Чингэлтэй дүүргийн Засаг даргын шийдвэр ганцхан сарын хүчинтэй юу?
Зэст Хөлөг” ХХК 2010 онд Чингэлтэй дүүргийн XII хорооны “Булгийн 20” гэдэг газрын 526 ам метр газарт 100-150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барихаар гэр хорооллын айлуудын дундах хоосон жалгыг сонгожээ. Барилга барих зөвшөөрөл авахаар дүүргийн газрын албанд хандаж, хүсэлтээ гаргасан байна. Тэгээд хашаа барих зөвшөөрөл өгсний дараа жалгандаа 200 гаруй машин шороо асгаж тэгшлээд хашаа хатгажээ. Хашаагаа хулгайд алдаад байсан учраас манаач буулгасан байна. Гэтэл цахилгаан татаагүй учир удаан ажиллахгүй орхиод нүүчих зэрэг бэрхшээл багагүй гарчээ. Ийм байдлаар дөрвөн жилийн хугацаанд газраа эргэж тойрон, хэд дахин хашаа барьж, алдсаар 2014 оны арваннэгдүгээр сарын 20-нд зөвшөөрөл олгохоор болжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбат, Газрын албаны дарга М.Алтансүх нар “Зэст Хөлөг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Анхцэцэгийг хүлээн авч уулзаад нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр хороололд цэцэрлэг барих гэж буйд талархаж, баяр хүргээд зөвшөөрлийг нь өгөхөөр болсноо дуулгасан байна. Ингээд дүрэм, журмынхаа дагуу тус цэцэрлэгийн барилгыг Чингэлтэй дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгажээ.
Гэхдээ хорооны Засаг даргын хүсэлтээр гэсэн тодотголтой оруулсан байна. Учир нь “Зэст Хөлөг” ХХК 2013 оны наймдугаар сарын 11-нд Чингэлтэй дүүргийн XII хороонд 800 орчим хүн цуглуулж хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлгийн үеэр цэцэрлэг барихыг олонх нь дэмжиж, гарын үсэг зурсан байна.
Учир нь XII хороо цэцэрлэгийн насны 1400 хүүхэдтэй боловч дөнгөж 250 нь цэцэрлэгт хамрагддаг аж. Бага дунд сургууль, цэцэрлэг барихаар 2013 оны төсөвт нь суусан хэр нь одоо болтол суурь ч тавигдаагүй байгаа гэх. Хэрэв баригдлаа гэхэд 150 хүүхэд орно. Үлдсэн 1000 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс “Зэст Хөлөг” ХХК нийгмийн үүргээ ухамсарлаж, хэдийгээр хувийн цэцэрлэг боловч төр засаг, дүүргээс дэмжлэг өгвөл нэг айлын хүүхдийг өнөөгийн зах зээлийн ханшаас 5-10 дахин хямд төлбөртэйгөөр хүлээн авахаар бэлдэж байжээ.
Ингээд 2014 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын А/429 захирамжаар XII хорооны нутаг дэвсгэрт байрлах 526 мкв газрыг цэцэрлэгийн зориулалтаар таван жилийн гэрээтэй эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Шийдвэр гарсны дараа газар эзэмшлийн төлбөр болох нэг сая дөрвөн зуун мянган төгрөгийг “Зэст Хөлөг” ХХК төлсөн байна. Ийнхүү зөвшөөрлөө авсан компанийнхан урь орохыг хүлээнгээ барилгын зураг төслөө батлуулах, хөрөнгө мөнгө босгох зэргээр ажлаа эхлүүлээд явж байж.
Гэтэл 2015 оны эхээр Чингэлтэй дүүргийн Газрын албанаас утасдаж Засаг даргын захирамж хүчингүй болж, газрыг буцааж авахаар болсныг мэдэгджээ. Жалгыг тэгшилж янзлан, дөрвөн жилийн турш тордож, хадгалж хамгаалан, бичиг баримтыг нь зохих журмаар хөөцөлдөж авсан байтал Засаг дарга өрхийн эмнэлэг барих нэрээр ийн булаахаар болсонд тус компанийнхан гомдолтой байгаа аж.
Уг нь Засаг дарга дүүрэгтээ бүтээн байгуулалт хийхийн тулд эхлээд газраа олчихоод, дараа нь зураг төлөвлөгөөгөө гаргаж, олон нийтийн дэмжлэгийг авч байж хөрөнгө оруулалтаа шийддэг байлтай. Гэтэл Чингэлтэй дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ХII хороонд өрхийн эмнэлэг барихаар огт тусгаагүй байж. Тэгээд 2015 оны төсвөөс 300 сая, тодотголоор 500 сая төгрөг авангуутаа сарын өмнө зөвшөөрөл олгосон “Зэст Хөлөг” ХХК-ийн бэлэн газрыг авахын тулд захирамжаа хүчингүй болгосон нь энэ.
Үүнийгээ Газрын албаны гэрээний “Сургууль цэцэрлэг барих зориулалтаар газар чөлөөлөхөд тус дүүргийн хэмжээнд шинээр барилга барих газрын нөөц байхгүй тул иргэдийн өмчилсөн газрыг нөхөн олгох замаар эргүүлэн авч хамтран ажиллана” гэсэн заалтаар тайлбарлаж сууна. Гэхдээ “Зэст Хөлөг” ХХК-тай энэ талаар ярилцаж зөвшилцөөгүй аж. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээрээс дуртай газраа авч болно гээд хоёр газар зааж өгсний нэг нь үерийн ус хуримтлагддаг жалга, нөгөө нь айлуудын хашааг таглахаар газар байж.
Ийм ацан шалаанд орсон компанийнхан эхэлсэн ажлаа орхиё гэхээр 2010 оноос хойш хөөцөлдөж, газраа засч бэлдсэн, хэлэлцүүлэг хийсэн, хашаа барьсан гээд урсгал зардлын 200 орчим сая төгрөгийг хэн төлөх вэ гэсэн асуулт хариу нэхнэ.
“Зэст Хөлөг” ХХК-ийн барих 100-150 хүүхдийн багтаамжтай гурван давхар цэцэрлэгийн барилгад 850 сая төгрөг төсөвлөж, тодорхой хэмжээг нь компани гаргаад үлдсэнийг нь төслийн зээлээр санхүүжүүлэхээр Боловсролын яам, Улаанбаатар банкинд хандаад шийдэгдэж байсан гэнэ. Ийнхүү газрыг нь булаагаагүй бол цэцэрлэг энэ есдүгээр сарын 1-нд хүүхдүүдээ хүлээж авахаар төлөвлөсөн байжээ.
Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Б.Мөнхбат “Боловсролын салбарыг дэмжинэ. Чингэлтэй дүүрэг 12 мянган хүүхэдтэй, эднээс 3000 хүүхэд л цэцэрлэгт хамрагдаагүй байна” гэж хэвлэлээр ярьж байсан нь саяхан. Гэтэл зөвхөн XII хороонд цэцэрлэггүй байгаа 1000 хүүхдийн 100-г нь ч болов тохь тухтай сайхан цэцэрлэгт хүмүүжих боломжийг нь үгүй хийж байгаа нь харамсалтай.
Ер нь жишиг өрхийн эмнэлгүүд хороотойгоо хамт байрладаг болсон. Гэтэл ХII хороонд өрхийн эмнэлэг бий. Дахин өрхийн эмнэлэг барихаас илүүтэй цэцэрлэг эрэлттэй байгааг иргэд нь ярьж байв. Иргэдийн санаачилсан, олонхийн дэмжлэг авсан ажлыг дэмжихийн оронд өөрсдийнхөө санааг тулгаж хүчээр ажиллаж буй Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд гаргасан шийдвэрээ эргэн харж зөв шийдвэр гаргана гэдэгт “Зэст Хөлөг” ХХК-ийнхан итгэж байгаа гэв.
Хэдийгээр энэ компани барилга, зам, худалдаа гээд олон салбарт ажилладаг ч нийгмийн сайн сайхны төлөө, ашгийн бус цэцэрлэг барьж, гэр хорооллын 100 хүүхдийг ч болов эрүүл, аюулгүй орчинд өсч хүмүүжээсэй гэсэндээ ийм ажил эхлүүлсэн гэж байв. Ийм сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс олон байж, бусад компаниудад үлгэрлэж чадна. Төр засгаас хүүхэд бүрийг хамрах цэцэрлэг барьж чадахгүй байгаа энэ цаг үед компани бүр дэргэдээ ажилчдынхаа хүүхдүүдийг төдийгүй тухайн хороо дүүргийнхээ иргэдийн хүүхдүүдийг хамруулах цэцэрлэг бариад өгвөл олон аав ээжийн магнай тэнийж, олон гэр бүлийн ачаанаас хөнгөлнө дөө.
Чингэлтэй дүүргийн газрын албаны байцаагч М.Базарсүрэнгээс энэ талаар тодруулахад “Засаг дарга бүрэн эрхийнхээ хэмжээнд захирамж гаргаж, тэр захирамжийнхаа хүрээнд тухайн газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон. Би шийдвэр гаргадаг хүн биш учраас ямар шалтгаанаар газрын зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэхгүй” гэв. Харин Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдтой холбогдоход “Энэ ажлыг хариуцаж байгаа Б.Мөнхбатаас тодруул” гэлээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбат:
ГАЗРЫН АЛБАНЫХАН ДУТУУ АЖИЛЛАСАН
-Ямар шалтгаанаар “Зэст Хөлөг” ХХК-ийн цэцэрлэг барихаар олгосон газрын шийдвэрийг хүчингүй болгосон юм бэ?
-Бид энэ газарт Эрүүл мэндийн төв барихаар төлөвлөсөн. Удахгүй гуравдугаар сараас ажлаа эхлэх гэж байна.
-2014 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр Засаг даргын захирамжаар энэ компанид тухайн газрыг эзэмшүүлсэн юм биш үү?
-Иргэнд газар эзэмшүүлэх тодорхой дүрэм журам байдаг. Сонгон шалгаруулалтаар олгох ёстой газрыг энэ компанид өгсөн байна лээ. Газрын албаныхны буруу үйл ажиллагаа, дутуу материалд үндэслэн шийдвэр гаргасан тул цуцалсан.
-Энэ газрыг тус компани 2010 оноос эхлэн арчилж тордон, шороо асган жалгыг тэгшилж, хашаа барин, харуул буулгаж байсан гэсэн. Та нар цэцэрлэг барихаар бэлдсэн газрыг нь булаасан юм биш үү?
-Худлаа. Ямар ч харуул, хашаа байхгүй. Одоо ч жалга л байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хахууль аваад дээрэмдсэн байж болзошгүй тул АТГ шалгаж иргэдээ гомдолгүй болгох хэрэгтэй. Хийж бүтээж байгаа иргэдийнхээ урмыг хугалсан дээрэмчин шийд гаргасан байна аа. Өглөө болоход л шийдвэр нь өөр өөр болоод байдаг . Эрүүл засаг дарга мөн үү. Цэцэрлэг бариулах хэрэгтэй.
засаг даргын эрх мэдэл нь цэцэрлэгийг эмнэлэгээр сольж өөрлөхөд л байдаг юм уу. Бат-Үүлээ шийдвэрийг нь хянаж үзээч
яг ийм ажлаа мэддэггүй хариуцлагагүйчүүдээс болж маш олон бүтээлч жирийн иргэд ХОХИРЧ байдаг, Хүүлийнхан шалгах хэрэгтэй. Захиргааны хэргийн шүүхээр шийдүүл. Шүүх засаг даргын шийдийг буруу гэж үзвэл ажлаа хийж чаддаггүй дарга зайлах хэрэгтэй.