1072 хувьцаа амилах цагаар
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцаа олны анхаарлын төвд байна. Учир нь өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гаригт болсон Монголын хөрөнгийн биржийн нээлттэй өдөрлөгт цугларсан хүмүүсийн дийлэнх нь “Эх орны хишиг” 1072 хувьцааны талаар сонирхож байв. Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвөөс хувьцаагаа нэрийн дансандаа байгаа эсэхийг шалгуулахыг хүссэн иргэд мэдээллээ авч чадалгүй хоосон хана мөргөөд буцах энүүхэнд. Өөрөөр хэлбэл, монгол хүн бүр хувьцаа эзэмшигч болсон, дансанд нь байршсан гэх Засгийн газрын мэдээлэл бодит байдалд ийн замхарчээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь “1072 хувьцаа иргэдийн нэрийн дансанд бий. Үнэн хэрэгтээ хувьцааны үнэлгээ болон бүртгэл, албажуулах ажлыг гүйцэтгэж амжаагүй байна” гэж хэлж байсан юм. Харин албажуулахын тулд хэр их хугацаа хэрэгтэй болохыг хэн ч хэлсэнгүй. Учир нь 2010 онд Улсын Их Хурал 39 дүгээр тогтоолоор хувьцаа эзэмших эрхийг баталгаажуулсан. 2012 онд нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 933 төгрөг байхаар Засгийн газраас тогтоол гарч байлаа. Харамсалтай нь өдийг хүртэл албажаагүй хувьцааны хувь заяа хүмүүст хүлээлт үүсгэсэн нь энэ.
Үнэн хэрэгтээ “Тавантолгой” төсөл тав дахь жилдээ явж байгаа уралдаант шалгаруулалт. Энэ хугацаанд монголчууд төмөр замын талаар хангалттай улстөржсөн хэмээн Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлсэн юм. Хэрэв ард түмэн хувьцаагаа авах гэж буй бол уг төслийг урагш нь явуулах хэрэгтэйг ч сануулсан. Албажаагүй агаарын тоог хүмүүсийн тархинд байгаа мэтээр бат суулгаж чадсан. Гэвч энэхүү хоосон тоог “Эрдэнэс тавантолгой”-н хувь заяа эерэгээр шийдэгдвэл хонгилын үзүүрт гэрэл гийх нь тэр гэдэг тархи угаалтаар үргэлжлүүлсээр байна. Түүгээр ч үл барам хувьцааныхаа үнийг дахиж харах шаардлага зайлшгүй гарч байгааг албаны хүн дуулгаж байлаа. Яагаад гэвэл 2012 оны сонгуулиас өмнө нэгж хувьцааг 933 төгрөгөөр тогтсон нь улстөржсөн үнэ гэж харж буй аж. Ийнхүү горьдлого тээсэн хүмүүс 1072 хувьцааны хувь заяа хэрхэхийг харж сууна. Харин уг төслийн багийнхны хөтөлдөг вэб хуудаст “Тавантолгойн хэлэлцээр харьцангуй гайгүй яваа. Улстөрчид нь өөр хоорондоо хардаж сэрдэж, улс төрийн хэрүүлд татаж оруулаад энэ төслөө хагалаад хаячихгүй бол явах учиртай” хэмээн М.Энхсайханы хэлсэн үг тэмдэглээстэй байх юм. Тэгэхээр уг төслийн хувь заяа улстөрчдөөс шалтгаалах нь. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийн 20 хувийг ард түмэн хувьцаа хэлбэрээр эзэмшиж буй гэх боловч УИХ-ын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш уг хувьцааг амилуулахад хэцүү хэмээн Монгол Улсын сайд хэлжээ. Гэхдээ хэлэлцээр сайн явбал 1072 хувьцааг амилуулах санхүүгийн бололцоо бүрдэнэ хэмээн тэрээр онцолсон байна.
Үнэндээ бид гартаа модгүй хөзрөөр тоглосоор буйгаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Магадгүй ирэх жилийн сонгуулиас өмнө “Түз” атгачих болов уу гэх найдлага тээсээр байгаа гэхэд ч хилсдэхгүй биз. Тиймээс тодорхойгүй хувь заяаг хааш нь эргүүлэхийг шинэ хөрөнгө оруулагчдын хэлэлцээрийн шийдвэр тодорхойлох болж байна. Магадгүй хэний ч халаасанд байхгүй хувьцааг илбийн юм шиг гаргаад ирэх ч юм бил үү. Харж л байя.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
сбө
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮