэлтэй биш” гэтэл “Таны монгол гутлын түрийнд багтана шүү дээ” гэлээ. “Очиж очиж өвгийнхөө гуталд хятад шаахай чихэж гутамшиглах дээрээ тулсан адгийн панзчин гэж намайг санажээ” хэмээн бодогдоод, миний ар нуруугаар зарганах шиг болж “Битгий галзуур, чи” хэмээн уурандаа багтарч ядан хэллээ. Хүүхэн айх гайхах зэрэгцэн дүрлийтэл харснаа эргэж одлоо. Миний амьсгаа түргэсч “Үгүй ер” гээд эргэн “Өнөө гутал минь байдаг л байгаа даа” хэмээн сэжиглэж, ачаагаа үзлээ. Гэтэл юу үзсэн гэж санана. Хэн нэг нь аль хэдий нь гутлыг минь түнтийтэл хятад шаахай чихчихсэн байлаа.
“Ээ, хөх тэнгэр минь. Марал илжигний туурай, маалинган шаахайн мөр халхын нутагт бүү гарга!” хэмээсэн дээдсийн зарлиг яалаа гэх үг тархин дундуур минь галтай ташуур шиг тас буух нь тэр ээ. Миний толгой дүйрч, чих шуугин, галт тэрэгний давчуухан тасалгаанд өөрийн эрхгүй суун туслаа…Ц.Түмэнбаяр http://tstumenbayar.blogspot.com
URL: