Монголчууд хоёр тэрбум ам.доллар гадагшаа урсгалаа
Энэ оны эхний зургаан сард Монголчууд 1,9 тэрбум ам.долларын экспорт хийжээ. Гэсэн ч 2.7 тэрбум ам.долларын импорт хийсэн нь гадаад худалдааны алдагдлыг 800 шахам сая ам.долларт хүргэж байгаа юм.
Манай экспортын 98 хувь нь валютын төлбөртэй бараа байсан байна. Монголчууд гадаадын 114 оронтой наймаа хийсэн байх юм. Экспортын барааны 90 хувийг БНХАУ-д гаргаж арав хүрэхгүй хувь нь бусад оронд нь ногдож байна. Экспортод хамгийн их гаргасан бараа нь эрдэс бүтээгдэхүүн ба энэ нь 1.7 тэрбум ам.доллартэй тэнцэнэ. Харин түүний араас нэхмэл болон энэ төрлийн бүтээгдэхүүн орж байна. Энэ нь 146 сая ам.доллартай тэнцэж байгааг Гадаад худалдааны гаалийн статистикийн мэдээнд дурдагдлаа.
Экспортолсон барааны бүтцийг сонирхвол үхрийн хөлдүү мах нэг мянган тонн. Үүний ихэнхийг нь хойд хөрш рүү гаргасан бол хоёр мянган тонн малын ясыг урд хөрш рүү гээ гаргалаа. Харин үр тарианы хаягдал хоёр мянган тонныг Хятад руу гаргажээ. 41 сая ам.доллараар 200-гаад мянган тонн жонш гаргасны ихэнхийг нь мөн л хоёр хөрш рүүгээ гаргасан байна. 284 мянган тонн зэсийн баяжмалыг таван зуун сая ам.доллараар, долоон сая тонн нүүрсийг 700 мянган ам.доллараар, нэг сая баррель боловсруулаагүй нефтийг 100 сая ам.доллараар хятад руу гаргаж 33 сая дицеметр үхэр, адууны боловсруулсан ширийг дөрвөн сая ам.доллараар экспортолсны ихэнхийг нь Итали улсад гаргасан байна.
Мөн 1300 тэмээний ноосон хөнжлийг 60 мянган ам.доллараар гаргасны ихэнх нь Орос руу урсжээ. Түүнээс гадна 1.6 тонн алтыг 65 сая ам.доллараар Канад, Солонгос, Швейцарь, улсуудад гаргасан байна. Дээрх тоонуудаас харахад хэрэв эрдэс бүтээгдэхүүнээ боловсруулж гаргасан бол гадаад худалдаа алдагдалгүйгээр барахгүй ашигтай байх боломжтой байсан юм.
Б.Энхжаргал
Эх сурвалж : “Нийслэл таймс”
URL: