Д.Энхбат: “Эрдэнэс- Тавантолгой”-н лицензийг энэ долоо хоногт багтаан шилжүүлнэ
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хурал энэ сарын 19-нд хуралджээ. Хурлаар “Эрдэнэс-Тавантолгой”-н лиценз шилжүүлэх талаар хэлэлцсэн байна. Энэ талаар ТУЗ-ийн гишүүн Д.Энхбаттай ярилцлаа.
-Хурлаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-”Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хурлаар лиценз шилжүүлэх, үйлдвэрлэлийг өргөтгөх тоног төхөөрөмж худалдаж авах хөрөнгийг баталсан. “Тавантолгой”-н баруун, зүүн Цанхи ашигт малтмалын хайгуул олборлолт хийх таван лицензтэй. Эдгээр лицензийг шилжүүлэх талаар ярьсан. Лиценз шилжүүлэх ажил энэ долоо хоногт шилжинэ. Үүний дараа экспортлох ажил эхэлнэ.
-”Эрдэнэс MGL”-д байгаа таван лиценз бүгд шилжих үү. Зөвхөн нэг нь л “Эрдэнэс-Тавантолгой”-д шилжих үү?
-Одоогоор нэг лиценз нь “Эрдэнэс-Тавантолгой”-д шилжинэ. Үйлдвэрлэл эхлээд хөрс хуулалт дууссан. Тус компанийн ажиллаж байгаа хэсэгт ТЭЗҮ хийгдэж нөөц тогтоогдсон тул нүүрсээ экспортлох ёстой. Лиценз шилжиж ирэх л хүлээгдэж байна. Таван лицензийг шууд шилжүүлж болохгүй. Бүгдийг шилжүүлэхийн тулд баруун, зүүн Цанхийн хайгуулийн ажлыг бүрэн дуусгаж нөөцөө тогтоож, улмаар олборлох технологио тодорхой болгосны дараа шилжүүлнэ. Гэхдээ УИХ-аас бүх лицензийг шилжүүлэх тогтоол гарсан. Харин Засгийн газар хайгуулын ажлыг дуусгаж, нөөцийг нарийн тогтоож, хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсний дараа шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
-”Тавантолгой”-н баруун Цанхид хөрөнгө оруулах гурван консорциумыг эцсийн байдлаар баталж УИХ-д өргөн барихад бэлэн болсон уу?
-Засгийн газрын ажлын хэсэг эцэслэн шийдвэрлэнэ. Бидэнд өгсөн мэдээллээр тун удахгүй эцэслэн шийдвэрлэнэ. Цаашид хөрөнгө оруулагч оператор компаниудыг хурдан ажилд нь оруулж дэд бүтцийн асуудлыг нэн даруй эхлүүлэх талаар ярьсан. Уул уурхайн нүүрс тээвэрлэлтийг яаралтай эхлүүлэх тухай яригдаж “Эрдэнэс-Тавантолгой”-н уул уурхай хариуцсан даргад үүрэг өгсөн. Нэмэлт тоног төхөөрөмж авахыг зөвшөөрсөн. Одоогоор хөрс хуулалт дуусч экспортлоход бэлэн болсон. Нийтдээ нэг сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй. Одоогоор 250 мянган тонн нүүрс нөөцөлсөн байна. Нүүрсээ хурдан экспортлох шаардлагатай байна. Аль болох хурдан гаргаж олон улсын хөрөнгийн биржид IPO хийнэ. Хэд хэдэн хөрөнгийн биржид зэрэг гаргах талаар яригдсан. Ирэх оны эхээр IPO хийх бүрэн боломжтой.
-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг өргөтгөх үү?
-Уул уурхайн машин тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж 25 тэрбум төгрөг баталсан. Нүүрс тээвэрлэх машин гэх мэт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг авна.
-”Эрдэнэс-Тавантолгой”-н хөрөнгө оруулагчийг тодруулж батлахад УИХ-ын ээлжилт бус чуулган хуралдуулна гэсэн мэдээлэл байна. ТУЗ-ын хурал үүнтэй холбогдож болсон уу?
-Энэ талаар яригдаагүй.
Ц.Мягмарбаяр
URL: