Цэцэрлэгийн тарах цагт өөрчлөлт орууллаа
Улаанбаатар хотод 1.2 сая гаруй иргэн амьдардгаас 70 хувь нь буюу 850 мянган гаруй иргэн хол, ойроос шалтгаалан нэгэн зэрэг өглөөний 07.00-08.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцдог байна. Энэ нь тухайн цагт нийслэлийн авто замын хөдөлгөөний ачааллыг ихэсгэж, түгжрэл үүсгэдэг тооцоог мэргэжлийн байгууллагууд гаргасан байдаг.
Нөгөөтэйгүүр төрийн байгууллага, их, дээд сургуулийн ихэнх нь хотын төв орчмоор байрладаг тул иргэдийн 30 хувь нь Бага тойруу, Их тойруугийн авто замын хөдөлгөөнд оролцож, тухайн хэсгийн хөдөлгөөн эрс удааширдаг байна. Тиймээс Улаанбаатар хотод цагийн хуваарьт өөрчлөлт оруулах эрхийг Засгийн газраас нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг олгосон.
Үүний дагуу “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамж гаргалаа.
Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, төрийн байгууллага, яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллага, бусад төсөвт байгууллагууд, нийслэлийн төр захиргааны байгууллага болон тэдгээрийн харьяа байгууллага, хэрэгжүүлэгч агентлагуудын ажил эхлэх цагийг 08 цаг 30 минут байхаар өөрчлөлт орууллаа.
Харин төрийн болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу найман цаг ажиллаж 17:30 цагт, цэцэрлэгүүд 18:00 цагт тарахаар өөрчиллөө. Цэцэрлэгийн багш нарын ажиллах илүү цагийг өдрийн амралтын цагт шилжүүлэхээр нийслэлийн Боловсролын газраас зохицуулалт хийхээр болжээ. Цагийн өөрчлөлтийг энэ сарын 16-наас эхлэн мөрдөнө.
эх сурвалж:Үнэн.мн
URL: